| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0245/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/248 |
| Огноо | 2020-07-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч Л.Энхтайван,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийнг 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бгийн Бид холбогдох эрүүгийн 2025001200224 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б нь 2019 оны 03 дугаар сар, 2019 оны 04 дүгээр сард Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт А.Зыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэх болон хүч хэрэглэхээр заналхийлсэн,
2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт А.Зын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б нь 2019 оны 03 дугаар сар, 2019 оны 04 дүгээр сард Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт А.Зыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэх болон хүч хэрэглэхээр заналхийлсэн,
2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт А.Зын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2025001200224 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч А.Зын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2018 оны 12 сарын 20-ны өдрөөс эхлэн Б гэж залуутай үерхэж эхэлсэн. Б нь надтай үерхэж эхлээд 3 сарын дараа анх надад гар хүрсэн. Энэ асуудал нь 2019 оны 03 дугаар сарын дундуур Б гэж найзынд байхад хардаж, улмаар орцонд нь гаргаж хана руу түлхэж, амьсгал авч чадахгүй болтол тэвэрсэн үүнээс болж би хэсэг хугацаанд ухаан балартсан. Өөрөөр бол надад гар хүрээгүй. Үүний дараа 2019 оны 04 дүгээр сард бас л хардалтаас болж амиа хорлоно гэж сүрдүүлсэн. Ингээд Б нь 2019 оны 05 сараар 08 сарыг хүртэлх хугацаанд АНУ-д байж байгаад ирсэн. Ирснийхээ дараа эмээгийнд байхад надтай бэлгийн харьцаанд орох гэж оролдсон. Тухайн үед би эмэгтэйчүүдийн хагалгаанд орсон байсан учраас бэлгийн харьцаанд орохгүй гэж дургүйцээд болиулсан. Энэ үед бол надад гар хүрээгүй, зодож цохиогүй. Сүүлд 2020 оны 01 дүгээр сард Б хоёулаа Хөвсгөл явъя гэхэд нь би эхэндээ зөвшөөрсөн. Тэр үед Б хотод байсан бөгөөд над руу сонин, сонин / гэрийг чинь шатаана, чам руу эзгүй тоосго нүүлгэнэ гэх мэт/ мессэж бичээд байхаар нь би энд ирсэн хойно нь Хөвсгөл явахгүй гэдгээ хэлтэл явна гэж хэлсээр байгаад 01 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймаг руу авч явсан. Тэнд очоод бид хоёр эхний өдөр буудалд хоносон. Маргаашнаас нь түрээсийн байранд орсон. Тэр үед би гэр рүүгээ харимаар санагдаад байхаар нь шөнө түүнийг унтаж байх хойгуур нь хувцасаа өмсөөд гарах гэж байгаад баригдчихсан. Тэгтэл Б хэлэлгүйгээр явлаа гэж уурласандаа намайг ор руу түлхэж, хоолой боосон. Тэгснээ хутга авчирч хоолойнд тулгаж чамайг энд алаад хар уутанд хийгээд хогийн пункер рүү хийчихсэн байхад Монголын цагдаа намайг олохгүй гэж хэлсэн. Тэр үед би айсандаа за за тайвшир, би явахгүй гэж хэлээд тайтгаруулсан. Түрээсийн байранд бид хоёр 7 хоносон. Дээрхи 7 хоногийн хугацаанд би гэрлүүгээ явлаа гэж хэлэх болгонд алгадах, хоолой боох зэрэг үйлдэл гаргадаг байсан. Б миний Фэйсбүүк-ийн нууц кодыг сольчихсон байсан болохоор би Бид дүүгээ өвдөөд байна гэж шөнө зүүдэллээ, дүүгийнхээ зургийг харъя гэж хэлж байгаад шинэ Фэйсбүүк нээж, хотод байгаа нэг хамаатныхаа хүн рүү Хөвсгөл аймагт байгаа гэдгээ хэлсэн. Мөн би Бид дүү маань өвчтэй байгаа юм байна гэдгийг хэлтэл намайг гэрлүүгээ явахыг зөвшөөрсөн. Өмнө нь би гэрлүүгээ явъя гэхэд хүзүү чинь улайчихсан байхад яваад хэрэггүй гэдэг байсан. Одоо Бтой ямар ч холбоогүй байгаа. Хөвсгөл аймагт очоод 7-8 хонож байхад Эрдэнэтээс аав маань цагдаа нартай хамт ирсэн.” Гэх мэдүүлэг/хх-н 36-37 хуудас/
Гэрч Р.Пын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Миний охин 2018 оны 12 сараас эхлэн Б гэх залуутай үерхэж эхэлсэн. Б нь манай охинтой үерхэж байхдаа удаа, дараа хамт сурдаг найз нөхөдтэй нь хардаж, дарамталж, хэл амаар доромжилдог байсан. Бас гарч хүрч зоддог байсныг нь сүүлд мэдсэн. Манай охиныг Б олон удаа айлган сүрдүүлж, салвал амиа хорлоно эсвэл манай охиныг ална, гэр бүлийнхэнтэй чинь бензин асгаад шатаана, алчихсан байхад Монголын цагдаа намайг гэдгийг яаж мэдэхийн, угаасаа алчихад ямар ч цагдаа мэдэхгүй гэж хэлж байсан гэсэн. Мөн охиныг минь өндгөвчний хагалгаанд ороод оёдол нь эдгээгээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд орох гэж оролдсон байсан. 2020 оны 01 сарын 28-ны өдөр охиныг минь сургууль дээрээс нь аваад Хөвсгөл аймаг руу хүчээр аваад явчихсан байсан. Мөн охиныг минь авч явахаасаа өмнө дансаа хаа, дугаараа хаалга, эсхүл сим картаа хугалж хая гэх мэтээр хэлж байсныг нь охиноосоо сонссон. Мөн Хөвсгөлд байхдаа хуурамч фэйсбүүк хаяг нээн өөрийгөө гадаад улсад байгаа мэтээр хуурамчаар бусадтай чат бичсэнийг олж мэдсэн ...” гэсэн мэдүүлэг/хх-н 38-39 хуудас/
Насанд хүрээгүй гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сард гэж санаж байна. А.З манай гэрт ирсэн. А.З эгч Б гадаа ирчихсэн байгаа оруулчих уу гэсээр байгаад оруулсан. Гэрт хөгжим сонсож байтал Б А.Зыг чи дуу сонсдоггүй биз дээ гэж хэлээд хоорондоо маргалдсан. Тэгтэл Б хоёулаа гаръя гадаа гарч маргалдъяа гээд орц руу аваад гарсан. Б цохиж чадахгүй хэрнээ хан руу цохиод байсан. Тэгтэл А.З эгч уйлтал түүнийг Б тэвэрээд авсан чинь ухаан алдаад унасан. Гэрт оруулж хэвтүүлээд ухаан орсон. Хэсэг хугацааны дараа тэр хоёр орц руу гарсан бөгөөд хоорондоо дахиад маргалдаад эхэлсэн. Тэгж байгаад эргэж гэрт орж ирж гал тогооны өрөөний орчим юм ярьж байснаа Б гал тогооны орчимоос хутга аваад А.З эгчийн дагз руу тулгаад байсан, тэгэхээр нь би уйлаад нөгөө өрөөрүүгээ орсон ...” гэсэн мэдүүлэг /хх-н 48 хуудас/
Насанд хүрээгүй гэрч У.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Тэр өдөр би Улаанбаатар хот руу тэмцээнд явах гээд Бгийн эгчийнд очтол гаднаас Золоо, Бямбаа хоёр орж ирсэн, гэтэл Б эгч наад хоёр чинь маргалдсан байгаа гэж хэлсэн. Тэр хоёр юунаас болж маргалдаад байгаа нь мэдэгдэхгүй биенээ тэврээд зогсож байсан. Нэг харсан чинь Б нөгөө хоёрлуу болиоч гээд орилоод байсан. Тэгэхээр нь тэр хоёрлуу хартал Бямбаа Золоо эгчийн нуруу хэсэг рүү хутга тулгаад зогсож байсан, тэгээд Б айгаад нөгөө өрөөлүүгээ орчихсон юм. Тэгээд би Бг тайвшруулаад байж байтал хутга газар унах чимээ гарсан бөгөөд тэр хоёр гараад явсан ...” гэсэн мэдүүлэг /хх-н 49 хуудас/,
Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Намайг Улаанбаатар хотод байх хугацаанд манай найз охин над руу байнгын утсаар яриад чи намайг хэзээ ирж авах юм. Чи өөр охинтой болсон юм уу гэх зэргээр харддаг. Мөн гэртээ байх хэцүү байна гэхээр нь би Орхон аймаг руу А.Зыг аваад явсан...Тухайн үед бид хоёр муудалцахын хувьд муудалцаж байсан. Тэрнээс биш би А.Зыг зодсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 83-р хуудас/
Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 193 дугаартай: А.Зын биед тархи доргилт, зүүн гарын шуунд цус хуралт үүсчээ. Шинэ гэмтлүүд ба мохоо зүйлийн нэг ба түүнээс
олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тархи доргилт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 54-р тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/
Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-р тал/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-34-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-62-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б нь 2019 оны 03 дугаар сар, 2019 оны 04 дүгээр сард Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт хохирогч А.Зыг хардаж, тодорхой үйлдэл хийхгүй байхгүй шаардаж сүрдүүлсэн, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт хохирогч А.Зыг гэртээ харихгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэн сүрдүүлсэн,
2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт А.Зыг заналхийлэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Энэ үйлдэл нь Хохирогч А.Зын мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал, гэрч Р.Пын мэдүүлэг /хх-ийн 38-38-р тал/, насанд хүрээгүй гэрч С.Бын мэдүүлэг /хх-ийн 48-р тал/, насанд хүрээгүй гэрч У.Сийн мэдүүлэг /хх-ийн 48-р тал/, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 193 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож байна.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгч нарын дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн
байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан, мөн хохирогчийг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, заналхийлсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Б, А.З нарын хувийн таарамжгүй харилцаа, нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал, шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар заналхийлэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялд нь нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт торгох ялыг нэг мянга нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял
шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-р тал/-аар тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Б нь хохирогч А.Зын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хохирлыг төлсөн тухай хохирогч А.Зын хүсэлт /хх-ийн 109/ хэрэгт авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн хувийн байдал, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан нэг мянга нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн 2025001200224 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2,5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Шүүгдэгч Х овогт Бгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торнох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялд нь нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт торгох ялыг нэг мянга нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид оногдуулсан нэг мянга нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2025001200224 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР