Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 090

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багт оршин суух, Жантекей базархул овогт Тажибайн Альягийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн агуулга: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сангийн аж ахуйн 2 дугаар фермд 1981 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Т.Алья шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сангийн аж ахуйн 2 дугаар фермд 1981 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл малчнаар ажилласан. Ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй боловч хөдөлмөрийн дэвтэрт тусгагдсан байна. Иймд нийгмийн даатгалын байгууллагаас ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний 1981 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Т.Алья нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сангийн аж ахуйд 1981 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Т.Алья нь 1981 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Баяннуур сумын Сангийн аж ахуйн 2 дугаар фермд малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 96 дугаартай архивын лавлагаан (1.Баяннуур сумын Сангийн аж ахуйн даргын 1981 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 107 дугаар тушаалаар Т.Альяг илгээлтээр малчнаар авч ажиллуулсан байна. Ф№65, хн;01, хн;16 2.Мөн даргын 1992 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаар тушаалын хавсралтад Т.Альяг малчны үүрэгт ажлаас нь чөлөөлж, Алтан жулдыз компани мэдэлд шилжүүлсэн байна), тус Сангийн аж ахуйгаас Т.Альяд 1986 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, хамт ажиллаж байсан Ж.Ризахан, К.Марзия, Д.Күлихан нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, хүсэлт гаргагч Т.Альягийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтууд болно.

Иймд Т.Алья нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сангийн аж ахуйд 1981 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Т.Альяд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т.Алья нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сангийн аж ахуйн 2 дугаар фермд 1981 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Т.Альягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК