Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2016/00696/И |
Дугаар | 130/ШШ2017/00091 |
Огноо | 2017-02-03 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 130/ШШ2017/00091
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар багт оршин суух, Ж овогт Б гийн Б н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дүгээр багт байршилтай, Эй ХК-нд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Эй ХК-ны захиргааны конторын манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг шаарджээ.
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн Б.Б би Баян-Өлгий аймгийн Эй ХК-ны захирлын 2013 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар тушаалаар тус компани сахиулын үүрэгт ажилд томилогдсон юм. Үүнээс хойш эдүүгээ 3 дахь жилдээ сахиул, манаачийн ажлыг хийж байсан юм. Б.Б би тус байгууллагад ажиллаж байхад хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Гэтэл ажил олгогч болох Эй ХК-ны захирал М.Т ажилтан Б.Б надад огт мэдэгдэлгүйгээр 2016 оны 10 дугаар сарын 06-ний өдөр 14 дүгээр тушаалаар намайг Биеийн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр тус компанийн захиргааны конторын манаачийн үүрэгт ажлаас гэнэт чөлөөлсөн явдалд гомдолтой байна.
Гомдол гаргагч Б.Б би Эй ХК-ны гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 14 дүгээр тушаалыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна.
1. Б.Б би одоо 54 настай бөгөөд биеийн эрүүл мэндэд ямар нэгэн өвчингүй, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгоогүй хүн юм. Иймд намайг биеийн эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаас чөлөөлсөн асуудал үндэслэлгүй гэж үзэж байна.
Намайг ямар нэг өвчтэй учраас манаачийн үүргийг гүйцэтгэхэд саад болох тухай эмнэлгийн байгууллагаас шийдвэр гараагүй байна.
2. Ажил олгогч Б.Б намайг манаачийн ажлаас чөлөөлөхөд урьдчилан мэдэгдээгүй, ямар нэгэн мэдэгдэх хуудас өгөөгүй, өвлийн улирал дөхөж байгаа үед гэнэт ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна.
Иймд Баян-Өлгий аймгийн Эй ХК-ны захирлын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 14 дүгээр тушаалыг хүчингүй болгон тус компани захиргааны конторын манаачийн ажилд эгүүлэн томилж өгнө үү. Харин ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг жич нэхэмжлэх болно. Би ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн явдалд туйлын их гомдолтой байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Намайг ажлаас гаргасан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл Надад урьдчилан мэдэгдэлгүйгээр шууд ажлаас халсан. Би Казахстан улсаас нүүж ирсэн ядуу, 5 хүүхэдтэй хүн. Шүүхээс хүсэхэд Эй ХК-ны захиргааны канторын манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Эй ХК-ны гүйцэтгэх захирал М.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Б.Бгаас танай шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдолтой танилцлаа. Түүний гаргасан гомдол нь үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь: 1.Б.Бг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг баримталсан. Учир нь Б.Б биеийн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Нэгэнт Б.Б нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан учир түүнийг ажлаас чөлөөлөөд компани хөдөлмөрийн дотоод журмын 3-6 дахь хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон.
Өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж ажлаас чөлөөлөгдөөд нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, амралтын олговрыг авсны дараа үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн мэтээр гомдол гаргасныг ойлгохгүй байна. Миний хувьд зохих хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрээ гаргасан учир ямар нэгэн буруу байхгүй гэж үзэж байна.
2. Б.Б гомдолдоо хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгоогүй, манаачийн үүрэг гүйцэтгэхэд саад болох тухай эмнэлгийн байгууллагаас шийдвэр гараагүй гэсэн байна. Түүний энэ үндэслэл нь гаргасан тушаалтай ямар ч холбоогүй зүйл юм.
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгох, манаачийн үүрэг гүйцэтгэхэд саад болох тухай эмнэлгийн байгууллагаас шийдвэр гаргуулах нь түүнтэй байгуулсан гэрээг ажил олгогчийн санаачилгаар ажилтан эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил. албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр чөлөөлсөн тохиолдолд яригдах ёстой. Би Б.Бг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээ цуцлах санаачлагыг өөрөө гаргаагүй, түүнийг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй.
З. Б.Бг ажлаас чөлөөлөхдөө ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлаагүй учир түүнд мэдэгдэх хуудас өгөх шаардлага байгаагүй, түүнд мэдэгдэх хуудас өгөх тухай ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй юм. Мөн өвлийн улирал дөхөж байхад ажлаас чөлөөлөхийг хориглосон ямар нэгэн хууль тогтоомж байхгүй.
Иймд түүний гомдол хууль зүйн үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Т нь шүүхэд тайлбараа холбогдох нотлох баримтаа тайлбарын хамт гаргаж өгсөн. Тэрэн дээр ямар шалтгаанаар, ямар үндэслэлээр ажлаас гаргасан тухай тайлбарласан. Б.Бн өргөдлийг бас хавсаргаж өгсөн. Ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэрээг цуцалсан. Энэ бол ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай заалт байдаг. Энэ дээр ямар нэгэн байдлаар урьдчилан мэдэгдэх шаардлага байхгүй. Б.Б бол энэ өргөдлийг би бичээгүй гэж байгаа. Гэхдээ энэ дээр өргөдлийг заавал өөрийн гараар бичнэ гэсэн зохицуулалт байхгүй. Хэнээр ч бичүүлж болно. Нэгэнт өргөдлөө бичүүлээд гарын үсгээ зураад авчирсан учраас уг өргөдлийг үндэслээд ажлаас гаргасан. Тийм учраас энэ хүнийг буцааж ажилдаа авах боломж байхгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь Эй ХК-ийн захиргааны конторын манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсжээ.
Б.Бг Баян-Өлгий аймгийн Э ХК-ийн захирлын 2013 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаартай ажилд түр томилох тухай тушаалаар конторын сахиулын үүрэгт ажилд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
Эй ХК-ийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2, хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн биеийн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Бгийн Бг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон захиргааны конторын манаачийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлахаар зохицуулсан байна. Хариуцагчаас гаргаж өгсөн Б.Бгийн Эй ХК-ийн захиргаанд гэж гаргасан өргөдөлд Миний бие Б овогтой Б. Би 2013 оноос хойш тасралтгүй ажиллаж ирсэн. Одооноос хойш манаач үүргийг гүйцэтгэх чадваргүй болсон тул ажлаас чөлөөлж өгөхийг хүсье гэж бичигджээ. Энэхүү өргөдлийн агуулгаас үзэхэд ажилтан Б нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэх агуулга харагдаж байх бөгөөд ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар буюу ажилтан санаачилсан үндэслэлээр цуцалсныг буруутгах боломжгүй байна.
Б.Б нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэргээс гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул уг өргөдлийг ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан гэж үзэх боломжтой байна.
Нэхэмжлэгчээс дээрх өргөдлийг би сайн дураар гараагүй, миний бие монгол хэл мэдэхгүй, бичиг үсэг мэдэхгүй, үйлдвэрчний эвлэлийн даргаас бичиж өгсөн бичигт гарын үсэг зур гэхээр нь зураад өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбарыг хүлээж авах боломжгүй бөгөөд буруу ойлгож, агуулгыг мэдэхгүй юманд гарын үсэг зурсныг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл гэж үзэх боломжгүй болно.
Мөн Б.Бд ажлаас чөлөөлөх тухай тушаалд дурдсан нэг сарын тэтгэмжийг олгосон байх ба энэхүү тэтгэмжийг 10 дугаар сарын 24-ний өдөр авч гарын үсгээ зурсан байна.
Нэхэмжлэгч нь дээрх баримтуудад өөрөө гарын үсгээ сайн дураар зурсныг хүлээн зөвшөөрч байгаа ба ямар баримтад гарын үсгээ зурснаа ойлгоогүй, мэдээгүй гэж тайлбарлаж байгааг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгчээс ажлаас чөлөөлөх талаар мэдэгдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч ажилтны санаачлагаар ажлаас чөлөөлөхдөө урьдчилан мэдэгдэх талаар хуулийн зохицуулалт байхгүй тул уг тайлбарыг хүлээж авах боломжгүй байна.
Иймд Бгийн Бгийн Эй ХК-ны захиргааны конторын манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Бгийн Бгийн Эй ХК-ийн захиргааны конторын манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК