Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/283

 

                        

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Г.Баянбилэг,

Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нын Нт холбогдох эрүүгийн 2038000000299 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Н нь 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Нэмэн шатахуун түгээх станцын гадна талд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Дыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Н.Н нь 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Нэмэн шатахуун түгээх станцын гадна талд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Дыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000000299 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Нисэх рүү гарах зам дагуу байдаг “Нэмэн” ШТС-ын салбарт ээлжинд гарч байсан. Орой 19 цагийн үед гэртээ ирж хоол хийчихээд том хүүгээ аваад ажил дээрээ очсон. Ажил дээрээ очоод ганцаараа эвгүй байсан учраас нөхөр рүүгээ залгахад найз А утсыг нь аваад Н утсаа машинд үлдээчихсэн байна гэхээр нь чи 9 дүгээр хорооноос манай эгчийг аваад ирээч гэхэд А найз Отой хамт манай эгч Бг аваад ирсэн. Б эгч колонк руу орж ирээд А, О хоёр араас нь орж ирэхэд Н залгаад байна бид хоёр очиж аваад ирье гэхээр нь би за тэгвэл та гурав очиж авчихаад ир гэхэд тэр гурав явцгаасан. Тэгээд 20 орчим минутын дараа Н, Б эгч, А, О нар ирээд намайг машинд суулгасан. Тэгээд машинд бүгд сууж байхад Н чи юу хийж байгаа юм бэ пизда, гичий минь, чи ууж байгаа биз гээд над руу дайрч эхлэхээр нь би архи, дарс огт уугаагүй гэж үнэнээ хэлэхэд Н наадах чинь үнэмшилтэй сонсогдохгүй байна гэж хэлээд миний нүүр, толгой руу хэд хэдэн удаа хүчтэй цохиж, намайг машинаас буухад хөлөөрөө миний элэг орчим өшиглөөд намайг газраар чирсэн...” гэх  мэдүүлэг /хх-ийн 10-12, 13-14-р тал/

              Гэрч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 22-ны орой 23 цагийн цагийн үед манай дүү Д над руу залгаад би ганцаараа нисэхийн “Нэмэн” дээр ажиллаж байна. Та ирээд хэсэг хань болоод суугаач. Би тань руу машин явуулчихлаа гэж хэлсэн. Удаагүй байж байтал, манай гадаа Дын нөхөр Баяраагийн найз гэх танихгүй хоёр залуу ирж намайг аваад Д дээр очсон. Би машинаас буугаад колонк руу орсон. Харин Баяраагийн найз нар нь Баяраа залгаад байна. Очоод аваад ирье гээд бид гурав нисэхийн замаар уруудаад 1 дүгээр хорооны уулзвар дээр Баяраа нэг машинаас буугаад бид нарын сууж явсан машинд суугаад буцаад Д дээр очсон. Д машин руу суугаад би зөрөөд колонк руу орчихоод буцаад гараад иртэл Д машинаас уйлчихсан гарч ирсэн. Баяраа чанга орилсоор Дын үснээс зулгааж, нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Баяраагийн хоёр найз нь салгах гээд хүчрэхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/

              Шүүгдэгч Н.Нын мөрдөн шалгах ажиллгааны явцад өгсөн: “...Б эгч, О, Хуягаа нартай таараад тэд нарын машинд суугаад эхнэрийн ажил дээр явж очоод, чи яагаад ажил дээрээ архи, дарс уугаад байгаа юм бэ? гэсэн чинь би уугаагүй гээд маргалдаж эхэлсэн. Тэгээд улаан цайм архи уучихаад уугаагүй гээд байхаар нь уур хүрээд нүүр орчимд хоёр удаа цохисон. Тэгээд буугаад уур хүрээд үснээс нь зулгааж байгаад, намайг багахан доромжлоорой гэж хэлтэл тэд нар боль барь гээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/,

              Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны                        06 дугаар сарын 23-ны өдрийн 353 дугаартай: “...Б.Дын биед дух, баруун зүүн доод зовхинд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Б.Дын биед үүссэн гэмтэл  нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 20-р тал/

              Зөрчлийн талаарх амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авах тухай тэмдэглэл /хх-ийн 5-р тал/

              Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 6-8-р тал/

              Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргын: “...Н.Н нь тус багийн 17 дугаар гудамжны 01-12 тоотод ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суудаг нь үнэн болно...” гэх тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-30, 32-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.         

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   Шүүгдэгч Н.Н нь 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Нэмэн шатахуун түгээх станцын гадна талд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Дыг архи уусан гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь дух, баруун зүүн доод зовхинд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.  

              Энэ үйлдэл нь Хохирогч Б.Дын мэдүүлэг /хх-ийн 10-12, 12-14-р тал/, гэрч Г.Бгийн мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 353 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож байна.

              Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Н.Нын гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгч Н.Н, хохирогч Б.Дын нарын гэр бүлийн таарамжгүй харилцаа, шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь  гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын  шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Н.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Н.Н нь хохирогч Б.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс гомдол саналгүй болсон тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин, хөлс, бусад орлогын баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс торгох ялын хугацааг тогтоох боломжгүй байна. Харин шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай туулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэг хүлээх ба энэ үүргийг биелүүлээгүй бол  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Н нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-р тал/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн 2038000000299 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Нын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Нын Ныг таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Н нь Шүүхийн шиийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Эрүүгийн 2038000000299 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР