Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2017/00094

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн У сумын 0 дугаар багт оршин суух, Б овогт Тий Ө ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн У сумын Х багийн дунд сургуульд холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн У сумын Х багийн дунд сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг шаарджээ.

Нэхэмжлэгч Т.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т овогтой Ө нь тус аймгийн У сумын 0 дугаар багт оршин суудаг. Дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй. 1999 оноос эхлэн Х багийн дунд сургуульд багшаар ажиллаж байгаад 2012 онд тус сургуулийн дунд ангийн сургалтын менежерийн ажилд томилогдсон.

Ажиллаж байх хугацаанд ажлын хариуцлага алдаж, алдаа зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авахуулж байгаагүй бөгөөд хариуцсан ажилдаа эзэн байж багийн ард иргэдийг сурган хүмүүжүүлэх, гэгээрүүлэх үйлст идэвх санаачилгатай оролцож ирсэн.

Гэтэл тус сургуулийн захирлаар шинээр томилогдсон К.С 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр *** дугаартай тушаал гаргаж ямар ч шалтгаангүйгээр. надтай харилцан тохиролцож миний зөвшөөрлийг авалгүйгээр сургуулийн дунд ангийн сургалтын менежерийн ажлаас чөлөөлж, сургуулийн иргэний боловсролын багшаар томилсон нь ажилтан миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргаж байна.

Миний хувьд дунд ангийн сургалтын менежерээр 5 жил ажилласан туршлагатай, цаашид уг орон тоонд ажиллах бүрэн боломжтой байтал ажлаас минь чөлөөлж өөр ажилд томилсон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Сургуулийн захирлын намайг ажлаас чөлөөлж өөр ажилд томилсон гэх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр *** дугаартай Ажилд томилох, ажлаас өөрчлөх тухай тушаалд харилцан тохиролцсон гэж надтай тохиролцсон мэт тусгасан боловч хамт олны хурал хийж, эсхүл надтай харилцан тохиролцож байгаагүй мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан эмнэлэг хөдөлмөрийн комиссын шийдвэрийг үндэслэн ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд түүнтэй тохиролцож шилжүүлнэ гэх хуулийн заалтыг баримтлан ажлаас минь чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Миний бие эрүүл саруул бөгөөд хөдөлмөрийн чадвар алдаж байгаагүй байтал үндэслэлгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасныг үндэслэн ажлаас маань чөлөөлсөн дээрх тушаал нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг дордуулсан өөр ажилд буруу шилжүүлсэн хууль бус тушаал болсон.

Ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийн аль нэгийг баримтлан чөлөөлөх ба ажилтныг өөр ажилд томилох, өөрчлөн ажиллуулах зохицуулалт нь ажилтны зөвшөөрлийг авсан байх, заавал ажилтантай харилцан тохирсон байхыг шаарддаг. Гэтэл сургуулийн захирал надтай зөвшилцөөгүй, миний зөвшөөрлийг аваагүй байж ямар ч шалтгаангүйгээр дунд ангийн сургалтын менежерийн ажлаас минь чөлөөлж өөр ажилд томилсон тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэх хуулийн заалтыг зөрчсөн хууль бус тушаал төдийгүй ажил олгогч эрх мэдлээ ашиглан ажилтны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл.

Иймд Т.Ө намайг Баян-Өлгий аймгийн У сумын Х багийн дунд сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Ө шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие тус шүүхэд Баян-Өлгий аймгийн У сумын Х багийн дунд сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие хариуцагчтай тохиролцсон учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагавар буюу энэ талаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно гэдгээ сайтар ойлгож байна.

Иймд миний хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Ө ы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн У сумын Х багийн дунд сургуульд холбогдох сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаар хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд энэ хэргийн нэхэмжлэгч Т.Ө нь Баян-Өлгий аймгийн У сумын Х багийн дунд сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.Ө нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Ө нь Баян-Өлгий аймгийн У сумын Х багийн дунд сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Ө улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК