Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/257

 

                        

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Г.Баянбилэг,

Хохирогч М.Ц,

Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С-ын От холбогдох эрүүгийн 2038000000277 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.О нь 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 38-19 тоотод хохирогч М.Цийг зодож, эрүүл мэндэд нь баруун зүүн алимны салст, баруун зүүн дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, дээд урууланд зулгаралт доод, зүүн 3 дугаар шүдний эмтэрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч С.О нь 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 38-19 тоотод хохирогч М.Цийг зодож, эрүүл мэндэд нь баруун зүүн алимны салст, баруун зүүн дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, дээд урууланд зулгаралт доод, зүүн 3 дугаар шүдний эмтэрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000000277 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч М.Цийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Мөрөн сумын 1-38-19 тоотод байрлах өөрийн гэртээ байж байхад оройны 20 цагийн үед Оч гэх залуу ганцаараа согтуу орж ирсэн. Орж ирэнгүүтээ Ц ахаа үхлээ гээд байхаар нь би дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Стандарт нэртэй архи авч өгсөн. Оч бид хоёр тухайн архийг уугаад сууж байхад гаднаас миний төрсөн дүү Ж орж ирсэн. Архи уугаад сууж байтал Оч Жтай маргалдаад унасан. Ж, Оч хоёр маргалдаж байхад Оч Жыг цохиод авахаар нь би дундуур нь ороод салгасан. Тэгэхэд Оч “та нар ах дүүгээрээ намайг бөөрөлхлөө гэснээ” миний нүүрлүү гараараа нэлээн хэд хэдэн удаа цохисон. Би түүнд цохиулаад ухаан балартсан байсан. Нэг ухаан ороход амнаас цус гарчихсан, Оч явсан байсан. Уг өдрийн маргааш нь Оч манай гэрт ирээд уучлалт гуйгаад явсан. Би гомдолтой байна. Одоогийн байдлаар эмчилгээндээ 60.000 төгрөг зарцуулж эм тариа авч хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/

              Гэрч Б.Жын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орой 20 цагийн орчим байхаа Мөрөн сумын 1-38-19 тоотод байрлах гэрлүүгээ яваад ортол Оч, Ц ах хоёр архи уусан сууж байсан. Оч, Ц хоёрыг би яагаад гэр оронд архи уугаад байгаа юм бэ гэхэд Оч өөдөөс яадгийн ууж идээ л биз гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад та нар яахаараа хүний гэрт ууж иддэг юм бэ гэхэд Оч босч ирээд намайг 2, 3 удаа нүүрлүү гараараа цохисон. Тэгэхэд Ц ах дундуур орж салгах үед Оч түүнийг цохиж, зодчихоод гараад явсан. Тэгээд Ц ах бид хоёр унтаж амарсан. Маргааш өглөө нь Ц ахын хоёр нүд нь хоёулаа хөхөрсөн байсан ба толгой өвдөөд байна гэж хэлж байсан. Оч “та нар ах дүүгээрээ бөөрөлхлөө” гэснээ Ц ахын нүүр рүү гараараа цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх- ийн 21-р хуудас/,

              Шүүгдэгч С.Оын мөрдөн шалгах ажиллгааны явцад өгсөн: “...Надад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой нэг бүрчлэн уншиж танилцлаа. Прокурорын сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Би хохирогч Цээс уучлалт гуйсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/

              Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны                        05 дугаар сарын 15-ны өдрийн 261 дугаартай: М.Цийн биед баруун зүүн алимны салст, баруун зүүн дээд доод зовхи, эрүүнд цус хуралт, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, дээд урууланд зулгаралт, доод зүүн 3-р шүдний эмтэрэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. М.Цийн биед үүссэн алимны салстад цус хуралт, шүдний эмтэрэл нь тусдаа бусад хэсгийн цус хуралт болон зулгаралт нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 25-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-44-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.         

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   Шүүгдэгч С.О нь 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 38-19 тоотод хохирогч М.Цийг зодож, эрүүл мэндэд нь баруун зүүн алимны салст, баруун зүүн дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, дээд урууланд зулгаралт доод, зүүн 3 дугаар шүдний эмтэрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.  

              Энэ үйлдэл нь Хохирогч М.Цийн мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал, гэрч Б.Жын мэдүүлэг /хх-ийн 21-р тал/, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн 2020 оны  05 дугаар сарын 15-ны өдрийн 261 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож байна.

              Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн

байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн  гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч С.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, шүүгдэгчийн нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь  гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын  шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч С.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор хоёр зуун тавин /250/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

           Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч С.О нь хохирогч М.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч М.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч С.О нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р тал/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн 2038000000277 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н овогт С-ын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н овогт С-ын Оыг хоёр зуун тавин /250/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Эрүүгийн 2038000000277 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР