Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 833

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар М.-ийн нэхэмжлэлтэй, У б е г дд холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв. 

Нэхэмжлэгч: Б овогт М-ийн Г,

Хариуцагч: У б е г д

Нэхэмжлэлийн шаардлага: “У б е г д-ын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/70 дугаар тушаалыг хүчингүй болгож, нийслэлийн Ч******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г, түүний өмгөөлөгч Г.Н, С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,  Т.Н, гэрч Р.Ч, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны албан тушаал бууруулж, албан тушаалд томилох тухай Б/70 дугаар тушаалд ажлын байрны тодорхойлолтод заасан бүртгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, ажлын байрны тодорхойлолтод заасан бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилго, зорилт хангалтгүй биелүүлсэн гэж байдаг. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь заалтад "өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг хэлнэ гэж заасан байдаг. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад “иргэдээс өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангах” гэсэн байдаг. Тус заалтын дагуу иргэн Р.Ч, О.М нараас өргөдөл бичүүлж авч, гомдлыг шуурхай шийдүүлэхээр ажиллаж байсныг намайг ажил, албан тушаалаас буруулах үндэслэл болгосонд гомдолтой байна. Холбогдох иргэдийн гадаад паспортын тамга дарагдсан боловч даргын гарын үсэг зурагдаагүй гэдэг үйлдэл нь нэг өдөр, нэг дор болсон асуудал байтал үүнийг У б е г д 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр надтай биечлэн уулзах үеэр “энэ бол хэлтсийн даргын удаа дараагийн хариуцлагагүй ноцтой үйлдэл учир чамайг албан тушаал бууруулж байна” хэмээн намайг үндэслэлгүйгээр буруутгасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

... Өмнө нь авч байсан сахилгын шийтгэл нь миний зүгээс алдаа гаргасан зүйл байхгүй. Манай ажилтан тухайн үед өөрийн буруугаас үүдэн алдаа гаргасан. Тус ажилтныг төрийн албанаас халсан. Үүнтэй холбогдуулан “танай ажилтны гаргасан алдаа учир чамд сахилгын шийтгэл оногдуулж байна” гээд 2017 оны 06 дугаар сард тушаал гаргасан. Хуулийн дагуу бол 1 жилийн хугацаа өнгөрсөн учир өнөөдрийн маргаантай холбоогүй.

Би ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хангалттай, хариуцлагатай биелүүлсэн гэж үзэж байна. Миний ажил байдлаа шалгуулж байсан үр дүнгийн гэрээний үнэлгээ, хяналт шинжилгээ үнэлгээний тайлан зэргээр тодорхойлогдоно. Гарын үсэг зураагүй, тэмдэг дараагүй бэлдцийг олгосон гэдэг асуудал нь надад хамааралгүй. Би ямар нэгэн байдлаар гадаад паспорт олгодоггүй, олголтын ажилтан гэж тусдаа байдаг. Олголтын ажилтан тухайн гадаад паспортыг олгохдоо гадаад паспорт дээрх холбогдох мэдээллийг зааврын дагуу шалгаж өгөх ёстой байсан. Мөн иргэд гадаад паспортыг авахдаа иргэд өөрөө бичиг баримтаа шалгаж авах үүрэгтэй гэж журамласан байдаг. Дарга нь өрөөнд оруулж ирсэн, бэлэн болсон гадаад паспорт дээр л баталгаажуулж гарын үсэг зурдаг. Эдгээр паспорт нь надад ирээгүй учир гарын үсэг зурагдаагүй, тэмдэг дараагүй гэж үзэж байна. 230 гадаад паспорт хэвлэлтээс гарсан тохиолдолд хэдэн гадаад паспорт нь надад ирдгийг мэдэх боломжгүй. Паспортыг үйлдвэрээс хүлээж авдаг ажилтан гэж иргэний бүртгэлийн тасгийн дарга байдаг. Хүлээж авсан гадаад паспортыг ангилан ялгаж, тамгалан, даргад өгч гарын үсэг зуруулах ажиллагааг эрх олгосон ажилтан буюу улсын бүртгэгч хариуцдаг. Тухайн гадаад паспортыг миний өрөөнд оруулан ирж, надад өгөөгүй учир би гарын үсэг зурах боломжгүй. Надад хамааралгүй асуудлыг хамааруулан албан тушаал бууруулсанд нь гомдолтой байна. Тус асуудлуудыг хариуцсан ажилтан тодорхой байгаа. Бүртгэлийн үйл ажиллагаа тус бүрд журам баримталж ажилладаг.

Гадаад паспортын үйл ажиллагаа 9 дүүргийн хэмжээнд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр анх нэвтэрсэн. Үүнээс хойш ажилчдад ажиллах чиглэлийг өгч, ажлын байрны нөхцөл бололцоо, ажилчдын хүрэлцээ, хангамжийн бүрдлийг тодорхойлж дээд шатны байгууллагад уламжлан шийдвэрлэх ажлыг хийдэг байсан. Иргэд хэвийн үйл ажиллагаагаа авч байгаа эсэх дээ хяналт тавьж ажилладаг. Улсын бүртгэлийн байгууллага нь гадаад паспортын үйл ажиллагаа явуулахдаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалаар батлагдсан Улсын бүртгэлийн байгууллагаас үндэсний иргэний гадаад паспорт хил орчмын нутагт нэгдсэн журмаар зорчих үнэмлэх олгох, гадаад зорчих эрхийн бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.8 дахь заалтад Үйлдвэрийн итгэмжлэгдсэн ажилтан Иргэний бүртгэлийн газрын улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын санхүүгийн асуудал хариуцсан нэгжээс гадаад паспортын бэлдцийг хүлээн авна” гэж байдаг. Үйлдвэрээс бэлэн болсон гадаад паспортыг иргэний бүртгэлийн тасгийн дарга буюу ахлах бүртгэгч хүлээж авдаг. Миний бие бэлдэц хүлээн авах эрх бүхий албан тушаалтан биш гэдгийг тус журам баталж байна.

Мөн журмын 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад “олголт хариуцсан улсын бүртгэгч, эрх олгосон ажилтан иргэний улсын бүртгэлийн мэдээллийн дагуу олгох хуудсын бүртгэлийн дугаарыг уншуулахдаа гадаад паспортад гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан эсэхийг дахин шалгаж иргэн болон шуудангийн ажилтанд хүлээлгэн өгнө” гэж заасан байдаг. Уг заалтын дагуу хэлтсийн дарга гадаад паспорт олгох ажилтан биш гэдэг нь нотлогдож байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Төрийн албан хаагчийг албан тушаал бууруулах, шагнал урамшуулал олгох үйлдлийг Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйдлийн 19.3 дахь заалтаар зохицуулдаг. Тухайн албан хаагчийн үр дүнгийн гэрээний дүнг үндэслэж албан тушаал дэвшүүлэх, бууруулах, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэдэг. Албан тушаал буруулахдаа энэ хүний мэдлэг, ур чадвар нь тухайн албан тушаалыг хаших чадваргүй тохиолдолд буруулдаг. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбарт журмын заалтуудыг дурддаг. Хууль хэрэглээний хувьд хууль болон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчил гэж үзэн сахилгын шийтгэл оногдуулах шаардлагатай байсан. Хэм хэмжээг зөрчсөн гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулсан нь хууль хэрэглээний алдаа учир хууль бус захиргааны актыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “У б е г д-ын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/70 тоот тушаал дээр 2 хууль болон дүрэм, журмын 5 зүйл заалтыг үндэслэж нэхэмжлэгчийн албан тушаалыг буруулсан. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу ямар үндэслэлээр төрийн албан хаагчийг албан тушаал буруулахыг тодорхойлсон байдаг. Гэтэл тус заалтыг маргаан бүхий актад огт тусгаагүй.

Мөн хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийг баримталсан бөгөөд нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг хангалтгүй биелүүлсэн гэдгийг юугаар нотолж байгаа нь тодорхойгүй. Гаргаж байгаа тушаалд ажлын байрны тодорхойлолтод заасан ямар үйл баримтыг хангалтгүй биелүүлсэн талаар тодорхой тусгах ёстой байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн дагуу албан тушаал бууруулах үндэслэлтэй бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн дагуу нэхэмжлэгчийг ажлын байранд тавигдах зорилго, зорилтыг биелүүлээгүй гэдийг захиргааны байгууллага нотлох шаардлагатай байсан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид урьдчилж мэдэгдээгүй. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтад дурдсан мэдээллийг нэхэмжлэгчид мэдэгдэж байж сонсох ажиллагааг явуулах ёстой. Хэрэв нэхэмжлэгч сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг хүлээж авсан бол өөрийгөө гэм буруугүй гэдгийг нотлох боломжтой байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийг дурддаг. Тухайн хууль нэхэмжлэгчид огт хамааралгүй. Хөдөлмөрийн дотоод журмаар нэхэмжлэгчийн өдөр тутмын үйл ажиллагааг тодорхойлсон байдаг. Хариуцагч Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.21 дэх хэсгийг дотоод журмаараа зөрчиж байна. Тус журмын 4 дүгээр зүйлийн 4.22 дахь хэсэгт албан тушаал бууруулах бол нэхэмжлэгчийн албан хаагчийн мэргэжлийн түвшингийн үнэлгээ, харьяалах газар, хэлтсийн даргын санал, албан хаагчийн албан үүргийн биелэлт гүйцэтгэлийг заавал харгалзан үзнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээгээр нэхэмжлэгч сайн, маш сайн гэсэн үнэлгээтэй байдаг. Мөн 2018 оны шалгалтаар сайн, маш сайн үнэлгээг авч байсан. 2017 оны Ч******* дүүргийн аварга ажилтнаар шалгарч байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.23 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх 2-с дээш удаагийн баримт байхгүй. 2017 онд гаргасан сахилгын зөрчил нь хөөн хэлэлцэх хугацаагаараа дууссан байдаг.

Өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж байгаа Нийслэлийн бүртгэлийн газрын дарга У б е г дд тус албан хаагчид сануулах арга хэмжээ авах санал хүргүүлсэн боловч үүнийг харгалзаж үзээгүй. 2018 оны 04 дүгээр сард ачаалалтай ажилладагтай холбогдуулан гадаад паспорт олголт, бүртгэлийг хүлээж авах ажиллагаа 9 дүүрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан үйл ажиллагааг зохицуулах журам гарсан байна. Тухайн журам дээр бүртгэлийг хүлээж авах, гадаад паспорт олгох гэрээт ажилтан нэмж ажиллуулсан байна. Улсын бүртгэлийн байгууллагаас үндэсний иргэний гадаад паспорт, хил орчмын нутагт нэгдсэн журмаар зорчих үнэмлэх олгох, гадаад зорчих эрхийн бүртгэл хөтлөх журмаар олголт хариуцсан улсын бүртгэгч гадаад паспортыг дахин шалгах үүрэгтэй байсан. 566 паспорттай холбоотой ажлыг бүртгэж авах, олгох асуудлыг хариуцсан бие даасан этгээдүүд тодорхой байсан. Тус маргаантай асуудалд хэлтсийн даргын буруутай үйл ажиллагаа байгаагүй. Маргаан бүхий тушаал үндэслэлгүй гарсан. Нэхэмжлэгчийг одоо томилсон албан тушаал нь зэрэг дэв буурсан бөгөөд үүнийг дагаад цалин тодорхой хэмжээгээр буурсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Г.М нараас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “У б е г д-ын 2018 оны Б/70 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн гэдгийг хэд хэдэн журам, тогтоолууд нотолдог. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах хуульд заасны дагуу иргэний бичгээр гаргасан хүсэлт, хүчин төгөлдөр иргэний үнэмлэхийг үндэслэн энгийн гадаад паспорт олгоно гэж заасан байдаг.  Иргэний бүртгэлийн тухай хууль болон бусад хуулиар үндэсний иргэний гадаад паспортыг Улсын бүртгэлийн ерөнхий газар дангаар хариуцан олгодог. Улсын бүртгэлийн ерөнхий газрын орон нутаг дахь бүртгэлийн хэлтсийн дүрмийн дагуу бүртгэлийн хэлтэс, нэгж гадаад паспорт олгох эрхтэй. Тус эрхийнхээ дагуу Ч******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан таван иргэний гадаад паспорт болон хүсэлт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Эдгээр таван иргэн 07 дугаар сарын 30-ны өдөр Ч******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гадаад паспорт авах хүсэлт гарган 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээж авсан. Тус 5 гадаад паспортын 3 нь хэлтсийн даргын гарын үсэггүй, 2 нь тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй байсныг иргэдэд олгосон байсан. Гадаад паспортын бэлдцийг иргэдэд олгож, иргэд хил нэвтэрч чадаагүй, буцсан тухай гомдлыг цахим ертөнцөөр тараасан байдаг. Тухайн мэдээлэлтэй холбогдуулан шалгаж үзэн, нэхэмжлэгчийг дуудаж тодруулсан. Бүртгэлийн байгууллага гадаад паспортыг гарын үсэг болон тэмдэг дарж баталгаажуулах тухай Монгол Улсын Засгийн газрын 2016 оны тогтоолд дурдсан байдаг. Энэхүү заалтаас гадна Улсын бүртгэлийн ерөнхий газрын үндэсний энгийн гадаад паспорт олгох журмын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтад 2017 оны А/17 тоот журмаар баталсан үндэсний энгийн гадаад паспорт, хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх, зорчих эрхийн бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад гадаад паспортыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь салбар нэгжийн эрх бүхий албан тушаалтан баталгаажуулна гэж байдаг. Эрх бүхий албан тушаалтан гэдэг нь тухайн газар, орон нутгийн бүртгэлийн хэлтсийн нэгжийн дарга байна. Иймд гадаад паспортыг нэхэмжлэгч баталгаажуулах ёстой байсан тухай баримт нь хавтаст хэрэгт авагдсан. Хил хамгаалах ерөнхий газарт үндэсний иргэний гадаад паспорт баталгаажуулах эрх бүхий албан тушаалтын гарын үсэг, тэмдгийн дардас хүргэгдсэнээр Ч******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст ирсэн гадаад паспортыг эрх бүхий албан тушаалтан буюу нэхэмжлэгч баталгаажуулна гэдэг нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдэн иргэн О.М-д 460.000, Р.Ч-д 390.000 төгрөгийн хохирол учирсан гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газар мэдсэнээс хойших хугацаанд нэхэмжлэгчийг дуудан, уулзаж, сонсох ажиллагаа явуулан, иргэдэд учирсан хохирлыг хэрхэн барагдуулсан тухай болон гадаад паспортын бэлдэц олгогдсон тухай нягталж, шалгахыг өөрт нь үүрэг болгосон байдаг. Гадаад паспорттай холбоотойгоор иргэдийг хохироож, ажлын байрны чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн учир тус тушаал үндэслэлтэй гэж үзэж байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны Төрийн албаны тухай хуулийг тайлбарласан тайлбар дээр албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тухай тодорхойлсон байдаг. Иргэдэд олгосон гадаад паспорт нь чанарын хувьд доголдуулсан бэлдэц юм. Иймд албаны чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Тухайн хүнийг ажилгүй болгоогүй бөгөөд доод шатны албан тушаалд бууруулан томилсон. Бүртгэлийн байгууллагад улсын бүртгэгч, улсын ахлах бүртгэгч, хэлтсийн дарга гэсэн албан тушаалууд байдаг. Нэхэмжлэгчийг хэлтсийн даргаас улсын ахлах бүртгэгч болгон нэг шатлал бууруулсан байгаа. Нэхэмжлэгч өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрөө ажилдаа очоогүй бөгөөд эмнэлгийн хуудас өгсөн байдаг. Тус албан тушаал, захиргааны акт маргаантай байгаа учир эмнэлгийн хуудсын дагуу цалингийн данс руу орсон нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөөр байгаа. Нэхэмжлэгч цалин, хөлсөө аван ажиллах эрх нь бүрэн нээлттэй байхад өөрөө ажилдаа очоогүй.

... Нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт тухайн гадаад паспортыг миний өрөөнд оруулж ирээгүй учир би гарын үсэг зураагүй гэж байна. Тухайн бэлдцүүдийг ямар тамга тэмдгээр баталгаажуулдаг вэ? Улсын бүртгэлийн ерөнхий газрын А/412 дугаар тушаалаар Улсын бүртгэлийн байгууллагын тамга, тэмдэг хэрэглэж журам батлагдсан. Тус журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад “Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн дарга, Нийслэл, дүүгийн хэлтсийн дарга нар энгийн гадаад паспортыг баталгаажуулах тэмдгийг түшнэ” гэж байдаг. Хэрэв та гарын үсэг зураагүй бол бусад бүртгэгч нар таны тэмдгийг ашигладаг гэж ойлгогдож байна. Тус журмын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтад “Байгууллагын тамга, тэмдэг хариуцсан албан тушаалтан өөр хүнд шилжүүлэхийг хатуу хориглоно. Хэрэв шилжүүлсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ” гэж байдаг. Гэтэл дурдсан гадаад паспортуудад та гарын үсэг зураагүй боловч тэмдэг дарагдсан байдаг. Энэ нь та тамга, тэмдэг хэрэглэх журмыг зөрчсөн үйлдэл мөн гэж үзэж байна. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг нэхэмжлэгч хэлтсийн дарга байх хугацаандаа өөрөө хүлээн авсан нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хуулийг  зөрчсөн. Иргэд өргөдөл гомдлыг өөрт нь хандаж өгсөн бол тухайн хуулийн дагуу бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгөх гэх мэт процесс ажиллагаанууд бүгд зөрчигдсөн.

Улсын бүртгэлийн байгууллагаас үндэсний энгийн гадаад паспорт, хил орчмын нутагт нэгдсэн журмаар зорчих үнэмлэх олгох, гадаад зорчих эрхийн бүртгэл хөтлөх журамд “гадаад паспортын тамга тэмдгийг зөвхөн тухайн хэлтсийн дарга баталгаажуулна” гэж тодорхой заасан байдаг. Эдгээр паспорт нь зөвхөн таны эрх мэдлийн хүрээнд харьяалагдана. Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар Бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг тодорхой заасан байдаг. Бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэн бүртгэлийн байгууллагаас мэдээллийг шалгаж авах үүрэг хүлээгээгүй. Бүртгэлийн байгууллага өөрөө үнэн, зөв байхыг баталгаажуулдаг. Бүртгэсэн улсын бүртгэгч өөрөө хуулийн өмнө бүртгэлийн үнэн зөвийг хариуцдаг. Иргэд гадаад паспортаа хүлээж авахдаа шалгах ёстой гэдэг тайлбар гаргаж байгаа нь утгагүй байна. Эдгээр хохирсон хүмүүс ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улсад зорчих шаардлагатай иргэн байсан бол яах вэ гэдэг асуудал үүснэ. Төрийн албан хаагчийн хувьд хүлээх ёстой хариуцлага мөн учир У б е г д-ын тушаал хууль зүйн үндэслэлтэй юм” гэв

ҮНДЭСЛЭХ нь:

У б е г д-ын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Ч******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Г-ийг “ажлын байрны тодорхойлолтод заасан хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, ...бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилго, зорилт, үйл ажиллагааг хангалтгүй биелүүлсэн тул албан тушаал бууруулж, Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчээр томилж” шийдвэрлэжээ[1].

Нэхэмжлэгч М.Г-ээс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр У б е г дд холбогдуулж “У б е г д-ын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/70 дугаар тушаалыг хүчингүй болгож, нийслэлийн Ч******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Нийслэлийн Ч******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст үндэсний гадаад паспорт авахаар 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүсэлт гаргаж, мөн оны 08 дугаар сарын 03-ны өдөр паспортаа хүлээн авсан нэр бүхий 5 иргэний паспортад тус хэлтсийн дарга М.Г гарын үсэг зураагүй, эсхүл тус хэлтсийн тэмдэг дарагдаагүй байснаас иргэн Р.Ч, О.М нар нь гэр бүлийн хамт хилээр нэвтэрч чадалгүй буцаж, улмаар хохирол учирсан тухайд хэргийн оролцогчид маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас “У б е г д нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт заасныг баримталж М.Г-ийг албан тушаал бууруулахдаа тогтоогдоогүй нөхцөл байдалд үндэслэсэн бөгөөд тушаалд дурдсан зөрчил нь миний ямар ч үйлдэлтэй холбогдохгүй байхад түүнийг шалгаж тогтоолгүй, үр дүнгийн гэрээний биелэлтийг харгалзалгүйгээр шийдвэр гаргасан төдийгүй гомдол гаргах эрхийг олгоогүй нь хууль бус” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийг эс зөвшөөрч “М.Г нь улсын бүртгэлийн үйл ажиллагаанд баримталбал зохих журмуудыг баримтлаагүйгээс иргэдэд гарын үсэггүй, мөн тэмдэггүй гадаад паспорт олгож, хохирол учруулсан нь ажлын байрны зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд түүнийг ажилгүй болгоогүй, албан тушаалд бууруулж томилсон нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг алдагдуулаагүй тул маргаан бүхий акт хуульд нийцсэн” гэж маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болохоор хуульчилсан байх ба “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд Шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 7-д ““...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэж тайлбарласан байна.

Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтаас үзвэл, Ч******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Г-ээс нэр бүхий иргэдэд үндэсний гадаад паспортыг гарын үсэг зураагүй, тэмдэг дараагүй олгосон нь хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, гарын үсэг, тэмдэг бүхий үндэсний энгийн гадаад паспортыг иргэдэд олгох нь улсын бүртгэлийн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд баталгаажилт хийгдээгүй гадаад паспортыг иргэн О.М, Р.Ч, тэдний хүүхдүүдэд олгосноор тухайн иргэд хил нэвтэрч чадалгүй буцаж улмаар цаг хугацаа болон эд хөрөнгийн хохирол учирсан болох нь тэднээс гаргасан өргөдөл[2] болон иргэн О.М-д учирсан хохирлыг Ч******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнууд төлсөн, иргэн Р.Ч-ийн хохирлыг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй нь гэрч Б.Б, Р.Ч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар/хуучин нэрээр/-ийн дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод уг ажлын байрны үндсэн зорилго болох “...иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй түргэн шуурхай хүргэх...” зорилго хангагдаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас “Нийслэлийн улсын бүртгэлийн газар болон Ч******* дүүргийн Засаг даргаас Ч******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Г-ийн 2017 оны үр дүнгийн гэрээг тус бүр “А” үнэлгээгээр дүгнэсэн[3]-ийг харгалзалгүй, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалтын дагуу үр дүнгийг гэрээний дүнд үндэслэлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь хууль бус” хэмээн тайлбарлан маргаж байх боловч төрийн алба нь төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилго бүхий тасралтгүй хэрэгжих үйл ажиллагаа болохынхоо хувьд түүний хэрэгжилт нь заавал үр дүнгийн гэрээний биелэлтээр дүгнэгдэхгүй, мөн түүнчлэн өмнөх жилийн үйл ажиллагааны үр дүнг эрх бүхий албан тушаалтнаас “А” үнэлсэн явдал нь тухайн үнэлгээнээс хойших үйл ажиллагааны хэрэгжилтийг хангуулахаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Хэдийгээр Оюуны өмч, улсын бүртгэлийн газар/хуучин нэрээр/-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/349 дүгээр тушаалаар батлагдсан “...хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.22-т албан тушаалаас бууруулахдаа албан хаагчийн мэргэшлийн түвшингийн үнэлгээ, харьяалах газар, хэлтсийн даргын санал, албан хаагчийн албан үүргийн биелэлт, гүйцэтгэлийг харгалзан үзэхээр зохицуулсан[4], Нийслэлийн улсын бүртгэлийн газрын даргаас “сануулах шийтгэл ногдуулах санал”[5]-ыг хариуцагчид хүргүүлсэн хэдий ч эдгээр нь захиргаанаас шийдвэр гаргахдаа харгалзан үзвэл зохих нөхцөл байдал тул захиргааны акт гаргах хариуцагчийн эрх хэмжээнд нөлөөлөхөөргүй байна.

Дээрхээс үзвэл, хариуцагч У б е г д-ын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/70 дугаар тушаал нь хуульд нийцсэн гэж үзэх боломжтой.

Гэвч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн О.М, Р.Ч болон тэдний хүүхдүүдэд олгосон гадаад паспортуудыг Ч******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Г нь өөрөө баталгаажуулаагүй/гарын үсэг зураагүй/ байж болохуйц, харин олголт хариуцсан ажилтан байгууллагын тэмдэг болон М.Г-ийн гарын үсгийн дардсыг дарсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Тодруулбал,

Оюуны өмч, улсын бүртгэлийн газар/хуучин нэрээр/-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/17 дугаар тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн байгууллагаас үндэсний энгийн гадаад паспорт, хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх олгох, гадаадад зорчих эрхийн бүртгэл хөтлөх журам”-ын “Тав” зүйлийн 5.1-д “Гадаад паспортыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ... эрх бүхий албан тушаалтан баталгаажуулна”[6] гэж заасан байх ба мөн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны 1/8467 тоот албан бичгээр эрх бүхий албан тушаалтнуудын жагсаалт, гарын үсгийн баталгаа, тэмдгийн дардсын хуулбарыг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсний дотор нийслэлийн Ч******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн тэмдэг, даргын гарын үсэг нь М-ийн Г-ийн гарын үсэг байхаар байна.[7]

Гэрч Б.Б-аас шүүх хуралдаанд “Тамга болон гарын үсгийн дардсыг би дарж гадаад паспортыг баталгаажуулдаг” гэж мэдүүлж байх ба нэхэмжлэгч М.Г-ээс энэхүү мэдүүлгийг үгүйсгэхгүйгээр “миний хувьд гарын үсгийн дардас шилжүүлэх асуудлыг ажил үүрэг талаасаа харж байгаа. Ийм эрх зүйн зохицуулалт байхгүй гээд ямар нэг зүйл үлдээхгүй явчихвал иргэдийн захиалсан бүх гадаад паспорт хураагдаад байх байсан. Яаралтайгаар захиалсан гадаад паспортыг баталгаажуулахын тулд гарын үсгийн дардас ашигласан”[8] гэж тайлбарлаж байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг албан тушаал бууруулж байгаа нь сахилгын шийтгэл хүлээлгэсэн хэрэг биш. Гарын үсгийн дардас хэрэглэх эрх зүйн зохицуулалт байхгүй. Дардас хэрэглэхийг зөвшөөрдөггүй” гэж тайлбарлав.

Дээрхээс нэгтгэн дүгнэж үзвэл, маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “...бодит нөхцөл байдалд тохирсон...” байх зарчимд нийцээгүй акт болжээ.

Учир нь хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримталж өмнө дурдсан үндэслэлээр М.Г-ийг хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн болон албан тушаалаас бууруулж өөр албан тушаалд томилж шийдвэрлэсэн нь хууль тогтоомжид нийцсэн хэдий ч уг актын үндэслэл болсон үйл баримт нь хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгээр М.Г-ээс нэр бүхий иргэдийн гадаад паспортад гарын үсэг зураагүй олгосон үйлдэл бус гарын үсгийн болон тэмдгийн дардас дараагүй олгосон үйлдэл болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “шалгаж тогтоогдоогүй нөхцөл байдалд үндэслэж маргаан бүхий актыг гаргасан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, паспортыг баталгаажуулах эрх бүхий этгээдээс олон тооны паспортад гарын үсэг зурж тэмдэг дарахдаа холигдсон, орхигдсон шалтгаанаар паспорт баталгаажуулагдаагүй олгогдсон явдал нь нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх нөхцөл байж болох ч баталгаажуулах эрх бүхий этгээд бус олголтын ажилтнаас гадаад паспортуудад гарын үсгийн дардас, байгууллагын тэмдгийг даралгүй паспортыг олгосон явдал нь нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх нөхцөл болохооргүй байна.

Харин дээрх нөхцөл байдал нь маргаан бүхий актын үндэслэл болоогүй байх тул захиргааны байгууллагаас шийдвэрлээгүй асуудлаар шүүх дүгнэлт хийж эцэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Мөн хариуцагч нь иргэн О.М-ийн нийгмийн сүлжээнд тавьсан мэдээллийн дагуу Ч******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Г-ийг дуудаж уулзан баталгаажаагүй гадаад паспорт олгогдсон асуудлыг шалгах үүрэг өгсний дагуу тэрээр 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр илтгэх хуудас[9] бичиж хүргүүлсэн байх ба энэ нь “4 паспорт зөрчилтэй байсан. Дахин ийм алдаа гаргахгүй” гэсэн агуулгатай байна.

2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн сонсох ажиллагааны тэмдэглэлийн агуулга нь албан тушаал бууруулахаар шийдвэрлэсэн захиргааны шийдвэрийг мэдэгдсэн гэж үзэхээр байх тул Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасан “...шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах” боломж олгоогүй, сонсох ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдээгүй гэж үзэхээр байна.

Дээрхээс үзвэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу У б е г д-ын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/70 дугаар тушаалыг 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд хариуцагч У б е г д нь,

1/ Иргэн О.М, Р.Ч, тэдний хүүхдүүдийн баталгаажилт хийгдээгүй олгогдсон гадаад паспортуудад М.Г нь гарын үсэг зурж тэмдэг дарсан эсэх, эсхүл олголтын ажилтан тэмдэг дарж, гарын үсгийн дардас дарсан эсэхийг,

2/ Гадаад паспортуудад гарын үсэг зурагдаагүй, тэмдэг болон гарын үсгийн дардас дараагүй байхад иргэдэд олгосон явдал нь Оюуны өмч, улсын бүртгэлийн газар/хуучин нэрээр/-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/17 дугаар тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн байгууллагаас үндэсний энгийн гадаад паспорт, хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх олгох, гадаадад зорчих эрхийн бүртгэл хөтлөх журам”-ын “Тав” зүйлийн 5.1-д заасан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын “Гадаад паспортыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ... эрх бүхий албан тушаалтан баталгаажуулах” үйлдэлд, эсхүл мөн журмын “Зургаа“ зүйлийн 6.1-д заасан олголтын ажилтны “Олголт хариуцсан улсын бүртгэгч нь ...гадаад паспортад тамга дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан эсэхийг дахин шалгах...” үйлдэлд холбогдох эсэхийг тус тус шалгаж тогтоосны үндсэн дээр сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэж дахин шинэ акт гаргах шаардлагатай юм.

Нэхэмжлэгч М.Г нь маргаан бүхий актыг мэдсэнээс хойш Төрийн албаны зөвлөлийн холбогдох салбар зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд гомдлыг хүлээн авсан Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлүүд шийдвэрлээгүй, улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул нэхэмжлэгчийн “гомдол гаргах эрхийг олгоогүй” гэсэн тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус заажээ.

Гэтэл М.Г нь 2018 оны 08-09 дүгээр саруудад албан тушаалын цалингаа авсан, 8-10 дугаар саруудад өвчний учир албан үүргээ гүйцэтгээгүй тухайд маргахгүй байх ба Нийслэлийн улсын бүртгэлийн байгууллагаас М.Г олгогдсон эмнэлгийн магадалгааны дагуу хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийсэн байх тул М.Г-ийн нэхэмжлэлийн “...ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасныг тус тус баримтлан У б е г д-ын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/70 дугаар тушаалыг 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан М.Г-ийн У б е г дд холбогдуулан гаргасан “...ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч У б е г д нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.МӨНХЗУЛ

 


[1] Хавтаст хэргийн 54 дэх талд

[2] Хавтаст хэргийн 53, 122, 131 дэх талуудад

[3] Хавтаст хэргийн 132-134 дэх талд

[4] Хавтаст хэргийн 37 дахь талд

[5] Хавтаст хэргийн 135 дахь талд

[6] Хавтаст хэргийн 108 дахь талд

[7] Хавтаст хэргийн 80-81 дэх талд

[8] Хавтаст хэргийн 223 дахь талд

[9] Хавтаст хэргийн 136-137 дахь талд