Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2022/0560

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

Нэхэмжлэгч “Х” ХХК

Хариуцагч Сангийн сайд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нар

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 462 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Х.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2022/0356/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас шүүхэд хандан “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б-н 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/49 дүгээр дүгнэлт, Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 462 дугаар шийдвэрийн

-1 дэх заалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 521 дүгээр зүйлийн 521.1 дэх заалтыг баримтлан Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/49 дүгээр дүгнэлт болон Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг тус тус Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч дахин шинэ акт гартал 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

-2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/49 дүгээр дүгнэлт болон Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын “Х” ХХК-д холбоотой хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б болон Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн сайд болон Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 462 дугаартай шийдвэрийг 06 дугаар сарын 28-ны өдөр гардан авсан ба шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Сангийн яамын худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б нарт энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

3.2. Тус шүүхийн шийдвэрээр Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/49 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох, уг актыг шинээр гаргаагүй бол тус дүгнэлтэд үндэслэсэн Сангийн сайдын 2022 оны 75 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

3.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 52.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийг бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ” гэж, Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.4-т “Төсвийн асуудал төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан.

3.4. Сангийн сайд Худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас ирүүлсэн дүгнэлттэй танилцахад “Х” ХХК нь тендер шалгаруулалтад шалгарах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын тодорхойлолтыг засварласан болох нь тогтоогдсон бөгөөд холбогдох этгээд нь үйлдсэн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.6 дахь заалт, “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.1-д “Тендерт оролцогч ... илт худал мэдээлэл бүхий тендэр ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон ... нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно” гэж зааснаар Сангийн сайд тушаал гаргах хууль нөхцөлийг бүрдүүлсэн байсан болно.

4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 462 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэл зөв байна.

2. Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрлэсэн асуудлыг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт үг, үсэг найруулгыг залруулсан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас

-“Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/49 дүгээр дүгнэлт,

-Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Ерөнхий нөхцөлийг магадлах”-ыг зааж, 14.1-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ”, 521 дүгээр зүйлийн 521.2-д “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, гээд 521.2.1-д “энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах”, 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж тус тус заажээ.

3.1. Анхан шатны шүүхээс маргаан бүхий актуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3.2. Учир нь нэхэмжлэгчээс хуурамчаар бүрдүүлсэн гэх Шүүхийн төрөлжсөн архивын 3513 албан бичгийн огноог өөрчлөн илгээсэн нь “илт худал мэдээлэл ... ирүүлсэн” гэж шууд дүгнэх боломжгүй байна.

3.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ” гээд 14.3.1-д “шүүхийн шийдвэр болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас гаргасан баримт бичиг” гэж захиалагчаас тендерийн баримт бичигт харилцагч иргэний шүүхээр маргаагүй талаарх тодорхойлолтыг ирүүлэхийг шаардаж, улмаар нэхэмжлэгчээс өмнө нь Шүүхийн төрөлжсөн архиваас авсан “... 2021 онд нийт 2 удаа буюу 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 6049 тоот албан бичгээр Төрийн худалдан авах ажиллагааны газарт, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/8223 тоот албан бичгээр “Т” ХХК-д тус тус хаяглуулан тодорхойлолт” авсныг тэргүү хэсгийг “ТОДОРХОЙЛОЛТ” гэж өөрчлөн засварлаж, хариуцагчид хүргүүлснийг шууд “илт худал мэдээлэл бүхий” тендерт ирүүлсэн үндэслэлээр буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актуудад дурдсанаар нэхэмжлэгчээс гаргаж өгсөн албан тоотыг засварлаж өгсөн, эсхүл өмнө нь авсан албан тоотоо засваргүй өгөх ёстой эсэх асуудал нь хуурамч бичиг баримт бүрдүүлсэн үндэслэлд хамааруулах нь өөрөө бодитой буюу шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх зарчимд үл нийцэхээр байна. 

3.4. Тодруулбал, хэрэгт авагдсан Шүүхийн төрөлжсөн архивын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3513 дугаар, Шүүхийн төрөлжсөн архивын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 6049 дүгээр, Шүүхийн тусгай архивын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/8223 дугаар албан бичгүүдээр “Х” ХХК-ийг сүүлийн 3 жилийн байдлаар ... иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаагүй болохыг тодорхойлж, тус тодорхойлолтын тэргүү хэсгийг “ТОДОРХОЙЛОЛТ” гэж нэхэмжлэгчээс өөрчлөн засварласан байх ба бодит байдалд нэхэмжлэгч хуулийн этгээдээс иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байсан эсэхийг тодруулсны эцэст улсын байцаагч нь хуульд нийцүүлэн акт гаргах боломжтой, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоор хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

3.5. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн “... нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд захиргааны акт нь шүүхийн шийдвэрт дүгнээгүй өөр бусад үндэслэлээр хууль ёсны дагуу гарах боломжтой байхыг үгүйсгэхгүй, тэрхүү боломжийг анхан шатны шүүхээс хариуцагч нарт олгосон нь зөв боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт үг, үсэг найруулгын алдаа гаргасан байх тул зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 462 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 521 дүгээр зүйлийн 521.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/49 дүгээр дүгнэлт болон Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинээр акт гаргах хүртэл 1 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага шүүхээс тогтоосон 1 сар хүртэлх хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН