Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 835

 

 “Гурван сайхан хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/00238 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Гурван сайхан хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дорнод Монгол полимет” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 144 886 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Отгондаваа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Борхүү

Хариуцагчийн төлөөлөгч: Д.Майцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбартаа: “Гурван сайхан хайрхан” ХХК нь Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт “Дорнод Монгол полимет” ХХК-ийн захиалгаар зоогийн газар, худалдаа үйлчилгээний төвийн зориулалттай 1 188 м.кв талбайтай барилгын ажлыг 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд барьсан

Харин барилгын ажлыг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр захиалагч талын хүсэлтээр зогсоосон болно. “Дорнод Монгол полимет ХХК-ийн удирдлагуудын зүгээс манай компанийн хийсэн ажлыг үгүйсгэж, хэлэлцэн тохиролцсон төлбөр мөнгийг өгөхгүй байна.  

Барилгын ажил явагдаж байх хугацаанд “Дорнод Монгол полимет” ХХК-ийн зүгээс барилгын ажлын санхүүжилтэд нийт 170 910 000 төгрөгийг өгсөн бөгөөд уг мөнгөөр барилгын материал авсан зардалд 124 560 000 төгрөгийг, аж ахуйн зардал болон ажилчдын цалинд 41 850 000 төгрөгийг зарцуулсан. Барилгын материал худалдаж авсан баримтыг тухайн үед “Дорнод Монгол полимет” ХХК-ийн няраваар ажиллаж байсан А.Гантуяад тоо ёсоор хүлээлгэн өгсөн.

Иймд тус барилгын ажлыг гүйцэтгэхэд нийт ажлын хөлс 186 736 000 төгрөг болсон бөгөөд үүнээс аж ахуйн зардал болон ажилчдын цалинд зарцуулсан 41 850 000 төгрөгийг хасаад 144 886 000 төгрөгийг “Дорнод Монгол полимет” ХХК-иас гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Манай компани нь 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын төв дээр худалдаа үйлчилгээний зориулалттай зоорийн 1 давхартай 2 давхар барилга барих ажлыг эхлүүлэхэд иргэн Ч.Отгондаваа нь “Гурван сайхан хайрхан” ХХК-ийн ерөнхий захирал гэж өөрийгөө бусдын компанийн нэрийг барьж, мөн барилга барих тусгай зөвшөөрөлтэй гэж хууран мэхэлж барилгын гүйцэтгэгчээр ажилласан.

Ч.Отгондаваа нь өөрийн дураар барилгын материал хувийн журмаар татан авч, зах зээлийн үнээс илүү нэмэгдүүлсэн өртгөөр зарж, барилгын материалыг хүчээр өгч,  ажилтан мэргэжилтэнгүүд нь барилгын стандарт, нормын шаардлагыг хангахгүй, цаг хугацаа алдаж, ажилдаа хариуцлагагүй хандсан зэрэг алдаа дутагдлууд илэрсэн учраас цаашид хамтран ажиллах боломжгүй болсон.

 “Гурван сайхан хайрхан” ХХК нь “Глобал армур” ХХК, “Цэнцэнат” ХХК нь “Аз өрнөх” ХХК-ийн охин компаниудтай гэж хуурамч материалууд бүрдүүлж ирсэн. Бусдын “Барилгын зөвшөөрөл”-өөр барилга барьдаг нь нэгэнт тодорхой болсон. Мөн түүнчлэн “Гурван сайхан хайрхан” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Б.Оюунчимэг нь тус компанийн ерөнхий захирал бөгөөд компанийн дүрмийн 3.6, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасны дагуу Б.Оюунчимэг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэжээ. Иймд ерөнхий захирал нь адилхан ерөнхий болон захирлаа томилдог тус компани хоёр захиралтай болж байгаа дүр зураг нь компанийн тухай хууль тогтоомж зөрчсөн төдийгүй гэнэт улсын бүртгэлд бүртгэгдээгүй байж ерөнхий захирал болж томилогдсон нь эргэлзээтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт болгож эрүүгийн хэрэгт хийлгэсэн “Барилгын хөгжлийн төвийн “Төсөв” гэх баримтыг гаргаж өгчээ. Харин нэхэмжлэгч өөрийн зүгээс ажилчдад цалин төлж байсан баримт, материалын зарцуулалтын баримт, техник худалдаж авсан юмуу, хөлсөлж ажиллуулсан талаар баримт зэрэг санхүүгийн анхан шатны баримтууд гаргаж өгч чадаагүй байх тул дээрхи “Төсөв”-ийн дагуу тооцоолж гаргасан зөрүү болох 136 121 963 төгрөгийн зардлыг чухамхүү нэхэмжлэгч өөрөөсөө гаргасан буюу нэхэмжлэн авах эрхтэй гэдгээ нотолж чадаагүй байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн баримтгүй тул НӨАТ 45 436 186 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэл байхгүй юм.

Ингээд нийтдээ 199 787 579 төгрөгийн зардлыг хариуцагчаас төлүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Талуудын хооронд ямар гэрээний харилцаа үүссэн нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч өөрийн шаардлагыг эрүүгийн хэрэгт хийгдсэн шинжээчийн дүгнэлтээс өөр байдлаар нотолж чадахгүй байна гэж бид үзэж байна.

Хариуцагч компанийн захирал нь нэхэмжлэгч талд 20 000 000 төгрөгийг төлөөд эвлэрэх боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Дорнод Монгол полимет” ХХК-иас 94 271 963 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Гурван сайхан хайрхан” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50 614 037 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 882 380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 629 310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "...эрүүгийн хэрэгт томилогдон ажилласан шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтээс үзэхэд Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэр дэх худалдаа үйлчилгээний зориулалтаар 1 188 м.кв талбай бүхий барилгын ажлын нийт төсөвт өртөг нь 518 115 899 төгрөг болсон ба “Дорнод Монгол полимет” ХХК-иас өөрийн бариулж байсан барилгад оруулсан зардал нь 381 993 936 төгрөг ажлын үлдэгдэл өртөг 136 121 963 төгрөг болсон байна.." гэж иш татан дүгнээд, энэ дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан нь учир дутагдалтай болсон.

Энэхүү дүгнэлтийг дараахи үндэслэлүүдээр хууль ёсны гэж үзэхэд эргэлзээтэй байгаа болно. Үүнд шинжээчийн дүгнэлтийг тухайн үед Булган аймгийн Цагдаагийн хэлтэст "Дорнод Монгол полимет" ХХК-ийн гомдлоор, барилга бариулахад зориулан шилжүүлсэн мөнгийг гүйцэтгэгч “Гурван сайхан хайрхан" ХХК-ийн ажилтан Ч.Отгондаваа нь хувьдаа завшиж үрэгдүүлж байна гэх асуудлаар шалгуулж байсан үед мөрдөн байцаагчийн тогтоолоор томилж хийлгэсэн гэх боловч шинжээчид хууль сануулсан баримт иргэний хэрэгт байхгүй байна.

Энэ дүгнэлтийг тухайн үед хохирогчийн төлөөлөгчид танилцуулаагүй тул тэрээр дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол санал хүсэлт гаргах, шинжээчийг татгалзах зэрэг хуульд заагдсан эрхүүдээ эдэлж чадаагүй юм.

Шинжээчийн дүгнэлт гаргасан "Барилгын хөгжлийн төв" нь "Төсөв" гэх баримт гаргаж өгчээ. Энэ бол иймэрхүү барилга барихад ерөнхийдөө иймэрхүү машин механизм ашиглагддаг, иймэрхүү тооны хүн хүч шаардагддаг гэсэн л төсөөлөл тойм төдий зүйл болохоос чухамхүү энэ гүйцэтгэгч өөрөөсөө ийм хэмжээний цалинг ажилчдад төлсөн, мөн яг ийм машин механизм ажиллуулсан гэдгийг нотлох баримт биш гэж үзэж байна. Энэ нэхэмжлэгч 136 121 963 төгрөгийн зардал өөрөөсөө гаргаснаа одоо захиалагчаас гаргуулан авахаар нэхэмжлэх эрхтэй болохыг нотлох зардлын болон санхүүгийн баримтууд гарган өгч чадаагүй байгаа.

Шинжээч нь хариуцагч буюу барилгын захиалагчийн талын гаргасан зардлын дотор машин механизм хөлслөхөд зориулан мөнгө гаргаж, мөн тээврийн зардалд гэх утгаар мөнгө зарлагадаж байсныг дүгнэсэн байгаагаас үзэхэд энэ төрлийн зардлыг нэхэмжлэгч өөрөөсөө гаргасан гэж үзэхээргүй байна. Энд 24 983 685 төгрөгийн болон тээврийн зардал 35 344 548 төгрөгийг тус тус төсөвлөгдсөнийг хариуцагч төлөх үндэслэлгүй болно.

Түүнчлэн "Төсөв" гэх баримт бичгийн бүрдэл хэсгүүд дотор "Машин механизмын зардал" гэх нэрээр хоёр өөр хүснэгт байгаа нь ойлгомжгүй байна.

Төсвийн бүрдүүлбэр дэх "Цалингийн нэгтгэл" гэх хүснэгтийн дагуу нийлбэр дүнгээр 76 523 160 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлгүй юм. Учир нь гүйцэтгэгч нь ажилчдын цалин хөлсөнд тухайн үед ийм мөнгө зарцуулж байгаагүй. Энэ тухай баримт гаргаж өгөөгүй байгаа. Орон нутгаас хөлсний ажилчид өдөрт хорин мянган төгрөгөөр цалинжуулж ажиллуулж байсан.

Энэ компани барилга барих тусгай зөвшөөрөл байхгүй. Өөрийн гэсэн ажилчид цөөтэй байсан. Өөрийнх нь нэхэмжлэлд дагуулж гаргаж өгсөн "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны санамж бичгийн дэвтэр"-т дэвтэр хөтлөгч өөрөө 20-40 хүний нэр бичсэн байх хэдий ч ард нь гарын үсэг зурагдсан байдлаас харахад заримдаа нэг хоёрхон хүн, дээд тал 10 орчим хүн ажиллаж байжээ гэж харагдаж байна.

Мөн ажилчидтай байгуулсан гэрээ байхгүй, цалин олгож байсан баримт байхгүй байна.

Нэхэмжлэгч нь НӨАТ төлөгчөөр бүргүүлсэн баримт алга байна. Олсон орлогоосоо НӨАТ төлсөн гэх баримт мөн байхгүй байхад "Төсөв"-т дурдсанчлан 45 436 186 төгрөгийг хариуцагч төлөх үндэсгүй юм.

Өртгийн товчооны "9" дүгээрт бичигдсэн,"3ураг төсөл.геологийн үнэ" гэх 17 500 000 төгрөгийн зардал нэхэмжлэгчээс гараагүй. Энэ төрлийн зардлыг барилга бариулагч захиалагч өөрөөсөө гаргасан нь тодорхой зүйл юм.

Нэхэмжлэгч нийт 199 787 579 төгрөгийг нэхэмжилсэн байх атал шүүх зөвхөн 136 121 963 төгрөгийн асуудлыг дүгнэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч ч анхнаасаа тодорхойгүй нэхэмжлэл гаргасан байна. 199 787 579 төгрөгийн 136 121 963 төгрөг нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан ажлын үлдэгдэл өртөг гэх зүйл юм бол нэхэмжлэлийн үлдэх хэсэг нь тодорхойгүй байна.

Иймд шийдвэрийг хянан үзэж, өөрчлөлт оруулж, хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа хэмжээ буюу 20 000 000 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Гурван сайхан хайрхан” ХХК нь хариуцагч “Дорнод Монгол полимет” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 144 886 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч “Гурван сайхан хайрхан” ХХК нь Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт зоогийн газар, худалдаа үйлчилгээний зориулалттай 1 188 м.кв талбайтай барилгын ажлыг 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн, захиалагч буюу хариуцагч “Дорнод Монгол полимет” ХХК нь ажлын хөлсөнд 170 910 000 төгрөгийг төлсөн, амаар гэрээ байгуулсан зэрэг үйл баримтад талууд маргаагүй, гагцхүү гүйцэтгэсэн ажлын үр дүн, түүний хэмжээний талаар маргажээ.

 

Булган аймгийн Цагдаагийн газраас 201606000018 тоот эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын явцад хийгдсэн гэх “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГазрын шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтийн хуулбарыг тухайн байгууллагын хуулбар үнэн дардас даруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч буюу хэргийн оролцогч өөрөө шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримт болно.

 

Хэргийн оролцогчийн өмгөөлөгчийн шүүхэд нотлох баримтаар гаргасан уг шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу томилогдсон шинжээчийн дүгнэлт бишээс гадна дангаар нь маргааны үйл баримтад хамаарах нотлох баримт болгон үнэлэх боломжгүй юм.

 

Гэтэл анхан шатны шүүх уг нотлох баримтыг үнэлэхдээ шинжээчийн дүгнэлт буюу мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр ажлын үр дүнгийн хэмжээ тодорхой болсон гэж дүгнэсэн  нь нотлох баримт бүрдүүлэх, үнэлэх хуулиар тогтоосон журамд нийцэхгүй. Шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэхдээ шүүхээс албан ёсоор шинжээч томилсон захирамж гаргах, шинжээчид эрх үүрэг, ашиг сонирхолын зөрчил байгаа эсэхийг тайлбарлах, тухайн иргэний хэрэгт хамааралтай ямар үйл баримтын талаар дүгнэлт гаргахыг тодорхой заасан байх ёстой. Иймд уг шинжээчийн дүгнэлт гэх нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэх,  шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх нь хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлах үүрэгтэй бөгөөд энэ үүргийн хүрээнд талуудаас гаргаж өгөх нотлох баримт нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан байх талаар тайлбарласан эсэх нь эргэлзээтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн оролцогчийн эрхийг зөрчигдсөн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/00238 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Дорнод Монгол полимет” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529 310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА