| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0278/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/276 |
| Огноо | 2020-08-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Баянбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч Г.Баянбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,
Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-ийн Г-ад холбогдох эрүүгийн 2038003790309 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.Г нь 2020 оны 06 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төвөөс хохирогч Я.Дын мотоциклийг хулгайлж, 1.387.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Г нь 2020 оны 06 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төвөөс хохирогч Я.Дын мотоциклийг хулгайлж, 1.387.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038003790309 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Я.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хөдөөнөөс сонгуулийн уулзалтанд орж ирээд байж байхад, ганц хоёр найз тааралдаад сумын төвийн урд талын гудамжны хашаан дотор нөгөө хэдтэйгээ архи ууж байгаад орой 12 цагийн үед мотоциклио асаах гэсэн боловч түлхүүрээ олохоо байгаад, унаагаа тэр эзэнгүй хашаанд орхиод найз Нын хамт айлд очиж хонохоор явсан. Тэгээд өглөө нь 04 цагийн үед мотоциклийн түлхүүрээ олоод, мотоциклио үлдээсэн эзэнгүй хашаанд очиход миний унаа байхгүй байсан. Тэгээд сумын цагдаад мотоциклио хулгайд алдсан талаар мэдэгдсэн. Хятад улсад үйлдвэрлэсэн Даюун маркийн улаан өнгөтэй мотоцикль байсан.,.2019 оны 10 сард 1.850.000 төгрөгөөр дүү Буянцогоос авсан...” гэх мэдүүлэг,/хх-ийн 7-8,9-11-р тал/
Гэрч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай ах 1 дүгээр ангид суугаад мал маллаж эхэлсэн. Манай ах их даруу төлөв, хүний үгээр, элдэв ааш зан байхгүй, архи согтууруулах ундааны зүйл нэг их хэрэглэдэггүй хүн байгаа юм...Манай ах өмнө ийм зүйл болж байгаагүй. Анх удаа ийм зүйл хийсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/
Шүүгдэгч А.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би дээрх гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байсан юм аа. Сонгуулийн уулзалтаар хөдөөнөөс ганцаараа орж ирсэн юм аа. Тэгээд сонгуулийн уулзалтад суугаад дараагаар нь гудманд явж байгаад “Даюун” маркийн улсын дугааргүй, улаан өнгийн, хуучин мотоцикль байхаар нь утсыг нь салгаж асаагаад хөдөө гэр рүүгээ явсан... хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Мотоциклоо цагдаад хураалгасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29-р тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 17-19-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 31-33-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч А.Г нь 2020 оны 06 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төвөөс хохирогч Я.Дын мотоциклийг нууцаар, хууль бусаар авч, 1.387.500 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хохирогч Я.Дын мэдүүлэг,/хх-ийн 7-8,9-11-р тал/, шүүгдэгч А.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 17-19-р тал/ зэрэг хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт тусгагдсан хохирогчийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч нь хохирогчийн өмчлөх эрхэд халдсан хууль бус үйлдэл нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар, үнэ төлбөргүйгээр бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах гэсэн шунахайн сэдэл, түүний хууль, эрх зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн эд хөрөнгөндөө анхаарал, хяналтгүй, хайнга хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч А.Г нь хохирогч Я.Дын өмчлөх эрхэд халдан хохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс гомдол саналгүй болсон, эд зүйл, хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-ийн 34-36-р тал/хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч А.Г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн гэж үзэн хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч А.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэв.
Эрүүгийн 2038003790309 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт А-ийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч А.Гад хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 2038003790309 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР