Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/286

 

                        

 

 

 

 

 

 

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дын Гт холбогдох эрүүгийн 1938009390323 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хийтийн гол зочид буудалд хохирогч Ц.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хийтийн гол зочид буудалд хохирогч Ц.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938009390323 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.    

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед эхнэрийн ажил болох "Хийтийн гол" зочид буудалд байж байтал манай сумын 12 хүн орж ирж таарсан. Тэгээд нэг нутгийн хүмүүс байна гээд мэнд ус мэдээд тэд нар 101 тоот өрөөнд орсон. Тэд нар орж ирэхдээ сумын сайн малчин, сумын аварга малчин, мянгат малчин болсон гээд орж ирсэн. Тэгээд нэг голын хүмүүс байна гээд орсон. Тэгээд намайг дуудахаар нь ороод суусан. Тэд нар нийт 12 шил архи тавьчихсан байсан. Тэгээд бид нар тэр архийг уусан. Тэгээд шөнийн 02 цаг болж байхад зарим нь тасраад уначихсан энд тэнд л байж байсан. Тэгсэн чинь Г би мянгат болсон хүн, чи бол буудлын мухар сахидаг гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би юм дуугараагүй нэлээн тэссэн. Тэгээд сүүлдээ бүр болохоо байгаад Ш гэх залуу руу чи хүний бөгс долоож явдаг гэх мэтээр дайрч байсан. Тэгээд сүүлдээ намайг орон дээр сууж байтал намайг алгадаад авахаар нь би барилцаж аваад намайг орон дээр дараад авсан. Тэгээд Ш салгахаар нь би тэр өрөөнөөс гараад коридорт нэг хүнтэй юм яриад сууж байтал Г ирээд намайг өшиглөөд авсан юм. Тэгээд бид хоёр дахиад барилцаад автал Ш салгасан. Сүүлдээ бүр зодолдохгүй зууралдаад нэг нэгнийгээ бол сүртэй цохиж, зодсон зүйл байхгүй байсан. Тэгээд тэнд цонх хагалаад, сүүлдээ Ш, С, Г бид 4 гараад 9 дүгээр хороонд Шынд очих гээд манай эхнэрийн машинаар хүргүүлсэн. Тэгээд тэдний гадаа байж байгаад л маргалдаж, хэрэлдээд л яваад байсан. Тэгсэн намайг зогсож байтал нэг хүн араас цохиод унагаачихсан. Тэрхэн үед би ухаан балартаад уначихсан. Нэг сэргээд босоод ирсэн чинь Ш Гыг дараад авчихсан байсан. Би очоод зодолдох гэсэн Ш боль гээд намайг алгадаад тайвшруулсан. Тэгээд миний толгойноос цус гойжоод тогтохгүй байсан. Тэгээд эхнэрийн ажил дээр ирээд буцаад гэртээ харьж хоносон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/

              Гэрч Б.Блын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн орчимд аймгийн захиргааны хурлын заааланд Манлай малчдын зөвөлгөөнд оролцоод орой 20 цагийн орчимд Жаргалан ресторанд хүлээн авалтанд оролцсон юм. Тэгээд тэнд хоол унд идээд нэг ширээн дээр гурван шил архи байсныг 10 хүн хувааж уусан. Тэгээд орой 00 цагийн орчимд тараад тэнд байсан малчид нийлж гараад нэг газар очиж ганц нэг архи ууя гэж ярьцгаасан. Тэгээд мөнгө төгрөг нийлүүлээд хэдэн шил архи аваад захын урд байдаг “Хийтийн гол” буудалд очоод ортол манай нутгийн Г ах жижүүр хийж байсан. Тэгээд нутгийн хүмүүс ирлээ гээд л нэг өрөөнд ороод сууцгаасан. Тэндээ архи дарс, идэж уух юмаа идээд юм яриад л сууж байтал Г ах орж ирээд бид нарын ууж байсан архи дарснаас ууж идсэн. Тэгээд сүүлдээ Г ахыг хаяад буудлаас Г, Тосонцэнгэл сумын харьяат С гэх хүн, Баянзүрхийн Жар гэх залуу бид нар гараад явах гэж байтал араас Г ах гарч ирээд цуг явах гээд таксинд багтаагүй үлдсэн. Тэгээд манай гэрийн үүдэнд очоод би гэртээ орох гэж байтал Г ах араас эхнэрийнхээ машинаар хүргүүлээд очсон байсан. Тэгээд эхнэр нь би энэ хүнийг яах гэж авчирч байгаа юм гэтэл та нар дээр очино гэж байна гээд миний үгэнд орохгүй байна гэж хэлээд хаяад явчихсан юм. Тэгээд удаагүй байтал тэр хоёр зодолдоод барьцалдаад авсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-34-р хуудас/,

              Гэрч Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд би тэнд сууж байгаад тасарчихсан. Тэгээд тэнд хүмүүс хэрэлдэж маргалдаад байх шиг байсан. Би яг хэн хэнтэй яаж зодолдсон талаар мэдэхгүй байна. Г, Г, Ш нар хэрэлдэж зодолдож, салгасан гэж дараа сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/

              Гэрч Х.Дгийн мөрдөн шалгах ажиллаагааны явцад өгсөн: “... 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би ажил дээрээ байж байгаад орой 00 цаг орчмын үед гэр рүүгээ явсан. Тэр хооронд манай нөхөр ажил дээрээ үлдсэн. Би гэртээ харьчхаад гэр орноо янзалчихаад ирсэн. Тэгээд ирэхэд манай буудлын 101 тоот өрөөнд нэлээн хэдэн хүн орчихсон архи уугаад сууж байсан. Нэг өрөөнд ийм олуулаа архи ууж болохгүй гэдгийг хэлсэн. Тэгсэн тэр дунд манай нөхөр сууж байхаар нь чи энд сууж болохгүй ш дээ гэсэн чинь Ш гэх залуу би нутгийн ахыг таньдаг учир ороод ирээч гэж гуйгаад оруулж ирсэн юм гэж байсан. Тэгээд би тэр үед нэг их тоолгүй хаясан юм. Тэгсэн тэр өрөөнөөс дуу чимээ гараад байхаар нь би ортол Ш гэх хүн Г гэх хүн хоёр би ч юмтай хүн гээд маргалдаж байсан. Тэгээд удалгүй Г гэдэг хүн манай нөхөр Г хоёр маргалдаж өрөөнөөс зууралдаад гараад ирсэн. Тэгэхээр нь Ш бид 2 салгаад авсан. Тэгээд өрөө рүүгээ буцаад орсон. Удалгүй л маргалдаад гараад ирсэн тэгээд манай нөхөр кродорт нэг хүнтэй сууж байтал Г гэх хүн гарч ирээд нүүр рүү нь өшиглөөд авсан. Тэгээд дахиад зодоон эхэлж, нилээн ширүүн болоод Ш бид хоёр салгасан. Хэсэг байж байгаад за учир зүйгээ олцгооё гээд ярьж байснаа л маргалдаад барьцалдаад аваад байсан юм. Энэ нь бол олон удаа болсон эвлэрэе, учраа ольё гэх мэтээр нэлээн олон удаа болсон. Тэгээд сүүлдээ барьцалдаж авахаараа Г гэх хүн Гыг бол дарж дээр гарчихаад байсан юм...Тэр Г гэх хүн манай нөхөр бид хоёрыг буудал сахисан гуйлгачин, түүлэгчин гэх мэтээр дуудаж л байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41-р хуудас/

              Гэрч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ Миний хажууд бол тэгж зодолдох юм огт болоогүй. Машин дотор явж байхдаа маргалдсан зүйл байгаагүй. Тэр талаар бол надад мэдэх зүйл огт байхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/

              Гэрч Ч.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгэхэд Г нь Хийтийн гол зочид буудлын манаач хийж байсан. Бид нар хамт пиво ууж сууцгааж байхад Г, Г нар хэрэлдэж, маргалдаад эхлэхээр нь би Батбаяр найзыгаа аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р тал/

              Шүүгдэгч Д.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Г нь эхнэр хүүхэдтэйгээ маргалдаад байсан. Тэгснээ манай өрөөнд орж ирээд хүн болгонтой маргалдаж байснаа намайг хараад чи муу янзын пизда гээд орон дээр дараад боож, ам руу цохиод эхэлсэн. Тэгээд Бл салгаад босгосон...Тэгээд бид хоёр маргалдаад  Г намайг барьж аваад боогоод цохиж нүдээд байхаар нь салаад явахдаа шанаа хэсэгт цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/

              Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                        12 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай: Ц.Гын биед гэмтэл учирсан байна. Ц.Гын биед тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, духны зөөлөн эд няцралт, баруун чамархай болон дагзны хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Ц.Гын биед учирсан гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 57-р тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14-р тал/

Гэрч хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 49-55-р тал/

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-80-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.         

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хийтийн гол зочид буудалд хохирогч Ц.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

              Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хохирогч Ц.Гын мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/, гэрч Б.Блын мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/, гэрч Сгийн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/, гэрч Х.Дгийн мэдүүлэг /хх-ийн 39-41-р хуудас/, гэрч Д.Цгийн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/, гэрч Ч.Мын мэдүүлэг /хх-ийн 48-р тал/, шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

              Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн  байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Хохирогч Ц.Гын эрүүл мэндэд халдсан шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийн  шүүгдэгч Д.Гын гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгч Д.Г, хохирогч нарын таарамжгүй харилцаа, согтуурсан байдал, нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч Д.Г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 80-р тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Г нь хохирогч Ц.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирол төлсөн тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 92-р тал/

Шүүгдэгч Д.Гын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хоёр зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

1938009390323 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Мойндог овогт Дгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мойндог овогт Дгийн Гыг хоёр зуун наян /280/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн 1938009390323 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд

шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР