Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/288

 

 

                        

 

 

 

 

 

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Чыбн Дд холбогдох эрүүгийн 2038003990336 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ч.Д нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Мунгарагийн Халзан хөшиг гэх газраас 0.833 метр куб модыг хууль бусаар бэлтгэж, 492.802 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Ч.Д нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Мунгарагийн Халзан хөшиг гэх газраас 0.833 метр куб модыг хууль бусаар бэлтгэж, 492.802 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038003990336 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 3 дугаар багийн нутагт 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын 22-ны хооронд янгир ямааны хяналт шалгалтаар явж байхад “Мунгарагийн Халзан хөшиг” гэх газрын ой модон дотор мод унагааж 6 ширхэг 4 метрийн модыг голоор нь хувааж бэлтгэсэн байсан. Тухайн мод бэлтгэсэн байдлыг зураг дарж бэхжүүлээд тусгай хамгаалалтын газрын даргадаа танилцуулахад экологийн цагдаа Шаарийд танилцуул гэж хэлсэн. Ингээд Шаарий цагдаад болсон явдлыг хэлсэн. ... Дараа нь шалгалтаар Шаарий цагдаатай явж байхад Д бэлтгэсэн гэдгийг мэдсэн. Шаарий цагдаа Дтэй уулзахад зөвшөөрөлгүй мод бэлтгэснээ хэлж байсан” гэх мэдуүлэг, /хх-ийн 20-21-р хуудас/

              Гэрч Ц.Мын: “... 2020 оны 03 дугаар сарын хэдний өдрийг мэдэхгүй байна. Манай гэрийн ойролцоо хаваржиж байсан Д малын хашаа барих гээд хэдэн цөөхөн мод “Мунгарагийн халзан хөшиг”-ний үзүүрийн модноос мод унагааж голоор хувааж бэлдсэн талаар ярьж байсан. Тэгээд малд явж байгаад “Мунгарагийн Халзан хөшиг”-ний модон дотор очиход гол хуваасан 12 ширхэг мод байсан. Мөн сүүлд хүртэл Шаарий цагдаатай бэлтгэсэн газар цуг очиж үзлэг шалгалт хийхэд нь цуг явсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р хуудас/,

              Шүүгдэгч Ч.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр малын хашаа сэлбэж барих зорилгоор Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Мунгарагийн халзан хөшгийн үзүүр гэх газарт 6 ширхэг мод унагааж, голоор нь хөрөөдөж хуваасан модоо авч чадаагүй байхад Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын экологийн байцаагч тусгай хамгааллатын байгаль хамгаалагч нар ирж шалгаад унагаасан газрыг заалгаж үзлэг хийгээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/

              Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” сум дундын ойн ангийн инженер М.Бямбацогтын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2020/11 дугаартай: “...Ч.Дгийн ойгоос зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 12 гол хуваасан хэрэглээний нойтон мод байв. Уг мод нь хэрэглээний хуурай мод мөн. Уг мод бэлтгэсэн гэх газар нь 1 дүгээр мужид хамаарна... экологи эдийн засгийн үнэлгээ 492.802 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/

              Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэний: “...Ч.Дгийн ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ нийт 1.478.406 төгрөг болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/

              Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/

              Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7-р тал/

              Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 8-11-р тал/

              Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагааны явуулах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12-14-р тал/

              Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуулас, /хх-ийн 66-69-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.         

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Хэргээс үзэхэд шүүгдэгч Ч.Д нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд буюу Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Мунгарагийн Халзан хөшиг гэх газраас 0.833 метр куб хэмжээтэй модыг хууль бусаар бэлтгэж, 492.802 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.  

   Шүүгдэгч Ч.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт тусгагдсан шинжээчийн дүгнэлтүүд, хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэв.

              Шүүгдэгч нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, Байгал орчин, ойн санд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Ч.Дгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

   Шүүгдэгчийн Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, энэ талаарх хууль тогтоомжийг таниулах урьдчилан сэргийлэх ажиллагаа хийгдээгүй зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Ч.Дг Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Д нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ч.Дгийн гэм буруутай үйлдлийн улмаас ойн экологи-эдийн засагт 492.802 төгрөгийн хохирол учирсан байна. Монгол Улсын Байгаль Орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байна.  

Шүүгдэгч нь экологи-эдийн засгийн хохирол, нөхөн төлбөрт 492.802x3=1.478.406 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхийг илэрхийлсэн талаар эвлэрлийн гэрээ /хх-ийн 53-р тал/  хэрэгт авагдсан байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Ч.Дгөөс 1.478.406 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгуулах нь зүйтэй.

.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сүх 1 ширхэг, цахилгаан хөрөө 1 ширхэг, мөн битүүмжлэгдсэн 0.833 метр куб хэмжээний нойтон шинэс модыг хурааж, хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн 2038003990336 дугаартай хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1.Шүүгдэгч Э овогт Чын Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Э овогт Чын Дг Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дгийн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ч.Дд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөө нэг ширхэг, сүх нэг ширхэг, битүүмжлэгдсэн 0.833 метр куб хэмжээтэй нойтон шинэс модыг хурааж, хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

7. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Ч.Дгөөс 1.478.406 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.

8. Эрүүгийн 2038003990336 дугаартай хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР