Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/298

 

                        

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Д.Батзаяа,

Иргэний хариуцагч Ц.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сын Бт холбогдох эрүүгийн 2038003730344 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Тоёото-Пилдер маркийн 17-49 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч 3 настай Б.Хгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Тоёото-Пилдер маркийн 17-49 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч 3 настай Б.Хгийн амь насыг хохироосон гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 

Хохирогч Ш.Мгийн: “...2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн орчим Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд 17-49 УБҮ улсын дугаартай Тоёото-Пилдер маркийн тээврийн хэрэгслээр өөрийн нөхрийн төрсөн ах Б, түүний эхнэр А, охин Э, А эгчийн хамаатны хүүхэд болох Э, өөрийн хүү Б овогтой Х, охин Б.А нарын хамт хөдөлсөн. Ингээд замдаа хээр нэг хоноод Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн орчим ирээд нэг айлд хоносон. Ингээд 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн орчим Хөвсгөл далай руу явж тэндээ зураг авахуулж завин дээр сууж 2-3 цаг хэрээтэй болоод Мөрөн сумын чиглэлд буцаад хөдөлсөн. Хатгалаас хөдлөхдөө Б ах машинаа жолоодоод, жолоочийн хажуу талын суудалд эхнэр А нь охиныхоо хамт суугаад арын суудалд буюу жолоочийн ар талын суудалд би суугаад баруун талын гуя нь дээрээ охиноо суулгаад миний зүүн талд талийгч хүү маань суугаад талийгчийн хажуу талд А эгчийн хамаатных нь хүүхэд болох Э гэх банди сууж явсан. Ингээд явж байтал би охинтойгоо суудлаасаа дээшээ үсэрсэн. Тэгээд урагшаа харахад С.Б ах үрүүлээ дараад сандарсан бололтой харагдсан. Тэгээд машин онхолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/,

Иргэний хариуцагч Ц.Сын:“...2020 оны 06 дугаар сарын 06-ны шөнө Увс аймгийн ЗүүнХ суманд явж байгаад авга ахаасаа зам тээврийн осол болсон талаар мэдсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй би өөрөө л хүүхдэдээ машинаа өгч явуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 37 дугаар тал,

Гэрч Э.Аын мэдүүлэг: “...2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн орчим Хөвсгөл аймгийн чиглэлд хөдлөөд замдаа хээр нэг хоносон. Ингээд 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 19-20 цагийн орчим Мөрөн суманд ирээд нэг айлд хоносон. Ингээд өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагийн орчим Мөрөн сумаас “Хөвсгөл далай” орохоор хөдөлсөн. Замдаа зураг авч явсаар байгаад 17 цагийн орчим Хөвсгөл далай дээр очоод тэндээ зураг авахуулж хэсэг байж байгаад 19 цагийн орчим Мөрөн сум руу хөдөлсөн. Хөдлөхдөө манай нөхөр Б өөрийн аавын эзэмшлийн 17-49 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож жолоочийн хажуугийн урд суудалд би өөрийн охин Эгийн хамт суугаад, арын суудалд буюу жолоочийн чанх хойно талийгчийн ээж нь бага хүүхдээ тэврээд, түүний хажууд миний насанд хүрээгүй дүү Хатантөмөр талийгчийг тэвэрчихсэн явсан. Тэгээд зам нь их муухай дээшээ доошоо овс хийгээд явж байтал манай нөхөр жолоочийн хүрдээ огцом дарчих шиг болсон. Би хүүхэд рүүгээ харж байгаад нэг харсан чинь үрүүлээ огцом дарж байсан. Миний хувьд үрүүлийг нь өөрөө цааш нь дарчихдаг юм уу гэж бодсоноо, бүр болохгүй юм болов уу гэж бодсон. Тэгээд яах ийхийн зуургүй машин онхолдсон. Гадаа гэгээтэй үзэгдэх орчин хэвийн байсан. Бага зэргийн салхитай байсан байх. Урдаас тээврийн хэрэгсэл ирж харагдаагүй. хэдэн км цагийн хурдтай явсан гэдгийг нь мэдэхгүй байна. зогсоох арга хэмжээ авсан үгүйг ч мэдэхгүй байна. ямар ч байсан нэг харахад үрүүлээ хажуу тийш нь дарж харагдсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Талийгчаас бусад нь суудлын бүстэй явсан. Талийгчийг сул тэвэрч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр тал/,

Гэрч Б.Шын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Мөрөн сумын чиглэлд явж байгаад би осолддог машины урд талын машинд сууж явсан. Тэгээд бид хэд түрүүлж явж байгаад араас ирж яваа 17-49 УБҮ дугаартай машиныг 50-100-гийн уулзвар дээр хүлээгээд зогсож байсан. Тэгсэн утас дуугараад миний явж байсан машины жолоочийн эхнэр А, Ш руу яриад буцаад ирээ манай машин осолдчихлоо гэж хэлсэн. Бид хэд тэр дороо буцаад нөгөө хэд дээрээ очиход жолооч нь гарч ирээд сууж байсан. Эхнэр нь хажууд нь байсан. Өнгөрдөг Х гээд хүүхдийг ээж нь тэврээд уйлчихсан сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,

Гэрч Э.Шын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Замдаа нэлээн явж байгаад Мөрөн суманд байдаг найз залуу маань энд 50-100 гэдэг газраар дайраад өнгөрье гэж ярьсан. 50-100 гэдэг газар  руу очдог уулзвар дээр нөгөө машинаасаа түрүүлж очоод хүлээж байсан. Тэгээд удаагүй байж байтал ард хоцорсон машинд сууж явж байсан А гэдэг охин миний дугаар руу залгаад бид хэд осолдчихлоо хурдан хүрээд ир гэж хэлсэн. Бид хэд буцаад яваад очсон чинь нөгөө 17-49 УБҮ улсын дугаартай машин осолдоод хөмөрчихсөн байсан. Хажууд нь замд явж байсан 2 машин зогсож байсан. Машин дотор хүмүүс нь гараад ирсэн. Өнгөрдөг 3 настай Хгийн ээж М хүүгээ өвөр дээрээ тэвэрчихсэн уйлаад сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/

Шүүгдэгч С.Бын  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 13 цагийн орчим Хөвсгөл далай явж үзье гэж ярилцаад Хөвсгөл далай дээр очсон. Тэндээ хэсэг байж байгаад 19 цагийн орчим Мөрөн сум руу буцсан. Мөрөн сум руу буцахдаа би машин жолоодсон. Жолоочийн хажуугийн урд талын суудалд миний эхнэр, охин хоёр суугаад арын суудалд миний төрсөн дүүгийн эхнэр 2 хүүхдийнхээ хамт суусан. Аын хамаатны дүү болох Э сууж явсан. Тэгээд замын талд орсон байх гэж бодоод явж байснаа санаж байгаа. Үүнээс хойш юу болсон талаар санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 80 дугаартай “...амь хохирогч Б.Х нь авто ослын улмаас гавал тархи болон цээжиндээ хавсарсан гэмтэл авч төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан” гэх дүгнэлт / хх-ийн 51 дүгээр тал /

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 317 дугаартай: “С.Мгийн биед сээр нурууны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн. С.Мгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт / хх-ийн 64 дүгээр тал /,

Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Энхтүвшингийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн:  Пилдер маркийн 17-49 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйл “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” мөн дүрмийн “12.3 дугаар зүйлд Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 23 дугаар зүйл Хүн тээвэрлэх 23.8 дугаар зүйл “Суудлын машинд болон ачааны машины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэх магадлагаа /хх-ийн 82-84 дүгээр тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8-р тал/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16-р тал/

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18-р тал/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 19-23, 24-28-р тал/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Бын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Энержи ресурс ХХК-ийн Ухаа худаг салбарын захирлын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98-101, 109-р тал/

 

 Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

   Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч Ш.Мгийн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/, иргэний хариуцагч Ц.Сын мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрч Э.Аын мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр тал/, гэрч Б.Шын мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/, гэрч Э.Шын мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,  зам тээврийн осол, хохирогчийн амь хохирсон шинж байдлыг тусгай мэдлэгийн хүрээнд тогтоосон 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 82-84 дүгээр тал/,  Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 80 дугаартай дүгнэлт /хх-ийн 51 дүгээр тал/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 317 дугаартай дүгнэлт / хх-ийн 64 дүгээр тал /, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв. 

              Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй, тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, болгоомжгүй үйлдлийн  улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон байна.

              Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч С.Бын гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.Хн амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүй, анхаарал болгоомжгүй нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч С.М нь цаашид нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй болсон тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 102-р хуудас/

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

  Шүүгдэгч С.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдлыг харгалзан үзсэн болно.

              Эрүүгийн 2038003730344 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч С.Бын №1007665 дугаартай В, С, Д ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

              Хэрэгт 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 49 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож,  битүүмжлэгдсэн 17-49 УБҮ улсын дугаартай Ц.Сын эзэмшлийн Пилдер маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байх тул эзэмшигчид нь олгох нь зүйтэй.

              Эрүүгийн 2038003730344 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Эн овгийн Сын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эн овгийн Сын Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан С.Бт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 49 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 17-49 УБҮ улсын дугаартай Пилдер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ц.Ст нь буцааж олгосугай.

8. Эрүүгийн 2038003730344 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч С.Бын №1007665 дугаартай В, С, Д ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгасугай.

9. Эрүүгийн 2038003730344 дугаар хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

10.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР