Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 102

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, Найман овогт Шаривханы Өнербекийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /захирал И.Жанболат/-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Өнербек, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Бахытбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/110 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч Ш.Өнербек шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Өнербек би тус аймаг дахь МСҮТ-ийн захирлын 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Манаачийн орон тоог нэмэх тухай 26 дугаар тушаалаар тус төвийн манаачаар, мөн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 28-ны Ажилд томилох хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай 80 дугаар тушаалаар дотуур байрны багшаар тус тус томилогдон ажиллаж байгаад орон тооны цомхтголд орж үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд дотуур байрны багш Д.Айгүл нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралт авсан тул төвийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/93 тоот тушаалаар түүний оронд томилогдож ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байхад шинээр томилогдсон захирал И.Жанболат нь миний хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй боловч уг гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, өөр хүн томилон ажиллуулж байна. Ажил олгогч буюу өмнөх захирал Р.Гүлстан нь надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1 дэх заалтад Энэхүү гэрээг ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг дүгнэх, улмаар байгууллагын үр бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Д.Айгүл ажилд эргэж орох хүртэл хугацаатай байгуулав гэж харилцан тохиролцсон болно. Гэвч үндсэн ажилтан Д.Айгүл ажилд эргэж ороогүй байхад надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, миний оронд өөр хүн томилон ажиллуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн хэрэг байна. Иймд Ш.Өнербек намайг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТөв/-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/110 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан тус төвийн дотуур байрны багшийн орон тоонд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Жанболат шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Ш.Өнербекийн тус Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ш.Өнербек өмнө нь тус МСҮТ-д жирэмсэн болон амаржсаны амралт авсан хэд-хэдэн хүний орон тоонд түр хугацаагаар ажиллаж байсан. 2016 оны 9-р сарын 26-ны өдрийн Б/93 дугаартай тушаалаар жирэмсний амралт авсан дотуур байрны багш Д.Айгүлийн орон тоонд амаржсаны амралт дуусах хүртэл 2016 оны 9-р сарын 30-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байжээ. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна гэж заавал багшлах эрхтэй байх талаар хуулийн шаардлага тавьсан ба аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын 2016 оны 10-р зүйлийн 11-ний өдрийн 04-09-046/286 дугаартай зөвлөмжөөр багшлах эрхгүй хүнийг ажиллуулж байгааг зөрчилд тооцон сургуулийг мэргэжлийн багшлах эрхтэй багшаар хангаж ажиллахыг зөвлөсөн. Нэгэнт эрх бүхий байгууллагаас зөрчлийг арилгахыг шаардсан, мөн хуулийн шаардлагыг хангаагүй учраас багшлах эрхгүй Ш.Өнербекийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.2, 40-р зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар дотуур байрны багшийн ажлаас 2016 оны 11-р сарын 17-ны өдрийн Б/110 дугаартай тушаалаар чөлөөлсөн. Тус сургуулийн дотуур байрны багш Д.Айгүлийн жирэмсэн болон амаржсаны амралтын хугацаа нь дууссан ажилд орохоор болж байгаа тул жирэмсний амралт авсан хүний орон тоонд ажилд эргэж орох хүртэл ажиллаж байсан Ш.Өнербекийн цаашид ажиллуулах боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Өнербек шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие Ш.Өнербек Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд түр хугацаагаар дотуур байрны багшаар ажилласан. Тус сургуульд нийтдээ 10-аад жил ажилласан. Анх 2008 онд манаачаар ажил орсон байсан. Миний бие ажиллах хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл ажил олгогч намайг ажлаас үндэслэлгүй халсан. Энэ талаар шүүх хуралдаанд гаргаж өгсөн нэмэлт тайлбартаа тодорхой бичсэн. Мөн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Эдгээр нотлох баримт, гомдол, тайлбарыг судалж үзэж миний гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ш.Өнербек нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/110 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан тус төвийн дотуур байрны багшийн орон тоонд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Ш.Өнербек нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 11 сарын 17-ний өдрийн Б/110 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хуулийн хугацаанд гаргасан байна.

Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 09 сарын 26-ний өдрийн Б/93 дугаартай Жирэмсний амралт олгох, ажилд томилох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 35 дугаар зүйлийн 35.1.4, 64 дүгээр зүйлийн 64.2, 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.2.3, 24 дүгээр зүйлийн 24.1, Хөдөлмөрийн дотоод журмын 3.8, 9.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тус төвийн дотуур байрны багш Д.Айгүлд жирэмсний болон амаржсаны амралт олгож, Д.Айгүл ажилд эргэж орох хүртэл дотуур байрны багшаар Ш.Өнербекийг томилж, хөдөлмөрийн гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн байгуулсугай гэж ажилд томилж байсан байна.

Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/110 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн жирэмсэн болон амаржсаны амралт авсан тус сургуулийн дотуур байрны багш Д.Айгүлийн орон тоонд түр ажиллаж байгаа Ш.Өнербекийг үүрэгт ажлаас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн чөлөөлжээ.

Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/110 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажилтан Ш.Өнербекийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Хариуцагчид хуулинд заасан эрх, үүргийн танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотолж, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлох үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадаагүй болно.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлах, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр гаргах, ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зохицуулсан байна.

Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/110 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажилтан Ш.Өнербекийн ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т дахь заалтыг үндэслэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгох учир энэ үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулинд нийцээгүй байна.

Энэ үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлээгүй байна гэж үзлээ.

Ажил олгогч ажилтан Ш.Өнербектэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Д.Айгүл ажилд эргэж орох хүртэл байгуулсан мөртлөө Ш.Өнербекийг ажлаас чөлөөлсөн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/110 дугаартай тушаалдаа ... багш Д.Айгүлийн орон тоонд түр ажиллаж байгаа ... гэж чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Ажил олгогч ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2-т ажилтан энэхүү гэрээг цуцлах хүсэлтийг 1 сараас доошгүй хугацааны өмнө ажил олгогчид бичгээр гарган мэдэгдэх үүрэгтэй гэж заасан нь ажилтны эрх ашгийг ноцтой зөрчсөн байна.

Хариуцагч Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар ... багшлах эрхтэй байна..., мөн аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын зөвлөмжөөр ... багшлах эрхгүй хүнийг ажиллуулж байгааг зөрчилд тооцсон ... гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дотуур байрны багш багшлах эрхтэй байна гэдэг үндэслэлийг хариуцагч нотолж чадаагүй, хоёрдугаарт Мэргэжлийн хяналтын газрын зөвлөмж нэхэмжлэгч Ш.Өнербекийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримт байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Д.Айгүлийг урд эрхэлж байсан дотуур байрны багшийн ажилд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон байна.

Ажил олгогч нэхэмжлэгч Ш.Өнербекийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг баримталсан мөртлөө хавтаст хэрэгт ажил олгогч өөрийн байгууллагын дотоод журмыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй учир дүгнэлт хийх боломжгүй байна.

Ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирсон мөн Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай юм

Иймд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/110 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Өнербекийг урд эрхэлж байсан тус төвийн дотуур байрны багшийн орон тоонд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ш.Өнербекийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Хариуцагч И.Жанболатад шүүх хуралдааны товыг шүүхээс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр /баримт №9/ мэдэгдэхэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар зохигчдоос гаргасан тайлбар болон бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 11 сарын 17-ны өдрийн Б/110 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Өнербекийг урд эрхэлж байсан тус төвийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Өнербек нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН