Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 836

 

Ц.Алтаншагайгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/00176 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Алтаншагайгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ухаат боржигон” ХХК, “Налайх АЗЗА” ТӨХК-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 34 062 190 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Дүүриймаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Мянган

Хариуцагч “Ухаат боржигон” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Баярсайхан

Хариуцагч “Налайх АЗЗА” ТӨХК-ийн өмгөөлөгч: Г.Даваахүү

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Мягмардорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хонхорын арын зам дээр эхнэр Ч.Дүүриймаагийн эзэмшлийн, 7488 УНҮ улсын дугаартай, Тоёото премио маркийн автомашинтай, Солонгос Улсын иргэн Пак Кён Ким /JONG KEON KIM/, А.Цэвээнпүрэв нарын хамт Налайх дүүргийн чиглэлд явж байгаад “Ухаат боржигон” ХХК-ийн ажилтан, 2652 УБР улсын дугаартай Хово маркийн автомашины жолооч Ж.Энхтөр урсгал сөрөн миний жолоодож явсан автомашиныг мөргөсний улмаас зам тээврийн осолд орж Солонгос Улсын иргэн Пак Кён Ким, А.Цэвээнпүрэв нар нас барж, миний биед хүндэвтэр гэмтэл учирсан билээ.

Уг гэмт хэрэгт Нийслэлийн цагдаагийн газрын 3 хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд мөрдөн байцаалтаар жолооч Ж.Энхтөрийн буруутай үйлдлээс зам тээврийн ослын гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдож, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан хөдөлмөр эрхлүүлж байсан “Ухаат боржигон” ХХК буюу уг компанийн захирал Д.Ганзоригийг иргэний хариуцагчаар татсан юм.

Хэрэг шалгах явцад Тээврийн прокурорын газрын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 856 тоот тогтоолоор Ж.Энхтөрд холбогдох эрүүгийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Уг эрүүгийн хэргийн улмаас иргэн Ц.Алтаншагай надад нийт эрүүл мэнд болон эд хөрөнгийн 34 062 196 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Монгол Улсын Иргэний хуулийн 498, 499, 505, 510 дугаар зүйлүүдэд заасны дагуу иргэний хариуцагч “Ухаат боржигон” ХХК-аас уг хохирол, гэм хорыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ухаат боржигон” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа :

Ж.Энхтөр нь 2014 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 15 цагийн орчим Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд “Шунхлай Трейдинг” ХХК-ийн эзэмшлийн Хово маркийн 26-52 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.15, 8 дугаар зүйлийн 8.11 дэх хэсгүүдийг зөрчсөний улмаас зам тээврийн осол болсон.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад техникийн шинжээчийн нэмэлт болон давтан гэх бүх шатны дүгнэлтүүд бүрэлдэхүүнтэйгээр гарсан бөгөөд дээрхи дүгнэлтүүдэд “...Зам орчны байдал осол хэрэг гарахад нөлөөлсөн...” гэж тодорхой дурьдагдсан учир мөрдөн байцаагчийн тогтоолоор “Налайх АЗЗА” ТӨХК-ийг иргэний хариуцагчаар мөн татсан байдаг.

“Налайх АЗЗА” ТӨХК нь тухайн замын засвар арчлалтыг осол хэрэг гарах цаг хугацаанаас өмнө хариуцан ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04, Төрийн өмчийн хорооны 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 217 тоот тогтоолуудаар “Налайх АЗЗА” ТӨХК болон шинээр зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Иймд мөрдөн байцаагчийн зүгээс хариуцагч “Ухаат Боржигон” ХХК-ийг иргэний хариуцагчаар татахаас ч өмнө 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийг үндэслэн “Налайх АЗЗА” ТӨХК-ийг иргэний хариуцагчаар татсан байна.

Дээрхи байдлаар нэхэмжлэгчид гэм хор учруулсан үйлдэлд зөвхөн “Ухаат Боржигон” ХХК-ийг ч бус “Налайх АЗЗА” ТӨХК-ийн иргэний хариуцагчаар татагдсан учир нь осол хэрэгтэй холбоотой үүсэх гэм хорын асуудлыг ч мөн адил хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэй байхад нэхэмжлэгч нь зөвхөн “Ухаат Боржигон” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар гэмт хэрэгт холбогдсон жолооч Ж.Энхтөрийн гэм буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бусдад учруулсан гэм хорын асуудлыг “Ухаат Боржигон” ХХК-д холбогдуулан гаргасан үндэслэл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйл буюу Ж.Энхтөр нь тус компанийн үндсэн ажилтан, тухайн тээврийн хэрэгсэл нь “Ухаат Боржигон” ХХК-ийн эд хөрөнгө гэж үзсэн байдаг. Гэтэл эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар осол хэрэг гарахад Ж.Энхтөрийн жолоодож явсан Хово маркын 26-52 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хариуцагч “Ухаат Боржигон” ХХК-ийн бус “Шунхлай Трейдинг” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь хэрэгт авагдсан Замын цагдаагийн газрын тээврийн хэрэгслийн лавлагаа, осол хэргийн газарт үзлэг хийсэн акт, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол зэрэгт тодорхой дурдагдсан байна.

Дээрхи байдлаар тухайн тээврийн хэрэгслийг хариуцагчийн эзэмшлийн автомашин гэж үзэж шаардлага гаргах хууль зүйн үндэслэл нэг талаар үгүйсгэгдэж байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Налайх АЗЗА” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Налайх АЗЗА” ТӨХК-ийг иргэний хариуцагчаар татсан байдал нь үндэслэлгүй юм. Бид нэхэмжлэлийн шаардлагыг  хариуцах үндэслэлгүй юм.

“Налайх АЗЗА” ТӨХК нь 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр үйл ажиллагаагаа явуулахаар улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Эхлээд үйл ажиллага явуулахаасаа өмнө гэрчилгээгээ авч байж үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс “Налайх АЗЗА” ТӨХК нь осол болсоноос 3 хоногийн дараа улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан. Осол болох үед “Налайх АЗЗА” ТӨХК үүсгэн байгуулагдаагүй, ямар эрх зүйн чадамжгүй, үйл ажиллагаа явуулаагүй байсан байна.

Тиймээс “Налайх АЗЗА” ТӨХК нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зам тээврийн осол гаргасан нь үнэн. Энэ ослоос болж хоёр хохирогчид учирсан хохиролыг өөрийн хамаатан садан болон “Ухаат Боржигон” ХХК-ийн хамтаар төлж барагдуулсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ухаат боржигон” ХХК-иас 17 935 678 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Алтаншагайд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 126 518 төгрөг болон хариуцагч “Налайх АЗЗА” ТӨХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.9, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Алтаншагай нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Ухаат боржигон” ХХК-иас 247 628 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн Ж.Энхтөрд холбогдох эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч Ц.Алтаншагай нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээр татагдан байцаан шийтгэх ажиллагаанд оролцсон бөгөөд уг хэргийн улмаас Ц.Алтаншагайд нийт 34 062 196 төгрөгийн бодит хохирол учирсан билээ. Энэхүү хохиролын нэг хэсэг болох 15 122 000 төгрөгийн хохирол нь хэрэг гарах үед хохирогч Ц.Алтаншагайгийн унаж явсан, түүний гэр бүлийн хүн болох Ч.Дүүриймаагийн эзэмшилд байсан Тоёото Премо маркийн авто машин, түүний дагалдах хэсэг болох эд зүйлийн хохирол бөгөөд энэхүү хохиролыг хариуцагчаас гаргуулахаар заавал Ч.Дүүриймаа тусгайлан нэхэмжлэл гаргах шаардлагагүй, Ц.Алтаншагайгийн нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, иргэн Ц.Алтаншагайгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Алтаншагай нь хариуцагч “Ухаат боржигон” ХХК, “Налайх АЗЗА” ТӨХК-иудад холбогдуулан гэм хорын хохиролд 34 062 196 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “Налайх АЗЗА” ТӨХК-ийн өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Энхтөрийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 27820 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, Ж.Энхтөрийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулжээ. /1хх 232/

 

Гуравдагч этгээд Ж.Энхтөр нь бие даасан шаардлага гаргаагүй боловч маргааны зүйл болох автотээврийн осолд гэм буруутай байдал нь тогтоогдсон тул хохирлын хэмжээ, нотлогдсон байдлын талаар тайлбар гаргах эрхтэй. Гэтэл гуравдагч этгээдэд нэхэмжлэлийг хувийг гардуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрх бүрэн хангагдсан гэж үзэхгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Алтаншагай нь Солонгос улсад явж эмчлүүлсэн гэсэн зардлын баримт хэрэгт байгаа боловч зам тээврийн ослын улмаас үүссэн шөрмөсний тасралт өвчний улмаас буюу энэ оношоор хагалгаа хийх шаардлагатай байсан, хагалгаа хийлгэсэн талаар эмчилгээний байгууллагын баримт хэрэгт авагдаагүй.

 

Тээврийн прокурорын газрын “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 856 дугаар прокурорын тогтоол /1хх 4-5/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 273 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 90-91/, Хас банкны Д.Хүрэлбаатарын эзэмшлийн дансны хуулга /1хх 126/ зэрэг нотлох баримтыг хэрхэн бүрдүүлсэн нь тодорхой бус, эрүүгийн хэргийн архив, нотариатын тэмдэг дарагдсан баримтууд байх бөгөөд уг баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар харьцуулан үнэлэх боломжгүй байна.

 

Түүнчлэн шүүх хариуцагч “Ухаат боржигон” ХХК-ийн гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүргийн хууль зүйн үндэслэлийг ажил олгогч эсхүл тээврийн хэрэгсэл эзэмшигчийн алины хувиар тодорхойлсныг анхаарч, Иргэний хуулийн зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх шаардлагатай болно.

 

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/00176 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д  зааснаар нэхэмжлэгч Ц.Алтаншагай улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                 ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                         Э.ЗОЛЗАЯА