| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2021/0042/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/42 |
| Огноо | 2021-01-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/42
2021 01 07 2021/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Э.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Э.ийн Б.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *** дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, Б. овогт Э.ийн Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б. нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр *** байрны гадна иргэн Д.М-ээс i5-9400F, график карт нь GTX1070TI 8gb strix, 16gb рам, 25 инчийн дэлгэцтэй 2 ширхэг иж бүрэн компьютерийг нь “тэмцээнд орох гээд байна, 10 хоногийн хугацаатай хэрэглүүлээч, 100.000 төгрөг өгье” гэж хуурч аван, улмаар тус 2 ширхэг компьютерийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж, бусдад нийт 4.327.880 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 4-5/,
- Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, барьцаат зээлийн газрын барьцааны гэрээний хуулбарууд /хх-ийн 41-46/,
- Хохирогч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би өөрийн найз Б-н ПС тоглоомын газарт тоглож байгаад Б. гэх залуутай танилцсан. Түүнээс хойш Э.Б-г танилцаж мэдээд 5 сар болсон. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Э.Б. нь над руу мессэж бичээд “би найзтайгаа тэмцээнд орох гээд байна, та компьютероо 14 хоногийн хугацаатай зээлүүлээч гэж хэлсэн. Өөрийнхөө i5-9400F, график карт нь GTX1070TI 8gb strix, 16gb рам, 25 инчийн дэлгэцтэй 2 ширхэг иж бүрэн компьютерийг өгсөн. Тэгээд Э.Б. 10 хоногийн 100.000 төгрөг өгөхөөр тохирсон. Түүнээс хойш Э.Б. нь ямар нэгэн шалтаг шалтгаан хэлээд худлаа яриад өнөөдрийг хүргэлээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
- i5-9400F, график карт нь GTX1070TI 8gb strix, 16gb рам, 25 инчийн дэлгэцтэй 2 ширхэг иж бүрэн компьютерийг 4.327.880 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-19/,
- Э.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/,
- Э.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32/,
- Хохирогч Д.М, яллагдагч Э.Б. нараас гаргасан “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 47-48/,
- Э.Б-н яллагдагчаар өгсөн: “Би анх авсан компьютероо 2020 оны 05 дугаар сарын дундуур мөнгө хэрэг болохоор нь багшийн дээд дээр байдаг “F-1” гэх нэртэй ломбарданд 180.000 төгрөгөөр тавиад төлбөрийн сунгалт 1 удаа 7 хоногоор хийгээд хугацааг нь үхүүлсэн. Би сүүлийн компьютероо 2020 оны 06 дугаар сарын эхээр модны 2-т байдаг ломбарданд 150.000 төгрөгөөр тавиад 2 удаа хугацааг 7 хоногоор сунгуулсан. Ингээд өмнөх компьютер шиг хугацаа нь дуусч үхүүлсэн. Түүнээс хойш Д.М надаас 2 компьютероо нэхэхэд би худлаа ярьж явсаар байгаад өнөөдрийг хүргэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Б. нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр *** байрны гадна иргэн Д.М-ээс i5-9400F, график карт нь GTX1070TI 8gb strix, 16gb рам, 25 инчийн дэлгэцтэй 2 ширхэг иж бүрэн компьютерийг нь “тэмцээнд орох гээд байна, 10 хоногийн хугацаатай хэрэглүүлээч, 100.000 төгрөг өгье” гэж хуурч аван, улмаар тус 2 ширхэг компьютерийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж, бусдад нийт 4.327.880 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Э.Б.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.Б. нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр *** байрны гадна иргэн Д.М-ээс i5-9400F, график карт нь GTX1070TI 8gb strix, 16gb рам, 25 инчийн дэлгэцтэй 2 ширхэг иж бүрэн компьютерийг нь “тэмцээнд орох гээд байна, 10 хоногийн хугацаатай хэрэглүүлээч, 100.000 төгрөг өгье” гэж хуурч аван, улмаар тус 2 ширхэг компьютерийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж, бусдад нийт 4.327.880 төгрөгийн хохирол учруулсан болох нь эд зүйл, баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, барьцаат зээлийн газрын барьцааны гэрээний хуулбарууд, хохирогч Д.М-ийн мэдүүлэг, Э.Б-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б-г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.Б. нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Э.ийн Баттулгыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б. нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Э.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА