| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00109/И |
| Дугаар | 130/ШШ2017/00105 |
| Огноо | 2017-02-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 130/ШШ2017/00105
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Б сумын * дугаар багт оршин суух, утас ********, ***********, РД:БГ******** Ш овогт Т н Мгийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.М, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан хугацааг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Т.М шүүхэд гаргасан хүсэлтэд болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахад: Миний бие Бугат сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Тухайн үед ажилласан байдлыг бичсэн Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, гарсан тушаал байхгүй. Иймд Нийгмийн даатгалын байгууллага ажилласан жил болон ажилд орсон, гарсан тушаалуудыг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний 1985 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Бугат сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажилласан болохыг тогтоож өгнө үү гэв
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.М гийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дугаартай Баян-Өлгий аймгийн архивын тасгийн лавлагаагаар Бугат сумын Жаргалын зам нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтыг архивд шилжүүлээгүй тул иргэн Т.Мд холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй гэсэн тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үндэслэн Т.Мгийн ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Үүнд: -Хавтаст хэрэгт авагдсан Т.М гийн 1982 оны 3 дугаар сарын 10-ны өдөр олгосон Баян-Өлгий аймгийн Бугат сумын Жаргалын зам нэгдлийн тамгыг дарж баталгаажуулсан Хөдөлмөрийн дэвтрийн 10-15 хуудсанд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 он 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд авсан цалин, ажилласан хоногийг бичиж тэмдэглэн тамга дарж баталгаажуулсан байна.
Хүсэлт гаргагч Т.Мтай хамт ажиллаж байсан РД:БГ********** И.Сийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Жаргалын зам нэгдлийн Улаан толгойн 2 дугаар бригадын иргэн Т.М нь тус бригадад малчин байсан нь үнэн болно. Би тус бригадад 1985-1987 он хүртэл бригадын дарга тоо бүртгэгч хийж байхад малчнаар ажиллаж мал маллаж байсан нь үнэн болно,
-РД:БГ******** Х.М ийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар 1985 оноос 1992 он хүртэл мал маллаж байсан болно. Миний бие тухайн үед тус бригадад тоо бүртгэгчээр ажиллаж байсан,
-РД:БГ********** Р.Г ын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Жаргалын зам нэгдлийн Улаан толгой бригадад тус сум, бригадын иргэн Т.М нь 1985 оны 1 дүгээр сараас эхлэн 1992 оны 12 сар дуустал тус сумын Улаан толгой бригадад малчнаар ажиллаж байсан нь үнэн. Би тэр онуудад Улаан толгой бригадад малын бага эмчийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан гэсэн байна.
-Хүсэлт гаргагч Т.М нь Бугат сумын Улаантолгой бригадын их хувьцаанд өгсөн Үндсэн хөрөнгө-ийн жагсаалтаар Т.М д хашаа хороо, мал хувьчлагдсан болох нь тогтоогдож байна.
Харин хавтаст хэрэгт авагдсан Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний үнэмлэхийг Т.М 13 настайдаа буюу хөдөлмөрлөх насанд хүрээгүй байхад 1976 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр олгогдсон гэдэг нь эргэлзээтэй, хуурамч байх тул 343 дугаартай Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний үнэмлэх, мөн хүсэлт гаргагч Т.Мгийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр нээлгэсэн гэх 1980 оны Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтрийн 2-3 дугаар цагаан хуудсанд /юу ч бичигдээгүй/ тус нэгдлийн тамгыг дарсан, 6-15 дугаар хуудсанд 1981-1990 онуудад ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичилт хийгдэх ёстой байтал 6-7 дугаар хуудсанд 1981 оныг 1991он, 1982 оныг 1992 он болгож тус тус засварлан, бичилт хийж тэмдэг дарж хуурамчаар үйлдсэн байх тул эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Т.М нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан РД:БГ************** Ш овогт Т н М Баян-Өлгий аймгийн Бугат сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болохыг тогтоосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Т.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК