Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/43

 

 

 

  2021        01          07                                       2021/ШЦТ/43

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго  

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч Т.Ж., түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан З. овогт Т.н Ж.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *** дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эх, ах нарын хамт  оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгэгдэж, Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар 4 сарын баривчлах ялыг өршөөж байсан, З. овогт Т.н Ж..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Ж. нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны орой 22-23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын тунелийн дэргэд хохирогч Э.Э-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохих, мөргөх зэргээр зодсоны улмаас биед нь баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язрал, цус хуралт, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, хүзүү, баруун бугалгад цус хуралт гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ж. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Э.Э-ийн өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй караокед өөрийн үеэлүүд болон найзуудын хамт орж үйлчлүүлсэн. Орой 22 цаг 40 минутын үед байх Ж.т хандаж “миний найз хурдан эхнэртэй бол” гээд хэлсэн чинь уурлаад караокенээс гараад явчихсан. Би аргадах санаатай араас нь гарсан чинь Сансар зочид буудлын баруун талд алхаж байхаар нь араас нь очоод бид хоёр тамхи татаад ярилцсан. Ж. уурлаад намайг чи зайл гэхээр нь би бас уурласан. Би эвлэрчих санаатай эр хүн шиг сайхан барилдчихъя гэж хэлээд барилдсан. Тэгтэл Ж. за боль боль зодмоор байвал зод гэхэд Ж. гараараа миний нүүр лүү нэг удаа цохиж, дараа нь мөргөсөн. Ингээд миний үүдэн шүд хугарч, баруун талын шанаа хэсэг хавдсан. Ж. согтсон байсан, биеэ авч явах чадвартай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12010 тоот: “Э.Э-ийн биед баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язрал, цус хуралт, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, хүзүү баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл  нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 20, 21/,

- Т.Ж.ийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 18-ны орой 22-23 цагийн хооронд Э.Э чи дүүгээ харчихаад томорлоо, намайг цохиж чадах уу гээд байхаар нь би нэг удаа нүүрэнд нь цохиод авсан чинь Э.Э унатал нь цохиж чадахгүй байж ингэж цохиод яах гэсэн юм гээд байхаар нь нүүр хэсэг рүү нь нэг удаа мөргөчихсөн. Э.Э доошоо тонгойгоод шүд уначихлаа гэж хэлээд цагдаа дуудсан. Би бол их согтсон байсан ба гэхдээ тухайн үед болсон үйл явдлыг бол санаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 38, 39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.Ж. нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны орой 22-23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын тунелийн дэргэд хохирогч Э.Э-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохих, мөргөх зэргээр зодсоны улмаас биед нь баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язрал, цус хуралт, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, хүзүү, баруун бугалгад цус хуралт гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Т.Ж.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Т.Ж. нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны орой 22-23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын тунелийн дэргэд хохирогч Э.Э-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохих, мөргөх зэргээр зодсоны улмаас биед нь баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язрал, цус хуралт, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, хүзүү, баруун бугалгад цус хуралт гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Э.Э-ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12010 тоот дүгнэлт, Т.Ж.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Ж.ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Т.Ж. нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Т.Ж.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З. овогт Т.н Ж.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж.т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Ж. нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

            5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Т.Ж.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА