Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2017/00106

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ц сумын 0 дүгээр багт оршин суух, утас ********, РД:БЛ********** К овогт Ш Агийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ш.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид кассчинаар 1984 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, Цэнгэл сумын Хүүхдийн цэцэрлэгт угаагчаар 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 1988 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан байдлыг тус тус тогтоолгох тухай.

Хүсэлт гаргагч Ш.А шүүхэд гаргасан хүсэлтэд болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахад: Миний бие 1984 онд Завхан аймгийн Худалдаа техникумын сургуулийг кассчин мэргэжлээр төгсөж ирсний дараа Баян-Өлгий аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газраас Хайри дарга намайг Цэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид кассчинаар томилж ажиллаж эхэлсэн билээ. 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Цэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж хувьцаат компани болсонтой холбогдуулан Баян-Өлгий аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах ангийн даргын тушаалаар чөлөөлөгдсөн юм. Дараа нь 7 сар гаруй хугацааны дараа буюу Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 10 тоот тушаалаар тус цэцэрлэгт угаагчаар томилогдож 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байгаад орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлөгдсөн юм. Дараа нь аймгийн Цэнгэл сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 09 тоот тушаалаар үйлчлэгчээр томилогдон ажиллаж байсан. Миний бие 51 нас хүрч, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн, улсад 20 жил тасралтгүй ажиллаж Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэсэн үндэслэлээр буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор харьяа Нийгмийн даатгалын улсын байцаагчид хандахад улсад ажилласан жилийн талаарх мэдээлэл болох хөдөлмөрийн дэвтэр болон цалингийн цэс, кассчин болон угаагчаар томилогдож, чөлөөлөгдсөн тухай тушаал зэрэг баримтууд архиваас гараагүйгээс болж миний өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн эрх эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол маань зөрчигдөж байна. Иймд миний Цэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид кассчинаар 1984 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, Цэнгэл сумын Хүүхдийн цэцэрлэгт угаагчаар 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 1988 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан болохыг тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагч Ш.А гийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, Цэнгэл сумын Худалдаа бэлтгэл ангийн санхүүгийн баримтаас иргэн Ш.А гийн 1984-1985 онуудад ажилласан жилийн хөлсийг хүснэгтийг хүргүүлэн, 1986 оноос холбогдох баримт гараагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 516 дугаартай Баян-Өлгий аймгийн архивын тасгийн лавлагаагаар тогтоогдож байна. Энэ Баян-Өлгий аймгийн архивын тасгаас түүвэрлэж ирүүлсэн Цалингийн тодорхойлолт-оор хүсэлт гаргагч Ш.А Цэнгэл сумын Худалдаа бэлтгэл ангид кассинаар ажиллаж байхад 1984 оны 9 дүгээр сарын 01-нээс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сар бүр цалин авч байсан болох нь нотлогдож байна.

Харин Цэнгэл сумын Хүүхдийн цэцэрлэгийн 1990 оноос өмнөх баримтыг архивд шилжүүлээгүй болох нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 515 дугаартай Баян-Өлгий аймгийн архивын тасгийн лавлагаагаар тогтоогдож байгаа тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хүсэлт гаргагч Ш.А гийн Цэнгэл сумын Хүүхдийн цэцэрлэгт угаагчаар ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна. Үүнд:

-Хавтаст хэрэгт авагдсан Ш.А гийн 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон №112994 дугаартай Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Худалдаа бэлтгэл ангийн тамга дарж баталгаажуулсан Хөдөлмөрийн дэвтрийн 4-5, 6-7 хуудасны ажлын тухай мэдээнд:

1.Цэнгэл сумын Худалдаа бэлтгэл ангийн кассчинаар 1984 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс авч ажиллуулав гэж тэмдэглэн бичиж, тус ангийн тамгыг дарж баталгаажуулсан байна. Гэхдээ 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Худалдаа бэлтгэл ангийн кассчинаас чөлөөлөв гэж тэмдэглэн бичээд Цэнгэл ББХК-ний тамгыг дарж хуурамчаар үйлдсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

2.Цэнгэл сумын Хүүхдийн цэцэрлэгт угаагчаар 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс авч ажиллуулав гэж тэмдэглэн бичиж, тус цэцэрлэгийн тамгыг дарж баталгаажуулсан байна.

-1986 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нээлгэсэн №628463 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэхэд Ш.А нь гишүүний татвараа 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлж байсныг тэмдэглэн, тэмдэг дарж баталгаажуулсан байна.

Мөн хүсэлт гаргагч Ш.А тай хамт ажилласан гэх РД:БЛ*************** Ж.Э ийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Цэнгэл сумын Худалдаа бэлтгэл ангид Ш.А тай хамт худалдагчаар ажиллаж байсан,

РД:БЛ************ И.Т ы нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Цэнгэл сумын Худалдаа бэлтгэл ангид 1977-1990 он хүртэл ажилласан. Үүнд Ш.А нь 1984-1987 оны үед хүнсний барааны дэлгүүрт худалдагч хийж байсан,

РД:БЛ*********** Х.З ы нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Ш.А нь 1984-1986 оны 12 дугаар сарын 25-ны хүртэл Цэнгэл сумын Худалдаа бэлтгэл ангид кассчинаар ажилласан үнэн болно,

РД:БЛ************ М.Х ийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие Цэнгэл сумын Хүүхдийн цэцэрлэгт 1980 оноос эхэлж 1998 он хүртэл ажилласан билээ. Миний ажиллах хугацаанд надтай хамт Ш.А нь 1987 оноос 1988 онуудад ажилласан,

РД:БЛ************** Ц.Т ын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие Цэнгэл сумын Хүүхдийн цэцэрлэгт асрагчаар 22 жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Миний тус цэцэрлэгт ажиллаж байх хугацаанд 1987-1988 оны хүртэл Ш.А тай хамт ажилласан гэсэн байна.

Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Ш.А Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид кассчинаар 1984 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, Цэнгэл сумын Хүүхдийн цэцэрлэгт угаагчаар 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 1988 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан болохыг тус тус тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан РД:БЛ********** К овогт Ш А Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид кассчинаар 1984 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, Цэнгэл сумын Хүүхдийн цэцэрлэгт угаагчаар 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 1988 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан болохыг тус тус тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Ш.А гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК