Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2017/00108

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, утас *************, РД:БЮ************ У овогт Т Кн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.К , орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Дархан-Уул аймгийн Шарын голын уурхайн өргөтгөл конторт өндөр хүчдэлийн цахилгаанч, механикчаар 1978 оны 7 дугаар сарын 01-нээс 1982 оны 4 дүгээр сарын 30-ны хүртэл ажилласан хугацааг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Т.К шүүхэд гаргасан хүсэлтэд болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахад: Миний бие Шарын-голын уурхайн өргөтгөл конторт өндөр хүчдэлийн цахилгаанч, гүний хэсгийн механикч ажлаар 1978 оны 7 дугаар сарын 01-нээс 1982 оны 4 дүгээр сарын 30-ны хүртэл ажиллаж байсан юм. Одоо 60 нас хүрсэн хүндэт тэтгэвэрт гарсан болно. Энэ талаар Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч уг дэвтрийг маань 1982 оны 12 дугаар сарын 29-нд нөхөж хөдөлгөсөн байна. Чухам түүнээс шалтгаалж тус аймгийн Нийгмийн Даатгалын байгууллага уг ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг хүссэн. Иймд миний Шарынголын уурхайн өргөтгөл конторт өндөр хүчдэлийн цахилгаанч, механикчаар 1978 оны 7 дугаар сарын 01-нээс 1982 оны 4 дүгээр сарын 30-ны хүртэл ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагч Т.К н хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 644 дугаартай Дархан-Уул аймгийн архивын тасгийн лавлагаагаар тус архивын сан хөмрөгт Шарын голын уурхайн өргөтгөл конторын баримт шилжиж ирээгүй тул Т.К д холбогдох лавлагаа гаргах боломжгүй гэсэн тул хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Т.К н улсад ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан Т.К 1981 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Шарын гол өргөтгөл конторын боловсон хүчний олгосон, Түлш эрчим хүчний үйлдвэрийн Яамны харьяа уурхайн барилгын трестийн Шаргын голын контор гэсэн тамгыг дарж баталгаажуулсан Хөдөлмөрийн дэвтрийн 4-7 хуудасны ажлын тухай мэдээнд:

1.Шарын голын уурхайн өргөтгөл конторт мэргэжлийн дагуу өндөр хүчдэлийн цахилгаанч слесариар 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс авч ажиллуулав гэж тэмдэглэн бичиж, тус конторын тамгыг дарж баталгаажуулсан байна.

2.Шарын голын уурхайн өргөтгөл конторт гүний хэсгийн механикчаар дэвшүүлэн 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс авч ажиллуулав, 1982 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ар гэрийн гачигдлаар үндсэн ажлаас нь чөлөөлөв гэж тэмдэглэн бичиж, тус конторын тамгыг дарж баталгаажуулсан байна.

Хүсэлт гаргагч Т.К тай хамт ажиллаж байсан РД:ТЯ******* Б.Б, РД:ТЯ********** Х.Т , РД:ТЯ******* А.М нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Т.К нь Шарын голын уурхайн өргөтгөл конторт 1978 оны 7 дугаар сарын 01-нээс өндөр хүчдэлийн цахилгаанчнаар 1982 оны 5 дугаар сарын 01-ний хүртэл тус байгууллагад надтай хамт ажиллаж байсан нь үнэн гэсэн байна

Хавтаст хэрэгт авагдсан 1979 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Талархал нь нь энэ хэрэгт хамааралгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Т.К Дархан-Уул аймгийн Шарын голын уурхайн өргөтгөл конторт өндөр хүчдэлийн цахилгаанч, механикчаар 1978 оны 7 дугаар сарын 01-нээс 1982 оны 4 дүгээр сарын 30-ны хүртэл ажилласан болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан РД:БЮ************ У овогт Т К Дархан-Уул аймгийн Шарын голын уурхайн өргөтгөл конторт өндөр хүчдэлийн цахилгаанч, механикчаар 1978 оны 7 дугаар сарын 01-нээс 1982 оны 4 дүгээр сарын 30-ны хүртэл ажилласан болохыг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Т.К н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК