| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00101/И |
| Дугаар | 130/ШШ2017/00109 |
| Огноо | 2017-02-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 130/ШШ2017/00109
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Н сумын * дугаар багт оршин суух, утас ********, РД:БЭ********** Н овогт Д н Ший итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С ийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Ш ий итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар 1981 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, үйлчлэгчээр 1983 оны 9 дүгээр сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилласан байдлыг тус тус тогтоолгох тухай.
Хүсэлт гаргагч Д.Ш ий итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан хүсэлтэд болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахад: Д.Ш нь 1963 онд төрсөн, бага боловсролтой, 1981 оны 9 дүгээр сарын 01-ээс 1983 оны 8 дугаар сарын 30-ны хүртэл Ногооннуур сумын 8 жилийн сургуульд бага ангийн багш, 1983 оны 9 дүгээр сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тус сургуулийн үйлчлэгчээр ажиллаж байгаад эрүүл мэндийн асуудлаас болж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна. Энэхүү 13 жил завсардаж дахин 2007 оны 9 дүгээр сарын 01-ээс эхлэн Ногооннуур сумын Бүрэн дунд сургуулийн дотуур байрны үйлчлэгчээр томилогдон өнөөдрийг хүртэл улсад хөдөлмөрлөж байгаа юм. Д.Ш одоогоор 54 настай, 25 жил хөдөлмөрлөж байгаа билээ. Д.Ш ий 1981 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн бага ангийн багшаар томилсон Баян-Өлгий аймгийн АДХ Гүйцэтгэх захиргааны Ардын Боловсролын хэлтсийн даргын 237 тоот тушаал архиваас олдож байгаа боловч, бусад ажиллаж байх үеийн цалингийн цэс гарсан тушаал зэрэг нь олдохгүй байна. Архиваас лавлахад Ногооннуур сумын сургуулийн баримтыг архивд шилжүүлээгүй гэх үндэслэлээр хариу өгч байна. Харин Д.Ш ий хөндлөнгийн нотлох баримтууд байгаа. Үүнд: Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд татвар төлж байсан тухай батлах үнэмлэх, 1988 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн сургуулийн 40 жилийн ойг тохиолдуулан баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнуулж байсан Баярын бичиг, 1981 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ажилд орсон тухай 237 дугаар тушаал, хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолт зэрэг нь нотлох юм. Иймд Д.Ш ий Ногооннуур сумын 8 жилийн сургуульд 1981 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл бага ангийн багш, 1983 оны 9 дүгээр сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Ногооннуур сумын 8 жилийн сургуульд үйлчлэгчээр ажилласан болохыг тус тус тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагч Д.Ш ий итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь, Ногооннуур сумын 10 жилийн дунд сургуулийн баримтыг архивд шилжүүлээгүй тул иргэн Д.Ш д холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй болох нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14 дугаартай Баян-Өлгий аймгийн архивын тасгийн лавлагаагаар тогтоогдож байгаа тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн Д.Ш ий ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна. Үүнд:
- Баян-Өлгий аймгийн АДХ Гүйцэтгэх Захиргааны Ардын Боловсролын Хэлтсийн даргын 1981 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 237 дугаартай Багш нарын хуваарь батлах тухай тушаалын хавсралтад Ногооннуур сумын 8 жилийн сургуульд ажиллах багш нарын нэрсийн 3 ангийн багш гэдэгт Ш ий нэр орсон байна /Ф№01, Д№01, Хн-2215/
-1986 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн №612774 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэхэд Д.Ш нь гишүүний татвараа сарын цалингаас 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл төлж байсныг тэмдэглэн, тэмдэг дарж баталгаажуулсан байна.
Мөн хүсэлт гаргагч Д.Ш тэй хамт ажилласан гэх РД:БЗ**********М.Х гийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Д.Ш нь 1981 оны 9 дүгээр сарын 01-ээс эхлэн тус сургуульд анх бага ангийн багшаар ажиллаж байгаад 1983 оны 9 дүгээр сарын 01-ээс 1994 оныг дуустал тус сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан. Ш ажиллаж байх үед би тус сургуульд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан юм.
РД:БЗ********** Б.К ын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод:Д.Ш нь 1981 онд хамт бага ангийн багшаар 10 жилийн сургуульд орсон. Д.Ш 1983 оноос 1994 он дуустал тус сургуульд дотуур байрны жижүүр цагаан хэрэглэл угаагч зэрэг үйлчилгээний ажил хийж тасралтгүй ажиллаж байсныг гэрчилнэ гэсэн байна.
Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн Д.Ш нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар 1981 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, үйлчлэгчээр 1983 оны 9 дүгээр сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилласан болохыг тус тус тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан РД:БЭ********* Н овогт Д н Ш Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар 1981 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, үйлчлэгчээр 1983 оны 9 дүгээр сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилласан болохыг тус тус тогтоосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Д.Ш ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК