| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2021/0061/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/90 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/90
2021 01 15 2021/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч М.Оюунбат,
хохирогч Б.Тулгабаатар,
шүүгдэгч Т.Э., түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Т.ийн Э.ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 04748 2006 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух, Б. овогт Т.ийн Э..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Э. нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ц.Дэлгэрдалайгаар дамжуулан Б.Тулгабаатарт Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд 43 м.кв байрыг зарахаар тохиролцон байрны урьдчилгаа гэж 18.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч тухайн байрыг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Шижирт Гүн” ХХК-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 66.572.500 төгрөгийн үнийн дүнд оруулан тухайн байрны өмчлөх эрхийг “Шижирт Гүн” ХХК-д шилжүүлэн өгч, хохирогч Б.Тулгабаатарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э. мэдүүлэхдээ: “Т.Э. намайг буруутгаж байгаа хэргийн гол буруутан нь Ц.Дэлгэрдалай юм. Миний бие барилгын салбарын зөвлөх, тэргүүлэх инженер цолтой, 23 жил энэ салбарт ажиллаж байна. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ намайг танихгүй, мэдэхгүй, хараагүй гэсэн мөртлөө 3 дугаар сард надтай уулзсан гэж хоёр янзын мэдүүлэг өгсөн байдаг. Тус байрын мөрдөгч, прокурор нар нарийн судлаагүй. Яллах дүгнэлтэд 13 давхар байшин гээд байдаг. Яг үнэндээ бол энэ 12 давхар байшин. Мөн тэр байр нь 43 м.кв биш 42.95 м.кв байр юм. Үнийн дүнгийн хувьд над руу Ц.Дэлгэрдалай 17 сая төгрөг шилжүүлсэн. Би утгыг нь уншаагүй. Би өөрөө барилгын салбарын хүн учраас над руу барилга захиалга гэх мэтээр мөнгө орж гараад явдаг. Үнэндээ 02 дугаар сарын 17-ны өдөр би Ц.Дэлгэрдалай гэдэг хүнд мөнгө зээлж эхэлсэн. Яг авсан нийт үнийн дүн нь 14.810.000. Яг тэр над руу мөнгө орж ирэх хугацаа хүртэл би Ц.Дэлгэрдалайд энэ хэмжээнийг мөнгийг зээлүүлчихсэн байсан. Тэгээд би надад зээлүүлсэн мөнгөө өгчихлөө л гэж бодож явсан болохоос энэ хүний хашаа байшингаа зараад, энэ байрыг өгчихье гэсэн юм байхгүй. Ц.Дэлгэрдалай надаас машин тэрэг зээлж, эхнэрийнхээ дансаар авсан. Машинаа барьцаалаад надаас хүртэл зээл авчихсан байсан. Тэр мөнгөө төл гээд намайг шахангуут нөгөөдөх чинь төлөхийн тулд энэ хүний хашаа байшинг нь заруулаад тэр мөнгөө өгсөн. Би энэ хүнтэй ямар ч тэр 03 дугаар сард уулзаад, хашаагаа зарчих, энэ байрыг зарчих гэж ярилцсан асуудал байхгүй. Энэ хүний 08 дугаар сарын 05-нд өгсөн мэдүүлгэнд Т.Э.ыг би танихгүй гээд мэдүүлэг өгчихсөн байгаад байгаа. Тэгсэн мөртлөө дараа нь үгсэн тохиролцсон ч гэнэ үү 03 дугаар сард таньдаг болгоод намайг мөнгө өгсөн, байр зарсан болгоод явсан байсан. Тэр байрыг би 05 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор аваад 07 дугаар сарын 08-ны өдөр “Шижирт гүн” ХХК-д түлшээр солихоор гэрээ хийгээд өгсөн. “Шижирт гүн” ХХК-д би одоо хүртэл үл хөдлөхийг нь шилжүүлээгүй, өгөөгүй, би тэднийхээс мөнгөө авч чадаагүй байна. Тэгэхэд намайг мөнгө авсан гээд байгаа. Гол буруутан болох Ц.Дэлгэрдалайтай цагдаа дээр нүүрэлдье гэхээр нүүрэлддэггүй. Дараа нь Ц.Дэлгэрдалай, хохирогч, бид гурав уулзаад Ц.Дэлгэрдалай өөрт нь мөнгө байхгүй учраас намайг өгчих гээд яг газар дээр нь, Ц.Дэлгэрдалай надад өгсөн шиг би Ц.Дэлгэрдалайн дансанд хийгээд, Ц.Дэлгэрдалай нь Б.Тулгабаатарын данс руу хийгээд хохирлыг барагдуулсан. Ц.Дэлгэрдалай мөнгө өгнө гээд бичиг хийгээд өгчихсөн байгаа боловч одоог хүртэл өгөхгүй зугатаагаад л яваад байгаа. Ц.Дэлгэрдалайтай нүүрэлдье гэхээр цагдаа, прокурор нүүрэлдүүлдэггүй, Ц.Дэлгэрдалайг дандаа хаацайлаад яваад байдаг.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Тулгабаатар мэдүүлэхдээ: “Т.Э., Ц.Дэлгэрдалай бид 3 тэр байран дээр очиж үзэж байсан юм. Ц.Дэлгэрдалай надад Т.Э. ахад ийм байр байгаа гэж байна, чи авах уу гэж хэлсэн юм. Тэгээд энэ байрыг яаралтай авахгүй бол эднийх өөрсдөө зарлаа гэж байна гээд байхаар нь би хашаа байшингаа нээх удалгүй зарсан юм. Ингээд зарсан тухайгаа Ц.Дэлгэрдалайд хэлсэн. Тэгээд Ц.Дэлгэрдалайн данс руу мөнгөө хийгээд, намайг үлдээгээд энэ хоёр гэрээ хийнэ гээд явсан юм. Тэгээд Ц.Дэлгэрдалай ямар ч байсан болчихлоо, ордер Б.Тулгабаатарын нэр дээр гарна, чи тэр хооронд манайд ажилла, хүүгүйгээр байрныхаа мөнгийг төлж дуусгаарай гэж хэлсэн. Нэг ийм аман яриатай юм л болсон. Тэгээд 5-6 дугаар сараас байр ч үгүй, мөнгө ч үгүй болчихсон. Хохирлын хувьд ерөнхийдөө би 1 жил 3 сар гэр оронгүй явсан. 3 дугаар сард хашаа байшингаа зараад, 4 дүгээр сард нь суллаж өгсөн. Тэгээд тэрнээс хойш байр бүтчих байх гээд 06 дугаар сар хүртэл дүүгийндээ түр байсан. Тэгээд байр бүтэхээ болиод, бид нар бас айлд бөөнөөрөө байгаад байж болохгүй, дүүгийнхээ байрны лизингийг цуг төлөлцөөд явсан. Энэ бүхнээс үүдэж сэтгэл санаа, санхүүгийн хувьд надад нэлээн хохирол учирсан. 18 сая төгрөгөө буцаагаад авсан. Яагаад мөнгийг Т.Э., эсхүл компанийн дансанд хийгээгүй вэ гэхээр Ц.Дэлгэрдалай миний дансанд хийгээрэй гээд байсан. Т.Э. ах, Ц.Дэлгэрдалай хоёр цуг явсан юм. Ц.Дэлгэрдалай руу дансыг нь авах гээд залгасан чинь утсаа авахгүй байсан. Дараа нь би Т.Э. ах руу залгаад Ц.Дэлгэрдалайг асуутал байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд Ц.Дэлгэрдалай дараа нь өөрөө утасдаад “чи яагаад Т.Э. ах руу залгасан юм, над руу залгахгүй яасан юм бэ” гээд байсан. Ц.Дэлгэрдалайн хувьд тухайн үед мөнгө төгрөгийн асуудалтай байсан нь үнэн. Ц.Дэлгэрдалай, Т.Э. нарын хооронд байр өгөх гэж байна энэ тэр гэсэн яриа болсныг мэдэхгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Б.Тулганбаатарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 2-4/,
- Хохирогч Б.Тулгабаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Энх-Номин констракшн гэх газарт 2015 оноос өдийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд манай захирал болох Ц.Дэлгэрдалай нь 2019 оны 03 дугаар сарын эхээр надад бартерийн 2 өрөө 43 м.кв хямдхан байр байна, чи хашаа байшингаа зараад урьдчилгааг нь өгөөд, үлдэгдэл мөнгийг нь надад хүүгүй буцааж төлөх боломжийн санал тавьсан. Нэг болзол нь одоо ажиллаж байгаа газартаа тогтвор суурьшилтай удаан ажиллах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед зөвшөөрсөн ба Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3б-560 тоотод байрлах өөрийн хашаа байшингаа 18.000.000 төгрөгөөр зарсан бөгөөд 18.000.000 төгрөгөө Ц.Дэлгэрдалай бид хоёр ярилцаж тохиролцсоноор урьдчилгаа мөнгөө шилжүүлсний дараагаар мэргэжлийн байгууллага тус байрыг хүлээж авсны дараа байрандаа орж болно гэж хэлсэн. Тухайн үед мэргэжлийн хяналтын байгууллага нь байрыг хүлээж авахгүй байсаар байгаад 2019 оны 06 сар хүргэсэн. Тэгээд би 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус орон сууцыг бариулж байгаа компанитай холбогдоход маргааш ирж байрныхаа түлхүрийг ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дэлгэрдалай руу утсаар яриад маргааш ирж байрныхаа түлхүүрийг ав гэж байна гэж хэлтэл Дэлгэрдалай нь тэр байранд орох боломжгүй болсон тэр байрыг эзэн болох Т.Э. өөр хүнд зарчихсан байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Дэлгэрдалайгаас урьдчилгаа өгсөн 18.000.000 төгрөгөө буцааж авъя гэж хэлтэл Дэлгэрдалай нь би тухайн үед чиний мөнгийг Т.Э. гэгчид өгсөн бөгөөд чамд байрыг чинь авч өгөх гэж байсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э. гэгчтэй холбогдоход би чиний мөнгийг байр зарагдсаны дараагаар өгнө гэж хэлж байсан боловч одоо тэр байраа зарчихсан, намайг залгахаар утсаа авахгүй надаас зугатаагаад яваад байгаа юм. Тэгээд би хашаа байшингаа 18.000.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед Дэлгэрдалай, Э. бид гурав хамт Дэнжийн 1000-н 61 дүгээр сургуулийн өргөтгөл дээр ажиллаж байсан. Маргааш нөгөөдрөөс нь Дэлгэрдалайн дансыг асуухаар залгасан боловч утсаа аваагүй. Дэлгэрдалай Э. хоёр хамт байсан болохоор нь Э. руу залгаад асуухад би дансыг нь мэдэхгүй, цаадах чинь миний хажууд байхгүй байна гээд тасалсан. Удалгүй Дэлгэрдалай над руу буцаж залгаад дансныхаа дугаарыг өгсөн. Мэдэж байсан. Байр үзэхээр ажлаа дуусгаад манай гэрт очоод цай унд уугаад нөгөө байрыг очиж гурвуулаа үзсэн. Миний урьд өмнө нь өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, надад худал мэдүүлсэн зүйл байхгүй. Би үнэн зөвөөр мэдүүлгээ өгөөд хэргээ хаалгана гэсэн зүйл хэлж тохиролцоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 58, 216/,
- Ц.Дэлгэрдалайн 5018190937 дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 20-28/,
- Б.Тулгабаатарын Хаан банкны 5753298219 дугаартай дансны хуулга /хх-ийн 5/,
- 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн СиДи-нд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 70-72/,
- М.Лхагвасүрэнгийн 5753366452 дугаартай Хаан банкны дансны хуулга /хх-ийн 89/,
- Ц.Дэлгэрдалай нь Н.Э.аас зээлсэн гэх зээлийг мөрдөгчөөс тооцож үзсэн талаарх баримт /хх-ийн 92-93/,
- Т.Э.ын 5065163985 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 99/,
- 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б.Тулгабаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 211-213/,
- Гэрч Г.Нансалмаагийн өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Шижирт гүн ХХК-иас 63.000.000 төгрөгөөр бодож худалдаж авсан. 52.000.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд 11.000.000 төгрөгийг хувь лизингээр аваад төлөлтөө 5070331591 гэсэн Шижирт гүний дансанд хийж дуусгаад одоо байрны ордероо хүлээж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 221-222/,
- Гэрч Ц.Дэлгэрдалайн өгсөн: “Б.Тулгабаатарын хэлж байгаа үнэн. Т.Э. бид 3 тэднийд очиж цай уугаад бартердана гэж байсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академийн харалдаа баригдаж байсан 13 давхар ногоон өнгийн байрны хамгийн дээд давхрыг орж үзсэн. Тухайн үед байр нь болон дотор айлуудын тоот дугаарыг нь олгоогүй байсан. Би Энхномин констракшн ХХК гэсэн нэртэй цонх угсралт, шилэн пасатын үйл ажиллагааг 2018 оны 01 дүгээр сараас эхлэн явуулж байна. Би үүнээс өмнө Дэлгэрхаан хайрхан ХХК нэртэйгээр цонхны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг байхдаа “Вайт Мүүн Лайт” нэртэй Т.Э.ын компанитай 2015 оноос хойш хамтран ажиллаж байгаад 2016 онд больсон. Нэг удаа ажил гүйцэтгэх гэрээ хийж байсан. Өөр ямар нэгэн гэрээ хийж байгаагүй. Би өөрийн эзэмшлийн Кровн маркийн машиныг барьцаа болгоод 5.000.000 төгрөг зээлж байсан ба тухайн үед өөрийн 5018190937 гэсэн Хаан банкны дансаар авч байсан. Ажлын хөлс гэж бол авдаг байсан ба мөн өөрийн дансаар авдаг байсан. Эхнэр Лхагвасүрэнгийн дансаар дамжуулан нэг удаа ажилчдын цалинг авч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 224/,
- 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Шижирт гүн ХХК, Т.Э. нарын хооронд байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ /хх-ийн 229/,
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 1/,
- Ц.Дэлгэрдалайн яллагдагчаар өгсөн: “Би Тулгабаатараас 18.000.000 төгрөг аваад Э.ад дамжуулж өгсөн. Э.аас ажил хийгээд авах төлбөр маш их байгаа. Тулгабаатар байр авна гээд яваад байхаар нь Э.ад байр байсан болохоор би дамжуулж хэлж өгсөн. Тулгабаатар Э. хоёр хоорондоо уулзаж байсан. Байрыг нь бид 3 хамт очиж үзэж байсан. Би Тулгабаатарт хашаа байшингаа зараад мөнгөө өгөх үгүйгээ өөрөө мэд, миний зүгээс ямар нэг байдлаар шахсан асуудал байхгүй. Би Тулгабаатар Э. хоёрыг танилцуулж өгснөөс өөр асуудал байхгүй болохоор би дээрх 17.3 дугаар зүйл буюу залилах гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байгаа. Тэр мөнгө шилжүүлсэн өдөр Э. над руу яриад мөнгөө өнөөдөр өг, би нэг барилгын захирлуудтай уулзах гээд байна гэж шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,
- Прокурорын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 52/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 134-136/,
- Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 189-191/,
- Краны түрээсийн гэрээ /хх-ийн 192-193/,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 197-202/,
- Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 203-204/,
- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 228/,
- Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, тооцоо нийлсэн акт, зарлагын падаан /хх-ийн 229-236/,
- Д.Нансалмаагийн “Шижир гүн” ХХК-д гаргасан өргөдөл /хх-ийн 242/,
- Прокурорын хариу мэдэгдэх хуудас, өмгөөлөгчийн хүсэлт /2-р хх-ийн 1-4/,
- Өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт /2-р хх-ийн 15-17/,
- Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж /2-р хх-ийн 28-31/,
- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /2-р хх-ийн 45-47/,
- Хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 67/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.Э.ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдаас 18.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаас үзвэл Б.Тулгабаатар нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хос маргад” орон сууцны барилгын 12 давхрын 42.95 м.кв талбай бүхий орон сууцыг аман хэлцлээр 1 м.кв-ыг нь 1.500.000 төгрөгөөр тооцож, урьдчилгаа төлбөр 18.000.000 төгрөгийг төлөн үлдэгдэл төлбөрийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлж дуусгах нөхцөлтэйгөөр худалдан авахаар дээрх 18.000.000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ц.Дэлгэрдалайн “Хаан” банкин дахь 5018190937 тоот данс руу “байр” гэх утгатайгаар шилжүүлж, Ц.Дэлгэрдалай нь мөн өдөр 17.000.000 төгрөгийг өөрийн данснаас Т.Э.ын “Хаан” банкин дахь 5065163985 тоот дансанд “байрны төлбөр” гэх утгатайгаар шилжүүлсэн. Улмаар 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Престиж трейд” ХХК, Т.Э. нарын хооронд “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” хийгдэж, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-гээр дээрх орон сууцыг 66.572.500 төгрөгт тооцон “Шижирт гүн” ХХК-д эрх шилжүүлснийг баталгаажуулсан үйл баримт тогтоогдсон байна. Гэтэл Ц.Дэлгэрдалайгаас 17.000.000 төгрөг шүүгдэгч Т.Э.ын дансанд орсон байхад яллах дүгнэлтэд “...хохирогч Б.Тулгабаатарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан” гэжээ.
Мөн хохирогч Б.Тулгабаатарын шүүхийн хэлэлцүүлэгт “...урьдчилгаа мөнгөө Ц.Дэлгэрдалайн дансанд хийсэн, ...Ц.Дэлгэрдалай надад хэлэхдээ байрны асуудал болчихлоо, байр чиний нэр дээр гарна, ...Ц.Дэлгэрдалай, Т.Э. нарын хооронд байр зарах талаар яриа байсан эсэхийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...Ц.Дэлгэрдалай нь 2019 оны 03 дугаар сарын эхээр “надад бартерийн 2 өрөө 43 м.кв хямдхан байр байна. Чи хашаа байшингаа зараад урьдчилгааг нь өгөөд, үлдэгдэл мөнгийг нь надад хүүгүй буцааж төл” гэсэн боломжийн санал тавьсан. Урьдчилгаа мөнгөө Ц.Дэлгэрдалайд шилжүүлсний дараагаар мэргэжлийн хяналтын байгууллага тус байрыг хүлээж авсны дараа байрандаа орж болно гэж хэлсэн.” гэж тус тус мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, Б.Тулгабаатар, Ц.Дэлгэрдалай, Т.Э. нар нь тухайн байрыг хамт очиж үзсэн талаар хэн аль нь маргаагүй ч байрыг худалдах, худалдан авах нөхцөл буюу урьдчилгаа 18.000.000 төгрөгийг бэлнээр өгөх тухай хэлцлийг хохирогч Б.Тулгабаатар, Ц.Дэлгэрдалай нар хийсэн байх ба тодорхой хугацааны дараа байрны өмчлөх эрх Б.Тулгабаатарт шилжих талаар шүүгдэгч Т.Э., хохирогч Б.Тулгабаатар нарын хооронд тохиролцоо байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хэдийгээр Ц.Дэлгэрдалай нь хохирогчоос байрны урьдчилгаа гэж 18.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан атлаа 17.000.000 төгрөгийг Т.Э.ын дансанд шилжүүлсэн байх боловч үүнийг Б.Тулгабаатар, Т.Э. нарын хооронд хийгдсэн хэлцлийн үндсэнд шилжүүлэгдсэн гэж үзэх, эсхүл хохирогчийг төөрөгдөлд оруулах арга хэлбэр гэж үзэх үндэслэлгүй юм. Нөгөөтэйгүүр, худалдах, худалдан авах гэрээний зүйл нь ирээдүйд бий болох болох хөрөнгө байх бөгөөд Б.Тулгабаатар нь тухайн хөрөнгийг худалдан авах талаар хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдтэй хэлцэл хийсэн гэж үзэхээргүй, худалдагч талд орон сууцыг Б.Тулгабаатарт худалдах санаа зорилго байсан эсэх нь бодит байдалд тодорхойгүй, энэ талаар хийсэн тодорхой баримтат тохиролцоо байхгүй байхад бусдаар буюу Ц.Дэлгэрдалайгаар дамжуулан хэлцэл хийгдсэн гэж үзэн урьдчилгаа төлбөрийг Ц.Дэлгэрдалайд шилжүүлж, улмаар орон сууцны өмчлөх эрх гуравдагч этгээдэд шилжсэнийг, мөн Т.Э.ын дансанд 17.000.000 төгрөг Ц.Дэлгэрдалайгаас шилжүүлэгдсэн үйл баримтыг шүүгдэгч хохирогчийг хуурч, бусдыг төөрөгдөлд оруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь худалдах, худалдан авах гэрээний тухайд анхнаасаа хэлцлээр тохирсон эд хөрөнгийг шилжүүлэхгүй гэсэн субъектив санаа зорилгыг агуулдаг бол шүүгдэгч Т.Э. нь хохирогч Б.Тулгабаатартай энэ талаар хэлэлцэн тохирсон гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд Т.Э.ыг хохирогч Б.Тулгабаатарыг хуурч, бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, худалдах, худалдан авах гэрээгээр бусдын өмнө үүрэг хүлээсэн этгээд эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж, улмаар захиран зарцуулсан нь залилах гэмт хэргийн шинжгүй байх тул Т.Э.ыг цагаатгаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.9, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. овогт Т.ийн Э.ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Т.Э.ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Э.ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА