Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 829

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

                                     Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                               хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2556375, Капитал банк ХХКомпанийн

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороололд, 12 дугаар байрны 197 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЧН 54060201, Базарцэнд овогт Долгорын Тунгалагт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 36 964 152 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттөгс, М.Цогтсайхан, хариуцагч Д.Тунгалаг, түүний өмгөөлөгч Д.Даваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа  нар оролцов.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч Капитал банк ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Тус банк Д.Тунгалагтай  2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 186 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 45 000 000 төгрөгийн зээлийг, 36 сарын хугацаатай, жилийн 25,2 хувийн хүүтэй олгосон бөгөөд харилцагчийн зээлийн сарын төлбөрийг багасгах хүсэлтийн дагуу бизнесийн нөхцөл байдлыг харгалзан үзэж 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ байгуулж 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл 14 сараар сунгасан.Гэвч зээлдэгч үндсэн зээлээс 14 981 930 төгрөг, зээлийн хүүнээс 19 463 056 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 230 021 төгрөг төлсөн боловч үндсэн зээл болон зээлийн хүүгийн үлдэгдлийг хуваарийн дагуу төлөхгүй байна.Иймд Д.Тунгалагын барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үндсэн зээлийн 30 018 069 төгрөг, зээлийн хүү 3 329 622 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 596 357 төгрөг нийт 34 944 050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

             Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттөгс шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манайх шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 36 964 152 төгрөгийг Д.Тунгалагаас шаардаж байсан боловч бид ярилцан тохиролцож манайх нэмэгдүүлсэн 2 удаагийн шаардлагын дүн болох 2 020 102  төгрөгөөр татгалзаж, үлдсэн 34 944 050 төгрөгийг хариуцагч Д.Тунгалаг 2017 оны 4-8 дугаар саруудад тус бүр 1 000 000 төгрөгөөр, 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарыг дуусталх хугацаанд сар бүр 2 500 000 төгрөгөөр цувуулан банкинд төлж барагдуулах, энэхүү тохиролцсон график зөрчигдвөл барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрч байна.Мөн манай байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 252 төгрөгийг тэнцүү хувааж хариуцахаар тохиолцож байна гэв.

 

             Хариуцагч Д.Тунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2002 оноос эхлэн тус банкнаас урт, богино хугацаагаар зээл авч бүгдийг хугацаанд нь төлж байсан, 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 45 000 000 төгрөгийг, жилийн 25,2 хувийн хүүтэй авсан бөгөөд одоогийн байдлаар зээл, зээлийн хүүд 34 900 000 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлсөн, 2015 оны 4 дүгээр сараас орлого эрс муудаж зээл төлөлт хүндэрч эхлэх үед 2015 оны 6 дугаар сараас 12 дугаар сар хүртэл 2-3 удаа хүсэлт гаргаж байж зээлийн гэрээний нөхцөлийг өөрчилж 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан.Урьд нь би 6 дэлгүүрт 6 лангуу түрээслэж, 6 худалдагч цалинжуулж байсан бол сүүлийн 2 жилд зөвхөн 1 байрлал дээр худалдагчгүй өөрөө ажиллаад дийлэхгүй нөхцөл бүрдсэн, урьд нь 1-2 удаа бараа татдаш байсан бол одоо жилд 2-3 удаа таталт хийж байна.Банкны нэхэмжлэлээр энэ гэрээний хугацаанд зээлийн хүүнд 27 800 000 төгрөг бүгд 72  800 000 төгрөг төлөх болоод байна.Энэ мөнгө хүүлэлт 1,6 дахин өссөн дүн байгаа юм.Би сэтгэл санаа, бие махбодийн хүнд дарамтад амьдарч байна.Банкны мөнгийг  олон удаа өсгөж өгсөн, надаас хамаарахгүй олон хүчин зүйлс орлого, худалдаанд нөлөөлж байгаа тул энэ бүгдийг харгалзан үзэж шийдвэр гаргаж өгнө гэдэгт найдаж байна гэжээ.

Хариуцагч Д.Тунгалаг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Бид банкны төлөөлөгч нартай ярилцан тохиролцож би 34 944 050 төгрөгийг 2017 оны 4-8 дугаар саруудад тус бүр 1 000 000 төгрөгөөр, 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарыг дуусталх хугацаанд сар бүр 2 500 000 төгрөгөөр цувуулан банкинд төлж барагдуулах, энэхүү тохиролцсон хуваарь зөрчигдвөл барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, мөн банкны төлсөн улсын тэмдэгтийн хураамж 390 252 төгрөгийг тал хувийг би төлөхөөр тохиолцон эвлэрч байна гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХКомпани хариуцагч Д.Тунгалагт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 30 018 069 төгрөг, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд нийт 36 964 152 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч Д.Тунгалаг 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Капитал  банк ХХКомпаниас 45 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 25,2 хувийн хүүтэй зээлж авсан болох нь зохигчдийн хооронд 2014 оны 7 дугаар сарын  27-ны өдөр хийгдсэн 186 тоот зээлийн гэрээ, банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь  болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Зохигчдын хооронд 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 186 дугаартай барьцааны гэрээ хийгдсэн байх бөгөөд Д.Тунгалаг зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 12 дугаар байрны 197 тоотод байршилтай, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө бүхий орон сууцыг барьцаалж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна.

 

Талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ хийгдсэн байх бөгөөд энэхүү гэрээгээр зээлийн гэрээг 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл 14 сараар сунгаж өөрчлөлт оруулсан байна.

 

Зохигчид шүүх хуралдаанд дээр ярилцаж нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагынхаа 2 020 102 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Тунгалаг үлдсэн 34 944 050 төгрөгийг 2017 оны 4-8 дугаар сар тус бүр 1 000 000 төгрөгөөр, 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарыг дуусталх хугацаанд сар бүр 2 500 000 төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулах, дээрх хуваарь зөрчигдсэн нөхцөлд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн нэхэмжлэгч байгууллагын 3 удаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 252 төгрөгийг тал хувийг хариуцагч Д.Тунгалаг төлөхөөр тохиролцон эвлэрч байх тул талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

 

1.Капитал банк ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа 2 020 102 /хоёр сая хорин мянга нэг хоёр/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Тунгалаг үлдсэн 34 944 050 /гучин дөрвөн сая есэн зуун дөчин дөрвөн мянга тавин/ төгрөгийг 2017 оны 4, 5, 6, 7, 8 дугаар саруудад тус бүр 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр, 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарыг дуусталх хугацаанд сар бүр 2 500 000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар зохигчид эвлэрч байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар Д.Тунгалаг нэхэмжлэгч байгууллагатай тохиролцсон хугацаанд үүргээ эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 12 дугаар байрны 197 тоотод байршилтай, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө бүхий орон сууцыг хуульд нийлцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 252 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Тунгалагаас 195 126 /нэг зуун ерэн таван мянга нэг зуун хорин зургаан/ төгрөгийг  гаргуулан Капитал банк ХХКомпанид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН