| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00495/и |
| Дугаар | 727 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 727
| 2017 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2017/00517 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Амарсанаа гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 9090142, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Саппорогийн тойрог, өөрийн байранд байрлах, Жаргалан бүрэн дунд сургуульд холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэлд 33 080 070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Жаргалан бүрэн дунд сургууль Нийгмийн Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1,17 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 12 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 33 080 070 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна.Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа шаардаж, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан тохиролцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн, тохиролцсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо.Иймд Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу Жаргалан бүрэн дунд сургуулийн дутуу 33 080 070 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан 16 540 035 төгрөг бүгд 49 620 105 төгрөгийг Жаргалан бүрэн дунд сургуулийн хөрөнгөөс гаргуулж Төрийн банкин дахь тус хэлтсийн 105100004490 тоот дансанд шилжүүлж шимтгэлийн өрийг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Э.Сэргэлэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Жаргалан бүрэн дунд сургуулиас нийгмийн даатгалын шимтгэлд 49 620 105 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд алданги 16 540 035 төгрөгөөсөө татгалзаж, үндсэн төлбөр 33 080 070 төгрөгийг хариуцагч байгууллага нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.Эрдэмдэлгэр шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 33 080 070 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс хариуцагч Жаргалан бүрэн дунд сургуульд холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 33 080 070 төгрөг, алданги 16 540 035 төгрөг нийт 49 620 105 49 620 105 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа 16 0540 035 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 33 080 070 төгрөгийг хариуцагч байгууллага нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул тэдний эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч байгууллагын төлөх 33 080 070 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 323 350 төгрөгийн 50 хувь болох 161 675 төгрөгийг хариуцагч Жаргалан бүрэн дунд сургуулиас гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс 49 620 105 төгрөгийн шаардлагынхаа 16 540 035 /арван зургаан сая таван зуун дөчин мянга гучин таван/ төгрөгөөс татгалзаж, үлдсэн 33 080 070 /гучин гурван сая наян мянга далан/ төгрөгийг хариуцагч Жаргалан бүрэн дунд сургууль 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар талууд эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Жаргалан бүрэн дунд сургуулиас 161 675 /нэг зуун жаран нэгэн мянга зургаан зуун далан таван/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН