Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/148

 

 

 

 

 

 

 

 

 

   2021        01          27                                      2021/ШЦТ/148

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,  

улсын яллагч Б.Тулга,

шүүгдэгч хохирогч Г.Э.,

шүүгдэгч хохирогч М.Т. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Г.ын Э., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М. овогт М.гийн Т. нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 03083 2741 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа нүүлгэлтийн ажил хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар,

мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 592 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б. овогт Г.ын Э..

Монгол улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Өндөршил суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “Хаус стандарт” ХХК-д материалын нярав ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт оршин суух, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 733 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, М. овогт М.гийн Т..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э. нь согтуугаар, 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Т.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, түүний биед хатуу тагнай ясны хугарал, хамар ясны хугарал, 5 шүдний сулрал, зовхинд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн  няцрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч М.Т. нь согтуугаар, 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Э.тэй хувийн таарамжгүй  харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биеийн цээж, хэвлий орчимд хутгаар зүсэж, дух, баруун дал, баруун гарын сарвууны 3, 4, 5 дугаар хуруунд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч Г.Э. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч М.Т. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-11/,

- Г.Э.ийн хохирогчоор өгсөн: “Т. над руу үг хаяад дайраад эхэлсэн, Тэгээд би энд байж болохгүй юм байна гээд явах гээд Эрдэнэбулганыг сэрээх гээд машины хажууд нь очоод тамхи татаад зогсч байтал Т. миний өөдөөс ирээд зүүн гарын доод хэсэгт нэг удаа хутгалсан, тэгээд би хутгалсан гэдгийг мэдээд өөрөөсөө холдуулах гээд Т. лүү дайрсан, бас 1-2 удаа цохисон. Хаана нь цохисон талаараа мэдэхгүй байна. Тэгээд Т. бид 2 ноцолдож байтал дахин миний цээжинд нэг удаа хутгалсан, тэгээд би хутгыг нь булааж аваад хол шидээд Т.г эрүүний хэсэгт мөргөөд унагасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- М.Т.гийн хохирогчоор өгсөн: “Надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Би Э.тэй уулзаад 2 талд нэхэмжлэх зүйл байхгүй гэж тохиролцсон байгаа.” гэх мэдүүлэг /18-20/,   

- Гэрч А.Амаржаргалын өгсөн: “Надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Би Э.тэй уулзаад 2 талд нэхэмжлэх зүйл байхгүй гэж тохиролцсон байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

- Гэрч Г.Нямсүрэнгийн өгсөн: “Э. гэдэг залуу согтуу ирсэн. Тэгээд тэр хавиар жаахан жаахан агсраад байхаар нь би нөхөр Эрдэнэбулганы хамт хүүхдээ аваад машины ард орж унтсан. Тэгээд бид 3 унтсан, тэгээд унтаж байтал хүүхэд сэрэхээр нь би сэртэл гадна туслаарай, авраарай гээд орилоод байхаар нь би нөхрөө сэрээгээд машинаас гартал Т.г Э. зодоод Т. туслаарай энийг холдуулаач гээд орилж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

- Гэрч У.Дорждэрэмийн өгсөн: “Э. анх ирэхдээ халамцуу ба ирчихээд бид нарт томроод байсан. Э. нь 40 орчим насны ахтайгаа хамт үлдсэн ба согтуу ахыгаа ганц нэг удаа цохиод “дуугүй бай, пизда минь” гэж хэлээд хараагаад байсан. Т. нүүр нь цус болсон газар хэвтэж байсан. Харин Э. нүүр лүү нь хөлөөрөө өшиглөж байсан. Тухайн үед Эрдэнэбулган бид хоёр очоод салгахад Э. “наад чинь намайг дүрчихлээ, ямар овоо пизда вэ” гэж хэлээд байсан. Тэгээд нэг мэдэхэд цагдаа нар ирсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7815 тоот: “Г.Э.ийн биед цээж, хэвлийд зүсэгдсэн шарх, дух, баруун дал, баруун гарын сарвууны 3, 4, 5 дугаар хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 30-31/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7791 тоот: “М.Т.гийн биед хатуу ясны хугарал, хамар ясны хугарал, 5 шүдний сулрал, зовхинд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

- Г.Э.ийн яллагдагчаар өгсөн: “...өөрөөсөө холдуулах гээд Т. лүү дайрсан, бас 1-2 удаа цохисон, хаана нь цохисон талаар мэдэхгүй байна. Т.г эрүүний хэсэгт мөргөөд унагасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,

- М.Т.гийн яллагдагчаар өгсөн: “...Э. намайг ажилдаа хамт явахгүй байна гээд үг хаяж байгаад над руу дайраад эхэлсэн. Тэгээд маргаан болсон. Бид хоёр л хоорондоо муудалцсан. Надаас өөр хэн нэгэн Э.ийг цохиж зодоогүй байх. Би цээжин хэсэгт нь 2 удаа хутгалсан. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Э. нь согтуугаар, 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Т.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, түүний биед хатуу тагнай ясны хугарал, хамар ясны хугарал, 5 шүдний сулрал, зовхинд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн  няцрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

М.Т. нь согтуугаар, 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Э.тэй хувийн таарамжгүй  харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биеийн цээж, хэвлий орчимд хутгаар зүсэж, дух, баруун дал, баруун гарын сарвууны 3, 4, 5 дугаар хуруунд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Г.Э., М.Т. нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

           Г.Э. нь согтуугаар, 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Т.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, түүний биед хатуу тагнай ясны хугарал, хамар ясны хугарал, 5 шүдний сулрал, зовхинд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн  няцрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

М.Т. нь согтуугаар, 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Э.тэй хувийн таарамжгүй  харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биеийн цээж, хэвлий орчимд хутгаар зүсэж, дух, баруун дал, баруун гарын сарвууны 3, 4, 5 дугаар хуруунд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Г.Э., М.Т. нарын хохирогчоор болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч А.Амаржаргал, Г.Нямсүрэн, У.Дорждэрэмнарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний дөрийн 7815, 7791 тоот дүгнэлтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Э., М.Т. нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Г.Э., М.Т. нар нь харилцан хохирол нэхэмжлээгүй тул тус тус бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Г.Э., М.Т. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ногоон өнгийн бариултай, эвхдэг хутга 1 ширхэг хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Г.ын Э.ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

     шүүгдэгч М. овогт М.гийн Т.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э.эд 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял,

                Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Т.д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Э.эд оногдуулсан 2.000.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд,

              М.Т.д оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Э., М.Т. нар нь тус тус торгох ялыг шүүхээс тогтоосон  хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн бариултай, эвхдэг 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА