Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2022/0578

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг

Нэхэмжлэгч “С” ХХК

Хариуцагч Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 418 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Н.А, хариуцагч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Т.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0002/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “С” ХХК-иас шүүхэд хандан “Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/30 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 418 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 52 дугаар зүйлийн 52.1.3, 521.2, 521.2.1, 521.3-д заасныг баримтлан “С” ХХК-иас Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С-д холбогдуулан гаргасан “Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/30 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан “Сонсох ажиллагаанд оролцож буй этгээд нь тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэхийг бүрэн гүйцэт тодруулаагүй, хариуцагч нь Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Дүрэм, журам батлах тухай” 274 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.3-д “асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх” үүргээ биелүүлж ажиллагаагүй зэрэг тайлбарыг шүүх үндэслэлгүй гэж үзэхдээ хариуцагч буюу улсын байцаагч нь холбогдох мэдээллийг шалгаж тогтоон хэрэгжүүлсэн нь “Худалдан авах ажиллагаанд хариуцлагатай байх” зарчмыг хангаж ажилласан гэж үзнэ гэжээ.

3.2. Аливаа хяналт шалгалтыг хэрэгжүүлж буй улсын байцаагч тухайн хяналт шалгалтынхаа хүрээнд байгууллагын эрх бүхий этгээд болон эрх бүхий этгээдээс итгэмжлэл авсан этгээдээс тайлбар мэдүүлэг авах үүрэгтэй. Гэвч хариуцагч нь уг үүргээ зөрчиж сонсох ажиллагаанд оролцож буй этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэхийг бүрэн гүйцэт тодруулалгүй “энэ талаар баримт байхгүй” сонсох ажиллагаа явуулсан нь хуульд заасан журмын хүрээнд явагдаагүй, хууль бус үндэслэлгүй сонсох ажиллагаа болсон гэж үзэж байна.

3.3. Гэвч шүүх дээрх үндэслэлд нэхэмжлэгч байгууллага өөрөө хариуцлагатай байх зарчмыг барина гэсэн ойлгомжгүй дүгнэлт гаргасан нь хуульд нийцээгүй байна.

4. Мөн нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн” бол гэж заасан. Харин тендер гэдгийг захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг ойлгоно гэж хуульд тодорхойлсон бөгөөд хяналт шалгалтын актад дурдсан Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт нь хуульд заасан тендерийн үндсэн бүрдэлд хамаарахгүй, ямарваа нэг үр дагавар үүсгэхгүй, зөвхөн туслах шинжтэй материал гэж маргасан.

4.1. Шүүх шийдвэр гаргахдаа дээрх тайлбарыг хэрхэн үндэслэлгүй гэж үзэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй, үндэслэх хэсэгт дурдаагүй, тайлбарлаагүй байна.

4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэг байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан байхад уг хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

5. Түүнчлэн манай компани Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас 2020 онд зарласан СБДХААА/202001051 дугаартай тендер шалгаруулалтад тендерийн материал хүргүүлээгүй, манай компанийн гүйцэтгэх удирдлагын найз Ш.Г гэх хүн манай компанийн нэр,тамга, тэмдгийг ашиглан хуурамчаар үйлдэн биднийг тендерт оролцож байгаа мэтээр баримт бүрдүүлж өгснийг улсын ахлах байцаагчаас хариу ирсний дараа үүсээд байгаа асуудлын талаар бидэнд мэдэгдсэн.

5.1. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн хууль бус үйлдлийн улмаас ийм нөхцөл байдал үүссэн байхад манай компанид мэдэгдээгүй, тус тендерт оролцсон эсэх талаар тайлбар, мэдүүлэг аваагүй мөн тус тендерт хууль бус материал бүрдүүлж оролцсоны үндсэн дээр шалгараад тендер авсан зүйл байхгүй, тухайн тендерт оролцогчдын эрхийг хязгаарласан, хуурамч бичи баримт санаатайгаар бүрдүүлэн давуу байдал өөртөө бий болгосон, тендерийг хууль бусаар авч улсад буюу тендер зарлагчид хохирол учруулсан зүйл байхгүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

6. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

2. Маргаан бүхий Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтээр “... “С” ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, мөн хуулийн 14.5 дахь хэсэг, 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх хэсэгт заасныг үндэслээд “С” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж шийдвэрлэсэн байна.

 

3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “С” ХХК-иас тендер шалгаруулалтад оролцохдоо Худалдаа хөгжлийн банкны гэх 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 7-436/176, 7-436/177 дугаар бүхий “... “С” ХХК нь ... 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар тус банкинд зээл, хүүгийн өргүй байна”, “... Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан 11 дүгээр хороо, Ахмадын 901, 902 дугаар байрны орчим тохижилт хийх, СБД-ХААА/ОН20-051 тоот тендерт ялсан тохиолдолд бид 100,000,000 төгрөгийн зээл олгох боломжтой” гэсэн албан бичгүүдийг хавсаргаж, улмаар Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар албан бичгээр 7-436/176, 7-436/177 дугаар бүхий албан бичгийг засварласан байж болзошгүй үндэслэлээр Худалдаа хөгжлийн банкнаас тодруулгыг хүсэхэд Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 5/940 дүгээр албан бичгээр “... 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 7-436/177 дугаартай 11 дүгээр хороо, ахмадын 901, 902 байрны орчин тохижилт хийх СБД-ХААА/ОН20-051 тоот тендерт ялсан тохиолдолд бид 100,000,000 төгрөгийн зээл олгох боломжтой” гэсэн агуулга бүхий тодорхойлолтыг тус банкнаас гаргаж өгөөгүй болно” гэх зэрэг баримтуудаар нэхэмжлэгч “С” ХХК нь тендер шалгаруулалтад оролцохдоо хуурамч бичиг баримт бүрдүүлсэн болох нь тогтоогджээ.

 

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Ерөнхий нөхцөлийг магадлах”-ыг зааж, 14.1-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ”, 521 дүгээр зүйлийн 521.2-д “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, гээд 521.2.1-д “энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах”, 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж тус тус заажээ.

 

5. Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг болон анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “... сонсох ажиллагаанд оролцож буй этгээд нь тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэхийг бүрэн гүйцэт тодруулаагүй, ... хууль бус үндэслэлгүй сонсох ажиллагаа болсон, ... хяналт шалгалтын актад дурдсан Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт нь хуульд заасан тендерийн үндсэн бүрдэлд хамаарахгүй, ямарваа нэг үр дагавар үүсгэхгүй, зөвхөн туслах шинжтэй материал, ... манай компанийн гүйцэтгэх удирдлагын найз Ш.Г гэх хүн манай компанийн нэр,тамга, тэмдгийг ашиглан хуурамчаар үйлдэн биднийг тендерт оролцож байгаа мэтээр баримт бүрдүүлж өгснийг анзаараагүй” гэх зэрэг тайлбар гаргаж үгүйсгэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

6. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д “... хуулийн 15.3-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх баримт бичгийг тендерийн баримт бичигт заана” гэж зааснаар захиалагч Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерийн баримт бичигт харилцагч банкны мэдэгдэл ирүүлэхийг тодорхойлсон.

 

7. Гэтэл “С” ХХК-иас тендерт оролцохдоо Худалдаа хөгжлийн банкны гэх 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 7-436/176, 7-436/177 дугаар бүхий албан бичгүүдыг илгээж, энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-д “харилцагч банкны мэдэгдэл” гэж заасанд хамаарч байх тул нэхэмжлэгчийн санхүүгийн чадавхийг үнэлэх баримт бичигт хамаарахаар, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн илгээсэн бүхий л баримт бичиг тендерийн нэг хэсэг тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... тендерийн үндсэн бүрдэлд хамаарахгүй, ямарваа нэг үр дагавар үүсгэхгүй, туслах шинжтэй материал” гэх гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

 

8. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Дүрэм, журам батлах тухай” 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.3-д “асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх” гэж заасан зарчмын хүрээнд маргаан бүхий дүгнэлтийг гаргасныг буруутгахгүй үндэслэлгүй байна.

 

9. Түүнчлэн “С” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д.М” байх бөгөөд хариуцагч улсын байцаагчаас “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 6-1/4678, 6-1/5188 дугаар албан бичгүүдээр Захиргааны ерөнхий хуулийн 24-27-д заасан сонсох ажиллагааны талаар тодруулга авахаар “С” ХХК-д мэдэгдсэн нь анхан шатны шүүхэд ирүүлсэн “Монгол шуудан” ХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09/256 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

 

10. Тиймээс хариуцагч улсын байцаагчийн мэдэгдлийг “С” ХХК нь өөрөө гардан авсан, мэдэгдэлтэй холбоотой асуудлыг хэнд хуваарилж асуудалд хандах нь компанийн дотоод зохион байгуулалттай холбоотой асуудал тул давж заалдах гомдолд дурдсан “... манай компанийн гүйцэтгэх удирдлагын найз Ш.Г гэх хүн манай компанийн нэр,тамга, тэмдгийг ашиглан хуурамчаар үйлдэн биднийг тендерт оролцож байгаа мэтээр баримт бүрдүүлж өгснийг анзаараагүй” гэх гомдлоор хуульд заасан журмын дагуу явуулсан сонсох ажиллагааг үгүйсгэх үндэслэл биш байна.

 

11. Иймд нэхэмжлэгчээс тендерт оролцохдоо зөрчилтэй баримт бичгийг бүрдүүлж оролцсон нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дүгээр сарын 31-ний өдрийн 418 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН