| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2021/0108/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/160 |
| Огноо | 2021-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/160
2021 02 01 2021/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
улсын яллагч Б.Оюунцэцэг,
шүүгдэгч Ц.С. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т. овогт Ц.гийн С.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 03816 2771 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт оршин суух бүртгэлтэй, Т. овогт Ц.гийн С..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.С. нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Эрхэмбаярын нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр зодсоны улмаас биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, уг хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Насанд хүрээгүй хохирогч А.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 09 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ойролцоо би найзуудтайгаа уулзаад, Тэмүүлэн, Батчингис нартай хамт гэр лүүгээ харихаар Жуковын автобусны буудлын хойд талаар явж байхад үл таних 4 эрэгтэй хүнтэй таарсан ба үл таних 4 хүний нүдний шилтэй нь баруун гараараа миний хамрын зүүн тал руу 1 удаа цохисон. Өөр цохиулж зодуулсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,
- Насанд хүрээгүй хохирогч А.Эрхэмбаярын дахин өгсөн: “Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хамар ясны хугарал, муруйлт, няцрал гэмтлийг тухайн үед нүдний шил зүүсэн, улаан өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн юүдэнтэй малгайтай хүн баруун гараараа миний хамар луу нэг удаа цохисон. Өөр ямар нэг хүн миний хамар луу цохисон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 100554 дугаартай: “Э.Эрхэмбаярын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, уг хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, уг хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн гуяны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 30, 31/,
- Ц.С.ын яллагдагчаар өгсөн: “2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хойд талын автобусны буудлын баруун талын явган хүний сандал дээр Энхням, Б.Ууганбаяр бид 3 суусан. Үл таних 3 хүн автобусны буудлын зүүн талаас биднийг чиглээд ирж байсан ба 1 нь Г.Ууганбаярыг мөрлөөд, хэл амаар доромжлоход Энхням босч Г.Ууганбаярыг мөрлөсөн үл таних залуутай заамдалцахад Б.Ууганбаяр салгах гэж голоор нь ороод 1 нь Энхнямтай заамдалцахад би салгах гэж голоор нь ороход заамдалцаж байсан эрэгтэй Энхнямтай заамдалцахаа болиод баруун гараараа миний зүүн шанаа руу 1 удаа цохихоор нь би зөрүүлээд баруун гараараа зүүн шанаа руу 1 удаа цохисон. Тэгээд маргалдахаа болиод тухайн үл таних 3 хүн баруун зүг рүү зугатахаар нь Б.Ууганбаяр араас нь хөөж байгаад цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 44/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Ц.С. нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Эрхэмбаярын нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр зодсоны улмаас биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, уг хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч А.Эрхэмбаярын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10554 тоот дүгнэлт, Ц.С.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.С.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.С.т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогчид баримтаар 249.500 төгрөгийн хохирол учирч, үүнээс 210.000 төгрөг төлөгдсөн байх тул үлдэх 39.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ц.С.т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т. овогт Ц.гийн С.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С.т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.С. нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.С.оос 39.500 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигин овогт Сүхээгийн Даваасүрэн /РД:ЧМ79092405/-д олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.С.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА