Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/161

 

 

 

 

 

 

 

 

 

   2021        02          01                                      2021/ШЦТ/161

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,  

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

шүүгдэгч Н.Э. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д. овогт Н.гийн Э.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 03698 3004 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, автомашины засварчин ажилтай, ам бүл 1, Д. овогт Н.гийн Э..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Э. нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 9-184 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Янжиндуламын эрх чөлөөнд халдаж, түүний биед дээд үүдэн шүдний булгарал, баруун нүдний дээд, доод зовхи, цээж, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Янжиндуламын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны нийтийн байрны эзэн манай байрны хугацаа дуусаад мөнгө өг, өгөхгүй бол танайхыг гаргаж, өөр айл оруулна гэж хэлсэн. Тэгээд манай нөхрийн шөнө ууж байсан архи дуусаагүй байсан. Тэр архийг өглөө босоод уугаад байхаар нь байрны эзэн чи дандаа ууж байх юм гэсэн. Тэгсэн ахтайгаа яриад би ахаасаа мөнгө аваад ирнэ гээд гараад явсан. Тэгээд 17 цагийн үед согтуу орж ирсэн. Тэгээд би чи мөнгө олоод ирнэ гээд гараад явсан яасан бэ гэхэд чамд ямар хамаатай юм пизда минь гээд охиныгоо хувцсаа өмс гэсэн. Тэгсэн өөрийнхөө хувцсыг солиод би охиноо аваад явлаа гэсэн. Тэгээд охиныг чирэхээр нь би чи хүүхэд авч явж яах гээд байгаа юм бэ гэхэд гараа атгаж байгаад миний нүүр лүү хоёр удаа цохисон. Тэгсэн хуруундаа хийсэн байсан бөгж нь миний шүдийг хугалсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/,

- Гэрч П.Сарантуяагийн өгсөн: “...манай нийтийн байранд 2019 оны 12 сараас хойш уг хоёр хүн 1 охинтойгоо гурвуулаа байсан. Эдгээр хүмүүс нь архи согтууруулах ундаа их хэрэглэдэг. Уухаараа бие биетэйгээ хэрэлдэж маргалддаг. Б.Янжиндулам нь хааяа нүд нь хөхөрчихсөн, яасан юм бэ гэж асуухаар Э. зодсон гэж хэлдэг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

- Гэрч Д.Мэндсайханы өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нөхөр зодоод шүд хугалсан гэж хэлээд нүүр нь хавдаж хөхөрсөн байдалтай нөхөр хүүхэд аваад явсан. Надад амьдрах газар алга гэж хэлээд хүрээд ирсэн учир манай байгууллага хүлээж аваад орон гэр байр хоол хүнсээр хангаж цагдаагийн байгууллагад хандсан. Б.Янжиндулам нь ирэх үедээ нүүр нь хавдаж хөхөрсөн, үүдэн шүд  нь хугарсан байдалтай ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 9781 тоот: “Б.Янжиндуламын биед дээд үүдэн нэг шүдний булгарал, баруун нүдний дээд, доод зовхи, цээж, баруун, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонгид 5% алдагдуулна.” гэх дүгнэлт /хх-ийн 49-50/,

- Н.Э.ын яллагдагчаар өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 18-ны өглөө ажилдаа явчихаад орой ажлаа тараад ажлынхаа хүмүүстэй жаахан архи уучихаад гэртээ иртэл манай хамтран амьдрагч Янжиндулам согтуу байж байсан. Тэгээд бид 2 үг сөргөлдөөд хоорондоо маргалдаад, хэрэлдэж байгаад би хүүхдээ аваад явлаа гэж хэлтэл Янжиндулам “хүүхэд өгөхгүй” гээд над руу юм хум авч шидээд цохих гээд дайраад байхаар нь би 1 удаа алгадсан. Тэгээд үүдэн шүд нь хөдөлчихсөн байсан. 1 шүд нь уначих шиг болсон. Тэгээд дахиад дайраад байхаар нь би цааш түлхэж унагаачихаад хүүхдээ аваад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.Э. нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 9-184 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Янжиндуламын эрх чөлөөнд халдаж, түүний биед дээд үүдэн шүдний булгарал, баруун нүдний дээд, доод зовхи, цээж, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Н.Э.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Н.Э. нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 9-184 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Янжиндуламын эрх чөлөөнд халдаж, түүний биед дээд үүдэн шүдний булгарал, баруун нүдний дээд, доод зовхи, цээж, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Янжиндулам, гэрч П.Сарантуяа, Д.Мэндсайхан нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 9781 тоот дүгнэлт, Н.Э.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Э.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Н.Э. нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Н.Э.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д. овогт Н.гийн Э.ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э.т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Э. нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Н.Э.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА