| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2021/0105/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/163 |
| Огноо | 2021-02-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/163
2021 02 01 2021/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
улсын яллагч М.Оюунбат,
шүүгдэгч Б.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Б.ийн Б.од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 03621 2846 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1,
урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 хоногийн хорих ял шийтгэгдэж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,
мөн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,
мөн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 08 дугаар 17-ны өдрийн 283 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар (өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг нэмж нэгтгэн) нийт 6 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хугацаанаас өмнө суллагдаж байсан,
Б. овогт Б.ийн Б..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б. нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Үндсэн хүнс” ХХК-ийн ажилчдын өрөөнөөс иргэн Б.Айтуганы Самсунг А50 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 476.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Б.Айтуганы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 23-ны өглөө 08 цагийн үед би гар утсаа “Үндсэн хүнс” ХХК-ийн 2 давхарт байрлах ажлын хувцас солих өрөөнд өөрийн эзэмшлийн Самсунг А50, Самсунг Эс7 загварын 2 гар утсаа цэнэглээд үлдээсэн байсан. Би үйлдвэрийн 1 давхарт буугаад ажлаа хийж байгаад 08 цаг 25 минутанд гар утсаа авх гээд ороход миний цэнэглэж байсан Самсунг А50 загварын гар утас байхгүй байсан. Тэгээд би орж ирсэн хүний гарын үсгийг доошоо бууж байгаад харсан чинь Б. гэх хүн 08 цаг 25 минутанд гарын үсгээ зурсан байсан. Тэгэхээр нь би өөрийн гар утас руу залгахад миний гар утас дуудаж байгаад авахгүй байсан. Би “Үндсэн хүнс” ХХК-ийн харуултай уулзахад Б. өглөө 08 цаг 25 минутанд орж ирээд 08 цаг 30 минутанд гарч явсан байна гэж харуул хэлсэн. Би Б.ын эхнэртэй уулзахад эхнэр нь “эгч нь Б.той уулзаад чиний гар утсыг аваад өгье, чи маргааш хүртэл цагдаад мэдэгдэхгүй байж байгаарай” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /13-14/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Б.Б. нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Үндсэн хүнс” ХХК-ийн ажилчдын өрөөнөөс иргэн Б.Айтуганы Самсунг А50 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 476.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Айтуганы мэдүүлэг, Б.Б.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б.ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б.од прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогчид хөрөнгийн үнэлгээний тайлангаар 476.700 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Б.од ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Б.ийн Б.ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.од 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Б.оос 476.700 төгрөгийг гаргуулан хохирогч Жадик хуланбай овогт Бидолдагийн Айтуган /РД:ПЛ96052015/-д олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА