Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Ж.Г

Гэрч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Г-д холбогдох 2016001170090 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овгийн Ж-н Г.

Шүүгдэгч Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны нутаг дэвсгэр Бууцны зах гэх газар иргэн Ц.Б-н гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Я.О-той “дэлгүүрт нь ороход гарч ирээгүй, гөлөг гэж хэллээ” гэснээс маргалдан гэрээс хамт гарч Я.О-н нүүрэн тус газар гараараа цохиж, түүний биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ж.Г-н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны нутаг дэвсгэр Бууцны зах гэх газар иргэн Ц.Б-н гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Я.О-той “дэлгүүрт нь ороход гарч ирээгүй, гөлөг гэж хэллээ” гэснээс маргалдан гэрээс хамт гарч Я.О-н нүүрэн тус газар гараараа цохиж, түүний биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Г гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ж.Г-н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “... Манайд ирээд намайг янз бүрээр доромжлоод байсан. Тэгээд намайг гараад уулзъя гэсэн. Тэгээд гараад уулзсан чинь намайг боосон. Би боолтоо тавиулах  гээд нэг цохисон ... Я.О-г цохисон ... хохиролд 3.000.000 төгрөг төлсөн Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Амлаж байна ... гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/, 

Хохирогч Я.О-н мөрдөн байцаалтад өгсөн “...Б.А-н хамт Б гэх залуугийнд очсон. Тэнд найз Ш.Э, эхнэр Л, Баянтоорой тосгонд оршин суудаг Г, эхнэр А-тайгаа, Б болон түүний эхнэр Ц, Г-н хадам аав Н нар байж байсан. Тэд нар 2,5 литртэй 4 ширхэг пиво тойруулаад сууж байсан. Найз ш.Э-н эхнэр Л надад пиво хундагалж өгөхөөр нь уусан. Ж.Г-н эхнэр Н.А дөрвөлжин шилтэй виски задлаад холоос ирсэн найз Ш.Э зориулж байгаа юм шүү гээд тойруулсан. Би Ж.Г-д хандаж чи бид хоёр садан төрлийн холбоотой хүмүүс гэж хэлээд, түүний баз Б гэх залууд хандаж дүүг зүс таньж байна гэж хэлэхэд Б би таныг ч бас танина гэж хэлж байсан ... Ж.Г надад хандан би танай дэлгүүрт орсон охин чинь сууж байхаар нь чамайг асуухад байгаа гэж хэлсэн. Тэгээд чи гарч ирэхгүй байсан гэж хэлэхээр нь Ж.Г-д хандан манай охинд аавыгаа дуудаадах гэж хэлэхгүй яасан юм бэ тэгвэл би гарч ирнэ ээ, дэлгүүрт их олон хүн орж гардаг болохоор чамайг манай охин мэдэхгүй байхгүй юу гэж хэлсэн ... Түүнээс хойш би их согтуу байсан болохоор болсон явдлаа санахгүй байна. Маргааш өглөө нь сэрэхэд өөрийн эзэмшлийн Портер маркийн 0-0 ГАҮ улсын дугаартай автомашин дээрээ сэрсэн. Сэрээд босох гэтэл толгой эргээд нүд сонин болоод ирэхээр нь нүдээ барьтал нүд их хавдчихсан, амаа барьж үзэхэд амны орчмоос цус хатчихсан, толгой өвчтэй байсан ... Би тухайн үед архи их уусан байсан болохоор хэнд зодуулснаа санахгүй байна. 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр багын найз Ш.Э-н эхнэр Л-ээс намайг хэн зодсон талаар асуухад Ж.Г дэлгүүрт чинь очиход чи гарч ирээгүй гээд чамтай маргалдаж эхлээд гарч ярилцана гээд та 2 гарсан. Тэгээд удалгүй нөгөө хоёр чинь зодолдоод уналаа гэж Ж.Г-н эхнэр А хэлсэн ... Би Г-с Я.О-г хэн цохисон юм бол гэж маргааш нь асуухад Ж.Г би бөгжтэй гараараа цохисон гэж хэлсэн байсныг Л надад хэлсэн ...  Миний баруун талын нүдний ухархай яс цөмөрсөн, мөн нүдний булчин цааш суугаад хамрын амьсгал замыг хаасан, хамар гэмтэл авсан учир Улаанбаатар хотод “Окулопалистик” гэх эмнэлэг дээр нүдний ухархайн ясны хугарал, хамрын амьсгалын зам чөлөөлөх гэсэн хагалгаанд орсон... “Окулопалистик” гэх эмнэлэгт хагалгаанд орсон зардал 3.400.000 төгрөг, үзлэгийн зардал 25.000 төгрөг, эмчилгээний болон эмийн зардал 1.788.020 төгрөг, миний ирж очсон онгоцны зардал 654.400 төгрөг, манай эхнэр Ч.Ж-н машинтай очсон түлшний зардал 155.000 төгрөг, нийт 5.724.420 төгрөгийг нэхэмжилж байна. Би өмсөж яваад урагдсан цамц болон хүзүүний гинжээ нэхэмжлэхгүй... ” гэсэн мэдүүлэг /ХХ30-31/

Гэрч Н.А-н мөрдөн байцаалтад өгсөн “... Я.О манай нөхөр Ж.Г-г нохойн гөлгөө гэж дуудаад байсан. Тэгэхэд манай нөхөр Г чи согтуу байна дуугүй болчих гэж хэлж байсан. Я.О над руу хандаж “чи хажуудах наад нохойн гөлгөө дуугүй болгоодох А” гэж хэлсэн. Ж.Г Я.О-т хандан “чи манай эхнэр рүү ингэж хэлээд байхдаа яадаг юм” гэхэд Я.О “хоёулаа гараад уулзаадахъя” гэхэд Я.О түрүүлж гараад ардаас нь манай нөхөр гарсан. Тухайн үед гэрийн хаалга онгорхой байсан ба барьцалдаж авсан байсан. Би очоод “та хоёр болиоч” гээд салгасан... Манай нөхөр Ж.Г-г Я.О боочихсон харагдсан зөрүүлээд манай нөхөр нүүр рүү нь гараа явуулж харагдсан....” гэсэн мэдүүлэг /ХХ36-37/,

Гэрч Ч.Ж-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 06 дугаар сарын 17-нд өөрийн эзэмшлийн Портер дээр нөхөр Я.О сэрэхэд цээж нүцгэн, нүүрээ илэхэд баруун нүд нь харж болохгүй хавдартай, босох гэхэд толгой эргээд бөөлжөөд босож чадахгүй байсан гэсэн... Тухайн үед хамт байсан А-с 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр утсаар асуухад Ж.Г цохисон гэж хэлсэн. Мөн манай нөхөр Я.О луу Ш.Э залгаж ярьж байхдаа эхнэр Л-тай ярихад Ж.Г цохисон гэж хэлж байсан... Баруун талын нүдний цаад талын нимгэн яс цөмөрсөн. Энэ гэмтлийн улмаас нүд ширгэж хараагүй болох магадлалтай гэсэн учир яаралтай хот руу явж хагалгаанд оруулах гэж байгаа...” гэсэн мэдүүлэг /ХХ38/,

Гэрч Б.А-н мөрдөн байцаалтад өгсөн “... Я.О Ж.Г-д хандан чи бид хоёр садан төрөл юм байна лээ шүү дээ гэхэд Ж.Г чи тэрийгээ мэддэг юм уу би аймагт танай дэлгүүрт очиход танай охин намайг танихгүй байна лээ, чи гарч ирээгүй биз дээ гэхэд Я.О манай охин чамайг яаж таньдаг юм бэ?, намайг дуудахгүй яасан юм бэ? гэж ярьж байгаад хэсэг чимээгүй болсон. Ж.Г чи садангаа мэддэг юм уу хөөш гээд, О гээд орилоод байсан. О наад гөлгөө дуугүй болгооч гээд эхнэр А-д нь хандан хэлсэн. Тэгээд Г чи намайг гөлөг гэдэг хэн юм бэ? гээд маргалдаж байгаад О гэрээс гарья гэж хэлээд түрүүлж гарсан. Ардаас нь Ж.Г гарсан. Тэгээд 2-3 минут орчим ярилцаж байгаад ёо ёо пизда минь гэж чимээ гараад зодолдож байх шиг болсон. Тэр үед Ж.Г-н эхнэр Н.А гэрээс гараад болиоч гээд салгаж байх шиг болсон. Би тэр хоёрыг салгах гээд гэрээс гарах гэтэл өмнөөс О араас нь Ж.Г эхнэр Н.А-тайгаа орж ирсэн. Оын нүүр нийлэхүйдээ цустай байсан. Тэгээд би О-г аваад гарахад Б буюу Б эхнэр Ц нар юманд явж байгаад ирж байгаа бололтой таараад О бид хоёрыг манай гэрт хүргэж өгсөн. О өөрийн Бонго Портер машин дээр унтана гээд өөрийн хөнжлөө засаад унтсан ... Тухайн гэрийн баруун урд 10 метр орчим зайд зодолдсон байсан. Гэрийн хаалгыг анзаараагүй, би гэрийн баруун талд сууж байсан болохоор харагдаагүй. Би маргааш нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр  Я.О-н малгай, хүзүүний гинж байхгүй болохоор нь Б буюу Б-д очиход гинж гэрээс 10 метр орчим зайд тасарчихсан хажууд цус болчихсон байсан. Тэгээд Н.А-с Я.О-г хэн зодсон талаар асуухад Ж.Г нүүр лүү нь 1 удаа цохисон” гэж хэлж байсан ... Я.О зодуулсны дараа баруун нүд хавдартай, хамраас цус гарсан байдалтай байсан. Маргааш нь Я.О-г харахад баруун нүд их том хавдсан, хамрын орчим цус хатаж тогтсон байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ39-40/,

Гэрч П.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Окулопластик кпиник” эмнэлэгт 2017 оноос хойш нүдний эмчээр ажиллаж байна ... Я.О нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр бусдад зодуулан гэмтэл авсан зовуурьтай “Окулопластик кпиник” эмнэлэгт 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ирж үзүүлсэн ... Үзлэг шинжилгээгээр баруун нүдний ухархайн ясны хугарал, хамрын хугаралтай хавсарсан гэмтэл гэж оношлогдсон ... Я.О-д 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр баруун нүдний ухархайн ясны хугарлыг нөхөн сэргээж, хамрын хугарал засах мэс заслыг хийсэн. Зовуурь, үзлэг шинжилгээнээс дүгнэхэд шинэ гэмтлүүд байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ69/,

Шинжээч Т.Алтайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “... Я.О-н биед үүссэн гэмтэл нь хэрэг болох цаг хугацаа буюу 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр үүсэх боломжтой ... Я.О-н биед үүссэн гэмтэл нь нэг болон түүнээс дээш удаагийн цохилтын улмаас үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /ХХ94/,

Шинжээч Т.Алтайбаатарын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 207 дугаартай “... 1. Я.О-н биед гэмтэл учирсан байна.

2. Я.О-н биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун бугалга, баруун дал, зүүн дал, зүүн ташаан толгой, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Баруун нүдний дотор хананы хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /ХХ79-80/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ10/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ11/, хохирогч Я.О-н хэрэг учрал болох үед өмсөж явсан цамыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /ХХ25/, цамцанд үзлэг хийсэн тэмдэглэл ХХ27/, шинжээч Т.Назарбекийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 41 дугаартай дүгнэлт /ХХ99-100/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ101-102/, Окулопластик клиникийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 16/20 дугаартай албан бичиг /ХХ171/, Я.О-н мэс засалд орсон тухай бүртгэгдсэн өвчтөний түүхийн хуулбар /ХХ172-182/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ж.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Г нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Ж.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 150.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Ж.Г-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Я.О гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд 5.724.420 төгрөг нэхэмжилж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан байна. Шүүгдэгч Ж.Г-н гэмт буруутай үйлдлийн улмаас Я.О-н эрүүл мэндэд учирсан “баруун нүдний ухархайн дотор хананы хугарал” гэмтлийн улмаас хохирогч нь Улаанбаатар хотод хагалгаанд орж, эмчилгээ хийлгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа бөгөөд шүүдэгч нь хохирогчид 3.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн, 2.740.000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр бичгээр тохиролцож, нотариатаар гэрчлүүлсэн баримтыг шүүхэд ирүүлжээ.  Хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлд цамцны үнэ ороогүй байх тул цамцны үнийн 24.000 төгрөгийг  нэмж, нийт 5.748.420 төгрөгөөс төлсөн 3.000.000 төгрөгийг хасаж үлдэгдэл 2.748.420 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн эм тарианы үнэ эргэлзээтэй байна гэснийг шүүх хангах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь хохирогч Я.О нь хавтаст хэрэгт бэхжүүлсэн нотлох баримтууд буюу эмч нарын бичсэн эмчилгээний дагуу эм тариануудыг авсан байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн даавуун цамцыг устгаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид хохирлын 2.737.620 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцсон, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Ж-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Г-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 150.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Г-д танилцуулсугай.

5. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Г-с гэм хорын хохиролд 2.7486.420 төгрөгийг гаргуулж, хохирогч Я.О-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн даавуун цамцыг устгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид хохирлын 2.740.000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцсон, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА