| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2020/77/э |
| Дугаар | 2020/ШЦТ/80 |
| Огноо | 2020-10-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/80
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,
Шүүгдэгч Г.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Гийн Зт холбогдох 2016000000085 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.З 2020 оны 06 дугаар сарын 33-ны өдрийн 15 цагийн орчим Говь-Алтай аймгийн Цогт сум, Төгрөг 00 тоот хашаанд байрлуулан тавьсан иргэн Б.Б-ын эзэмшлийн 74-27 ГАА улсын дугаартай “Кiа Воngо” маркийн цэнхэр өнгийн ачааны авто машины хөөх помп 1 ширхэг, жанам 1 ширхэг, стартер 1 ширхэг, таван бул 1 ширхэг, цапны шарик 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 610.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Г.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: Хөдөө машин эвдрээд, утсаар залгаад авахгүй болохоор нь садан төрөл юм болох байлгүй гэж бодоод авсан гэв.
Хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-15-р хуудас/
Хулгайн үйлдэл бичигдсэн хяналтын камерын бичлэгт үзлэгхийсэн тухай
тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5-р хуудас/
Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Гафурөний 2020 оны 09 дүгээр сарын 11- ний өдөр үйлдсэн “Г.З нь мэдүүлэг өгөхөөр ирэхдээ хар өнгийн саравчтай малгай, хүрэн шаргал дээлтэй, шар өнгийн бүстэй, хар өнгийн гуталтай ирсэн ба Г.З-ын өмсөж ирсэн хувцас нь хяналтын камерийн бичлэгтэй тохирч байсан” гэх тэмдэглэл /хх-ийн 23-р хуудас/
Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 07 дугаар сард наадмаас хойш иргэн Н.И над руу залгаж -манай хашаанд байгаа Бонго маркийн тээврийн хэрэгслийн эд ангиуд тоногдсон байна чи хаана байна ирж үзэж цагдаад мэдэгдэх юм уу? гэсэн би тухайн үед Улаанбаатар хотод явж байсан тул ямар ч байсан очиж байж танай хашаанд суурилуулсан хяналтын камерын бичлэгийг үзэж байж цагдаад мэдэгдье ...би хяналтын камерийн бичлэгийг үзэж цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг/хх-ийн 26-р хуудас/
Гэрч Н.И-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Хяналтын камерыг шүүхэд 30-ны өдөр 15 цагийн орчим үл таних хоёр залуу манай хашаанд орж машины эд ангиудыг тайлан аваад явж байсан бичлэг бичигдсэн байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32-р хуудас/
Гэрч Ж.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн“...Би 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байсан. Тэгээд 14 цаг өнгөрч байхад Г.З манай гэрт ирж машины цапны шарик нь нурчихлаа хоёулаа Н.И-ын хашаанд байгаа машинаас шарик эд ангиудыг нь тайлаад аваад ирье гэж хэлсэн. Тэгээд би гэрээс машины торцов багаж хэрэгсэл аваад бид хоёр И-ын хашаанд алхаж очсон. Онгорхой байсан хашааны хаалгаар орсон. Тэгж ороод грашны урд талд байсан цэнхэр өнгийн Киа бонго маркийн машины жолооч талын сапны шарик тайлж авсан. Өөр авсан юмнуудыг нь сайн мэдэхгүй юу юу авсныг хэлж мэдэхгүй байна. Ганц нэг юм сапны шарик дээр нэмж авсан ...Зана надад эзэнд нь хэлчихсэн юм. Намайг тайлаад ав гэж хэлсэн гэсэн. Тэгээд түүнд тус болох гэж хамт явсан юм. Бид 2 багын найз, нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Эзэнд нь хэлээгүй хулгай хийж байсан гэж би ойлгоогүй, мэдсэн бол тийм юм түүгээр хийлгэхгүй байх байсан” гэх мэдүүлэг /хх- ийн 38-39-р хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ- 820-941 дугаартай хулгайд алдагдсан хөөх помп 1 ширхэг, жанам 1 ширхэг, стартер 1 ширхэг, таван бул 1 ширхэг, цапны шарик 1 ширхэг зэргийг 610.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 56-58-р хуудас/
Г.З-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 2020 оны 06 дугаар сарын 33-ны өдрийн 15 цагийн орчим Говь-Алтай аймгийн Цогт сум, Төгрөг 00 тоот хашаанд байсан иргэн Б.Б-ын эзэмшлийн 74-27 ГАА улсын дугаартай “Кiа Воngо” маркийн цэнхэр өнгийн ачааны авто машины хөөх помп 1 ширхэг, жанам 1 ширхэг, стартер 1 ширхэг, таван бул 1 ширхэг, цапны шарик 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдаж 610.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байх ба энэ нь бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг мөн бөгөөд уг гэмт хэргийг шүүгдэгч Г.З үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч Г.З-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Г.З-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна
Шүүгдэгч нь хохирогч Б.Б-т учирсан хохирлыг барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Г.З нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн, прокурор 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, шүүгдэгч Г.Занабазарыг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаа зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүхээс шүүгдэгч Г.З-т түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Г.З-ын үйлдэлд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Г.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ 17 мм-ийн түлхүүр 1 ширхэг, 20 мм-ийн торцов 1 ширхэг, 11 мм-ийн торцов 1 ширхэг, хар өнгийн бахь 1 ширхэгийг ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд уг хэрэгсэл нь шүүгдэгч Г.Занабазарын өмчлөлийнх биш болох нь тогтоогдож байх тул тэдгээрийн үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Г.З-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэлийн үнэ болох 11.500 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD-г хэрэгт хавсаргаж, 17 мм-ийн түлхүүр 1 ширхэг, 20 мм-ийн торцов 1 ширхэг, 11 мм-ийн торцов 1 ширхэг, хар өнгийн бахь 1 ширхэгийг өмчлөгч Ж.Б-д олгож, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ийн З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Г.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Г.З-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Г.З-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Г.З-с гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэлийн үнэ болох 11.500 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD-г хэрэгт хавсаргаж, 17 мм-ийн түлхүүр 1 ширхэг, 20 мм-ийн торцов 1 ширхэг, 11 мм-ийн торцов 1 ширхэг, хар өнгийн бахь 1 ширхгийг Ж.Б-д олгож, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА