| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0104/Э/ |
| Дугаар | 2021/ШЦТ/01 |
| Огноо | 2020-12-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/01
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Д-д холбогдох 2016001600118 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, И овгийн Т-н Д.
Шүүгдэгч Т.Д нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг багийн нутаг дэвсгэр ягаан толгой гэх газар насан хүрээгүй Г.М-тэй “өвөлжөө рүү малаа бэлчээлээ” гэж маргалдан Г.М-н баруун нүд рүү чулуу атгасан гараараа 1 удаа цохиж, түүний биед ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн, баруун зовхины доор хий хуралдалт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Т.Д-н 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг багийн нутаг дэвсгэр ягаан толгой гэх газар насан хүрээгүй Г.М-тэй “өвөлжөө рүү малаа бэлчээлээ” гэж маргалдан Г.М-н баруун нүд рүү чулуу атгасан гараараа 1 удаа цохиж, түүний биед ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн, баруун зовхины доор хий хуралдалт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Т.Д гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Т.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “... Би 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Г.М-тэй муудалцсан. Өмнө нь Г.М-д удаа дараа битгий манай бэлчээрт малаа бэлчээ гэж хэлж байсан. Бид 2 ер нь уулзах бүртээ маргаж байсан. Тэр өдөр манай буудал дээр ирчихээд чи өөрөө эргүүлдэг биз дээ гээд байсан. Тэгээд бид 2 муудалцаад барилцаж авсан. Намайг чаддаг юм бол цохь гээд байхаар нь би уурандаа цохисон юм. Би гэм буруугаа хүлээж байна. Эцэг, эх хохирогчтой уулзаж уучлалт гуйсан. Би үнэхээр их гэмшиж байна. Эмчилгээний зардалд 700.000 төгрөг төлсөн. Дахин хэрэг хийхгүй гэдгээ амлаж байна ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Г.М-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед Б-н хонийг хариулаад явж байхад Д ирээд миний хариулж байсан хонийг урд зүг рүү чулуу шидэж хөөж байгаад над дээр ирээд пиздаанууд малаа аваад зайлахгүй яах гээд байгаа юм, малаа аваад зайл гэхээр нь би унаж явсан мотоцикл дээрээ суугаад явлаа явлаа гээд пиздаануудыг ална гэж надад хандаж хэлэхээр нь би Д-г алахгүй юу гэж хэлээд мотоциклоос буугаад ирэхэд Д миний баруун нүдний доод талд чулуугаар нэг удаа цохисон. Би нүдээ дараад газар унахад ар нуруун дээр дараад 1-2 удаа нуруу орчим өвдөглөөд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ45-47/,
Гэрч А.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “ ... Тэр өдөр 15 цагийн үед байх М мотоциклтой манайд ирсэн. Ирэхдээ Д-д зодуулчихлаа гээд аль талыг нь сайн санахгүй байна, нүднийх нь доод тал шанаа нь халцраад хавдсан байсан. Тэгээд би мотоциклийг нь жолоодоод доод гол руу тусаар ярих гээд очтол Б ах байж байсан. Тэгээд Б ахад танайд байдаг хүүхэд хүнд зодуулчихсан байна гэж хэлээд Б ах манайд ирээд нөгөө хүүхдээ аваад мотоциклтой гэр лүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ51/,
Гэрч О.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би хониндоо явж байсан. Ягаан толгойн урд хамар дээр 2 хүн байж байсан. Тэгээд нэгнийгээ түлхэлцэж бариад байхаар нь муудалцаад байгаа юм болов уу гээд иртэл Д тэндээс явж байсан. Би ирээд та 2 юу болоод байна гэсэн чинь жаахан маргалдаад гэж хэлээд явсан. Цаана нь М мотоциклынхоо хажууд зогсож байсан. Очоод яасныг асуухад Д намайг цохичихлоо гэж байсан... Нүднийх нь доод тал язарсан хавдсан байдалтай цус бага зэрэг гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ54/,
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Түлш түүгээд явж байтал манай зээ дүү Б араас ирээд танайд байдаг хүүхдийг Д чулуугаар цохиод зодчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би тэр хүүхдээ аваад гэртээ очиж орой малаа хураачихаад аймгийн төв рүү аваад явсан... Баруун нүд нь хавдсан байсан. Хөхрөөд нүдний доод талд бага зэрэг зулгарсан байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ55/,
Шинжээч Д.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “... Г.М-н биед үүссэн гэмтлүүдээс ухархайн дотор хананы хугарал баруун нүдний доод зовхинд шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ64/,
Шинжээч Д.Даваахүүгийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 363 дугаартай “... 1. Иргэн М-н биед ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн гэмтэл, баруун зовхины доор хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ60-61/,
Хохирогч Г.М-н амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар /ХХ30-34/, хохирогчийн гэмтлийг харуулсан фото зураг /ХХ39-40/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид хохиролд 700.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын хүсэлт /ХХ98/ хэрэгт авагдсан байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Т.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Т.Д-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 50.000 төгрөгөөр 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Т.Д-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогчид хохиролд 700.000 төгрөг төлсөн, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овгийн Т-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 50.000 төгрөгөөр 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Д-д танилцуулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогчид хохиролд 700.000 төгрөг төлсөн, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА