Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/02

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгч С.Ц, М.О, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Б овогт М-ын О, Н овогт С-ийн Ц нарт холбогдох 2016001410123 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

      

Шүүгдэгч М.О нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 23 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, ****** тоот гэртээ С.Ц-той “сөгнөж өгсөн айраг асгаж, найрын идээ будаа нураалаа” хэмээн маргалдан зодолдож биед нь хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчны муруйлт, 11-р шүдний булгарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч С.Ц нь  согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 23 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, **** тоотод шүүгдэгч М.О-тай харилцан зодолдох үедээ зодооныг салгаж байсан хохирогч Э.А-руу төмөр шидэж зүүн шуу ясны цууралт, зүүн тохойд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл  учруулсан шүүгдэгч нарын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч М.О шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би  8 дугаар сарын 21-нд охины сэвлэг үүргээх  ёслол хийсэн. Орой нь С.Ц болон манай найзууд ирсэн. Тэгээд сууж байгаад орой тарах болохын өмнө согтуурсан байсан. С.Ц Архи уучхаад манайд ирсэн байсан. Тэгээд миний хийж өгсөн айргийг асгаад, идээ будаа нураасан. Би тэгэхээр нь миний хөгшин хариад амарчих гээд гараад ирсэн. Тэгээд хоорондоо үл ялиг зүйлээс болж зодоон болсон. Тэгээд би нүүрэн тус газар нь 2 цохиод түлхсэн. А намайг аваад би гэрийн ард байсан. С.Ц-ыг нүүрэн тус газар 2 удаа цохисондоо гэмшиж байна. Би дахиж ийм болчимгүй үйлдэл гаргахгүй... Би зохисгүй үйлдэл гаргасандаа их харамсаж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй... Тухайн өдөр би охиныхоо даахийг авч найр хийсэн. Манай найз С.Ц эхнэр Ц, А, Г, Ч нар манайд ирээд найрлаж байгаад Г, С.Ц явах уу гэтэл явахгүй гээд үлдсэн. Тэгээд бид нар нэмж архи уугаад сууж байтал, С.Ц, хултай айраг луу гараа дүрж амссанаа ямар муухай айраг вэ гээд хултай айргийг гэрийн хаалгаар авч шидсэн. Тэгээд ширээг налахад ширээн дээр байсан тавагтай идээ нурсан. С.Ц-ыг гэрээс авч гараад харьж амар гэж хэлэхэд хоёулаа зодолдох уу гэж С.Ц хэлээд дайраад байсан. Миний өмсөж явсан монгол цамцыг ураад хаячих уу гээд намайг заамдаж авсан. Тэгэхээр нь буцаад заамдаж авахад миний зүүн талын шанаа руу 2 удаа С.Ц цохиж авахаар зөрүүлээд баруун гараараа шанаа орчим 2 удаа цохиж аваад түлхэхэд амбаар тавьж байсан өндөр паниар хийсэн суурин дээр тээглэж хойшоо унаж байсан. Би гэрлүү ороод цамцаа тайлаад эргээд гараад ирэхэд гал тогооны гэрээс шанага авцан тэрүүгээрээ миний толгой руу цохисон. Гэрээс гарч ирсэн А намайг тэврээд холдуулсан. С.Ц-ыг Ч тэврээд холдуулсан Тэгэхэд С.Ц амбаарын орчмоос нимгэн урт төмөр аваад А бид хоёрын зүг шидэхээр нь А-ийг татаад бултахад А-ийн зүүн гарын тохойн дээр нь цохисон. А бид хоёр гэрийн ард суухад миний толгойноос цус гарч байсан. Гэрийн урд нөгөө С.Ц орилоод байж байсан. Тэгээд орилж байгаад удалгүй манай эхнэр Г С.Ц-ын эхнэр Ц-ийн хамт аргадаад хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг/ХХ35, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч С.Ц шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Өгнө гээд 2020 оны 8 дугаар сарын  22-ны өдөр М.О-ын сэвлэг үргээх ёслолд очсон. Танил ахтайгаа 1 шил архи хувааж уусан байсан. Тэгээд О-ынд очихдоо бага зэрэг согтсон байсан. Тэгээд очоод  айраг уусны улмаас их согтож юу болсноо мэдэхгүй байна... 2020 оны 08 дугаар сарын 21 -ны орой 22:00 цагийн үед найз О-ын хүүхдийн үсний найр болоод очсон, тухайн өдөр би хамт ажилдаг ах А нэг шил архи хуваагаад уусан байсан, би үсний найранд очоод нэлээн их архи уусан байсан. О-ын гэрт байхдаа О-тай хэрүүл хийж байгаад би гэрээс нь гараад явахад араас О гарч ирсэн тэрнээс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна...Хэрүүл маргаан болоход гэрт О, О-ын эхнэр, Ч, Ц, манай эхнэр Ц нар байсан өөр байсан хүмүүсийг нь би сайн санахгүй байна, гадаа хэн хэн байсныг нь би санахгүй байна... Тухайн өдөр А гээд ахтай 13:00 цагийн үед нэг шил “Соёрхол” гэсэн бичигтэй 0.5 литрийн архи хувааж уусан байсан өөр хүмүүстэй архи уугаагүй байсан... Зүүн шанаа хавдартай, зүүн талын нүд хавдартай, толгойн иргэн тойронд хөндүүрлэж өвдөж байсан, хамар зүүн талруугаа муруйсан байсан өөр гэмтэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /ХХ29-30, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Л.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн өдөр багийн найз О-ын бага охины сэвлэг үргээх найр болсон тэр өдөр би ойр зуурын ажилд тус болоод өнжсөн. Орой 21 цагийн С.Ц эхнэр Ц, Г түүний  эхнэр Зулаа нар ирсэн.Тэгээд найрлаж байгаад 23 цагийн орчим Г С.Ц-ыг эхнэрийн хамт явах уу гэхэд хэсэг байж байгаад явна гээд үлдсэн. Тэгээд байж байхад С.Ц архи уугаад нэлээн согтсон байдалтай байсан. С.Ц гарч бие засчхаад орж ирэх үед О, С.Ц-ын эхнэр Ц хоёр юм яриад сууж байхыг хараад царай нь өөрчлөгдөөд суугаад том аягатай айргийг амсчхаад тургиад нэг мэдсэн чинь гэрийн хаалга онгорхой байхад гаргаад шидээд аяга хагарсан. О С.Ц-т хандан яагаад байгаа юм вэ гээд маргалдах гээд байсан. Тэгээд С.Ц О хамт гарсан. Тэгээд гараад удалгүй О орж ирээд монгол цамцаа тайлчхаад гарсан. Гэрийн хаалга онгорхой учир тэр хоёрыг харахад маргалдаж байгаад цохих чимээ гарахад О гараа гэрэлд харуулахад гар нь цус болцон толгойгоо бариад байсан. О зөрүүлээд С.Ц-ын нүүр орчимд 2 удаа гараараа цохихоор гэрээс болиоч гэж хэлээд гарахад С.Ц газарт хойшоогоо унасан байдалтай хэвтэж байсан. Тэгээд гэрээс С Цын эхнэр Ц буюу Ц, ардаас А гарч ирсэн. Би С.Ц-ыг авч салгаж А О авч хоёр тийш салгасан. Би С.Ц-ыг салгаад татаж байхад над дээр давхралдаж унасан. С.Ц босоод гэрээс ороод шанага авах гэхээр нь болиулахад жижиг гэрийн ойролцоо байсан амбаарын хашлага төмрийг аваад О, А хоёрын зүг шидээд А-ийн тохой орчим цохисон. О, А хоёр гэрийн ард орохоор нь би ардаас очиход О-ын ээж юу болоод байна гээд С.Ц-ын аргадаад О эхнэр Г-гийн машинд суулгаад С.Ц, эхнэр Ц-ийн хамт хүргэж өгсөн...С.Ц-ыг гарчхаад ороод ирэхэд О, эхнэр Ц-тэй юм яриад сууж байсан. Тэгэхэд С.Ц царай сонин болоод том аягатай айргийг уугаад гэрээс гаргаж шидсэн. Үүнээс болж маргалдаж эхэлсэн... С.Ц О-ыг цохих шиг болсон гэхдээ би тэр хоёрыг гэрийн хаалгаар харж байсан учир хараагүй О-ын толгойноос цус гарч байсныг харсан. Харин түүний дараа О С.Ц-ыг нүүр орчимд 2 удаа цохихыг харсан. Түүний дараа би гэрээс гарахад С.Ц газарт унасан дээшээ хараад, хамар орчмоос цус гарсан байсан...С.Ц А, О хоёрын зүг рүү нимгэн төмөр аваад шидэхэд А-ийн зүүн гарын тохойг оносон. Би А-ийн тохойг харахад цамцны цаанаас цус гараад тохой их хавдсан байсан... Би О-ын гэрийн хаалгаар харж байсан учир юугаар цохисон нь мэдэгдээгүй. О-ыг Ц шанагаар цохиогүй тэр явдал болсны дараа гал тогооны жижиг гэрт Ц ороод шанага барьцан зогсож байсныг хараад шанагийн нь авч болиулсан. Мөн О-ын толгой руу С.Ц цохисон, зөрүүлээд О Ц-ын нүүр лүү 2 удаа цохиход нь би шууд гэрээс гарахад С.Ц дээшээ хараад хэвтэж байхсан, түүний ойр орчимд мод чулуу, шанага гэх мэт зүйл байгаагүй...С.Ц, эхнэр Ц, О-ын эхнэр Г нар их согтуу байсан. Харин А, О хоёр согтуу байсан, гэхдээ өөрийгөө удирдах чадвартай байсан... Гэрийн хаалгаар харж байхад О цамцаа тайлахаас өмнө С.Ц-ын нүүр амнаас цус гараагүй зүгээр байсан...С.Ц-ыг О зодолдох гээд дайраад байхаар нь татахад намайг дарж С.Ц унасан. Өөр унагаасан зүйл байхгүй. Бид хоёрыг унасан байхыг хараад болиоч гээд байхаар нь би наад согтуу хүнээ аваад зайлаач, ална шүү гээд уурандаа хэлж байсан...” гэх мэдүүлэг /ХХ33-34/,

Гэрч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн өдөр манай найз О-ын охины сэвлэг үргээх найр болж би бүтэн өдөр тэдний найран ойр зуурын юман дээр тус болоод байж байхад орой 21 цагийн орчим С.Ц, эхнэр Ц, Г, эхнэр З нарын хамт ирсэн. 23 цагийн орчим Г Ц С.Ц хоёрыг явах уу гэхэд С.Ц жоохон байж байгаад явна гэхэд Г эхнэр З-гийн хамт яваад өгсөн. Тэгээд байж байтал С.Ц том аягатай айраг амсчихаад ямар сонин айраг вэ гэснээ аягатай айргийг О-ын гэрийн хаалга онгорхой байхад нь гаргаж шидсэн. О аав ээж хоёрын хурим хийхэд өгч байсан аяга гэж хэлсэн. Тэгээд би гэртээ хоёр охиноо хүргэж өгөөд 4-5 минут орчмын дараа ирэхэд С.Ц, түүний эхнэр Ц нар нэлээн согтуу О, эхнэр Г нар бас согтуу байж байсан. О, С.Ц хоёр гэрээс гараад явсны дараа хэсэг хугацаа өнгөрөхөд О, С.Ц хоёр зодолдоод, Ч түрүүлээд түүний ардаас С.Ц, Г нарын хамт гарахад С.Ц-ын хамраас цус гарсан, О-ын толгойноос нь цус гарсан байсан. С Ц-ыг Ч аваад холдуулсан би О-ыг аваад гэрийн зүүн талаар тойроод явж байхад С.Ц ардаас төмөр шидэхээр нь би зүүн гараараа хаасан. Ч 3 Ц-ыг чирээд гэрийн үүд рүү явж байсан. Би О-ын хамт гэрийн ард очиход зүүн гарнаас цус гарч байсан. Ч бид хоёр дээр ирэхэд О-ын ээж С.Ц-ыг аргадаад Гүнжээ машинаа бариад С.Ц, эхнэр Ц хоёрыг хүргэж өгсөн. С.Ц О-ын гэрт байхдаа том аягатай айргийг гэрийн хаалгаар ав шидсэнээс болж маргалдсан байх гэж бодож байна... Тэр хоёрыг зодолдож байхад гэрт байсан учир хараагүй. Гэрээс гараад ирэх О-ын толгойноос цус гарсан харин С.Ц-ын хамар орчмоос цус гарсан байсан...С.Ц хавтгай нимгэн төмөр надруу шидэхээр нь зүүн гараараа хаахад зүүн гарын тохой оносон. М.О-луу шидэх гэж байгаад намайг цохисон байх...С.Ц эхнэр Цийн хамт их согтуу байсан, харин О эхнэр Г нар нь согтуу гэхдээ өөрийгөө жолоодох чадвартай харин Ч эрүүл шахуу байсан...” гэх мэдүүлэг /ХХ28/,

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 08 сарын 21 -ны өдөр манайх охиныхоо сэвлэг цайллага хийсэн. Тухайн өдрийн орой 21 цагийн орчим манай нөхрийн Найз Ц, эхнэр Ц, Г, эхнэр, А нарын хамт ирсэн. Тэгээд манайд тэр нар хоол цай идэж уугаад суусан. 23 цагийн орчим Г эхнэрийн хамт явахаар болж Ц явах уу гэхэд эхнэр Ц нь жоохон сууж байгаад явна гээд үлдсэн. Тэгээд сууж байтал С.Ц архи уугаад согтсон байсан. Би тэр үед манай гэрийн хажууд байх гол тогооны гэрт ороод хоол цай аваад ороод ирэхэд Манай гэрийн баруун хоймор талд С.Ц сууж байсан ба гартаа айрагтай хул аяга барьцан байж байснаа амсчихаад ямар гашуун айраг вэ гэснээ гэрийн хаалгаар гаргаж шидсэн. Тэгээд ширээн дээр байсан тавагтай идээг нураасан. Тэгэхэд манай нөхөр М.О болиоч гэж хэлж байсан. Тэгээд тэр хоёр гэрээс гараад явсан. Удалгүй манай нөхөр М.О гэрт орж ирээд цамцаа тайлаад буцаж гарсан. Тэгэхэд гэрт байсан Ч зодолдоод байна гээд гарахаар нь араас нь Ц, А нар гарсан ба араас би гэрээс гарахад С.Ц-ыг Ч салгаад барьцан, М.О А хоёр гал тогооны гэрийн зүүн талд байсан. Тэгээд С.Ц эхнэр Ц хоёрыг машинд суулгаад гэрт нь хүргэж өгсөн... Манай гэрт байхад С.Ц айраг хийсэн хул аяганаас айраг амсчихаад гэрээс гаргаж шидээд тавагтай идээг нураасан учир манай нөхөр М.О болиоч гэхэд үгэнд нь орохгүй С.Ц гаръя гээд байсан. Би гэрт байсан болохоор С.Ц, манай нөхөр М.О 2 гэрийн гадаа хэн нь хэнийгээ цохиж зодсоныг огт хараагүй....Би гэрт байсан болохоор А-ийг хэн зодсоны хараагүй...А-ийн зүүн талын тохой хавдсан байсан, манай нөхөр М.О-ын толгойны зүүн дээд талаас цус гарч байсан. С.Ц хамраас нь цус гарсан байсан... М.О, А бид гурав архи бага уусан байсан. Харин С.Ц манайд ирэхдээ согтуу байсан нэмж архи уугаад их согтсон. Ц архи их уусан учир согтуу байсан. Ч архи уугаагүй эрүүл байсан байх...Манай нөхөр М.О С.Ц хоёр багийн найзууд гээд дотно нөхөрлөдөг. Урьд өмнө хоорондоо миний мэдэхийн хэрэлдэж маргалдаж зодолдож байгаагүй...” гэх мэдүүлэг /ХХ36/,

Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн өдөр манай О-ын охины үсний найранд А, Г бид хэд хамт 21 цагийн орчим очсон...Манай нөхөр С.Ц том аягатай айраг ууж байснаа энэ ямар сонин амттай юм гээд онгорхой гэрийн хаалгаар гаргаж шидээд аягыг нь хагласан. Тэгсэн чинь гэрийн эзэн О яагаад далжганаад байгаа юм бэ? гэхэд манай нөхөр С.Ц юм хэлэх гээд байхаар дуугүй бай гээд хэлүүлээгүй. Манай нөхөр С.Ц, О хоёр гэрээс гарсан ардаас нь хэдэн минутын дараа Ч гарсан. Гэрт О-ын эхнэр Г, А буюу Ц бид 3 үлдсэн. Хэдэн минутын дараа гадаа чимээ гараад хүмүүс зодолдоод байхаар нь Ц, Г бид 3 гэрээс гарч ирсэн чинь С.Ц нүүр нь цус болцон хэвтэж байсан. Гүнжээ салфетик авчираад С.Ц-ын хамрын цусыг арчиж байтал О ирснээ гарын ард талаараа нөхөр С.Ц-ын хүзүү орчим луу 1 удаа цохисон, Ц аваад О-ыг аваад холдуулсан. Тэгээд С.Ц би аваад явах гэтэл Ч ирээд татахад унасан би нөхөр С.Ц-ын дээр гараад одоо болиоч гэхэд Ч чи наадахаа аваад зайлахгүй бол хутга дүрээд алчихна шүү гэсэн. Энэ үед гэрийн ар орчмоос О, Ц хоёр гарч ирэхэд С.Ц газраас төмөр аваад миний толгой дээгүүр шидэхэд Ч-ын зүүн гар дээр оносон. Тэгсэн О ирээд дахин зууралдаад надруу хандаж энийгээ аваад зайлахгүй бол ална шүү гэсэн. Энэ үед О-ын ээж гарч ирээд Ц-ыг аргадаад О-ын эхнэр Гүнжээгийн машинд суулгаад нөхөр С.Ц бид хоёр гэртээ ирсэн...О-ын толгойноос цус гарч байна гэж сонссон түүнээс цус гарч байхыг хараагүй...” гэх мэдүүлэг /ХХ39/,

Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2020 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн дүгнэлтээр “...1. Э.А-ийн биед гэмтэл учирсан байна.

2. Э.А-ийн биед зүүн шуу ясны цууралт, зүүн тохой зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг буюу нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /ХХ38-39/,

Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтээр “...1. С.Ц-ын биед гэмтэл учирсан байна.

2. С.Ц-ын биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлт, 11-р шүдний булгарал, хамрын нуруунд зулгаралт, зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогттогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг буюу нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 11-р шүдний булгарал гэмтэл 5% нөлөөлнө, бусад гэмтэл нөлөөлөхгүй.

5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ52-53/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.О нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 23 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, *** тоот гэртээ С.Ц-той “сөгнөж өгсөн айраг асгаж, найрын идээ будаа нураалаа” гэх шалтгаанаар маргалдан зодолдож биед нь хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчны муруйлт, 11-р шүдний булгарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч С.Ц нь  согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 23 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, **** тоотод шүүгдэгч М.О-тай харилцан зодолдох үедээ зодооныг салгаж байсан хохирогч Э.А-руу төмөр шидэж зүүн шуу ясны цууралт, зүүн тохойд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч нарын үйлдэл хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Энэ нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч  М.О, С.Ц нарыг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч М.О, С.Ц нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч нарын хувьд тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, С.Ц  нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 30.3см:140 хэмжээтэй нэг талдаа жижиг мод хадсан нимгэн төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэх, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-ын О, Н овогт С-ийн Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, С.Ц нарыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, С.Ц оногдуулсан 450/дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч М.О, С.Ц нарт сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 30.3см:140 хэмжээтэй нэг талдаа жижиг мод хадсан нимгэн төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.МӨНХТУЛГА