Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2022/0586

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг

Улаанбаатар төмөр замын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн төлөөлөгч Б.Ө

Нэхэмжлэгч Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам

Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 29 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Ш, Б.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 159/2022/0014/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас шүүхэд хандан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн гадаа ажилладаг ажилтан нарт олгох 1800 хос хөдөлмөр хамгааллын эсгий гутлыг гаалийн 401 горимоор оруулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, оруулахыг Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 29 дүгээр шийдвэрээр Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрийн Наймдугаар зүйлийн “Ж”-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн 1800 хос хөдөлмөр хамгааллын эсгийн гутлыг гаалийн бүрдүүлэлтийн 401 горимоор оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн 1800 хос эсгий гутлыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, гаалийн бүрдүүлэлтийн 401 горимоор оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ө дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. Гаалийн байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” гэж зааснаар хуулийн дагуу шийдвэрийг гүйцэтгэдэг байгууллага болно.

3.2. БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн “Ж” заалтад “Төмөр замын хөдөлгөөнтэй холбоотой замын ангиудын ажилчид болон Барилга орон сууцны ангийн ажилчдад хэрэглэх 1800 хос эсгий гутал”-ыг гаалийн болон бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах эрх зүйн тодорхой зохицуулалтгүй байх тул Гаалийн байгууллагыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

3.3. Шүүхийн шийдвэр үндэслэх хэсэгт “... Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “эс үйлдэхүй” гэж иргэн хуулийн этгээдээс эрх, хууль ёсны шаиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ажилчдад зориулсан 1800 хос хөдөлмөр хамгааллын эсгий гутлыг гаалийн бүрдүүлэлтийн 401 горимоор оруулахгүй байгаа Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын дээрх захирамжилсан үйл ажиллагаа нь хуулийн этгээдийн өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна.

3.4. Учир нь УБТЗ ХНН-ээс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16/76, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 14/464 дугаар албан бичгээр, “УБТЗ-ын ажилчдын хэрэгцээнд шаардлагатай эсгий гутлыг татвараас чөлөөлж, бүрдүүлэлт хийж өгнө үү” гэсэн хүсэлт Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаргасан. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01/14, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/16 тоот албан бичгээр “хөдөлмөр хамгааллын гутал, хувцас, хэрэгсэл, хөнгөлөлт, чөлөөлөтийн горимд хамаарахгүй тул хуулийн дагуу татвар, хураамжаа төлж, бүрдүүлэлт хийж авна уу” гэж хариу өгч, гаргасан өргөдөл, хүсэлтийг хуулийн дагуу хугацаанд нь шийдвэрлэсэн байна. Иймд, шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсгийг зөрчиж нотлох баримтыг зөв үнэлээгүй илт үндэслэлгүй байна.

4. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т “Гаалийн бүрдүүлэлтийн горим” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаар тогтоосон хэм хэмжээ, нөхцөл, шаардлагыг ойлгохоор хуульчилж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн тухайн горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг түүний сонгосон горимд байршуулна” гэж горимын нөхцөл шаардлагыг хангахыг мэдүүлэгчээс шаардахаар, хуулийн 82, 83 дугаар зүйлд Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимын талаар тус тус хуульчилсан. Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний A/40 тоот тушаалаар “Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ыг баталсан.

4.1. Маргаан дагуулсан 1800 хос эсгий гутлын гаалийн бүрдүүлэлтийг хийхээр мэдүүлэгч нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр 04-2151016-22-I00221 гаалийн мэдүүлгээр мэдүүлэхдээ эрхийн хүрээнд гаалийн бүрдүүлэлтийн 401 /Олон улсын гэрээний дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлөгдсөн/ горимыг сонгосон байна.

4.2. Харин гаалийн байгууллагын хувьд дээрх 401 горимын “нөхцөл, шаардлага”-ыг хангаж байгаа эсэхийг шалгахаар хуулиар олгосон эрхийн хүрээнд нягталж, “УБТЗ” ХНН-ийг байгуулах тухай БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрийн 8 дугаар зүйл нь Монголын Засгийн газрын хүлээх үүрэг байх бөгөөд төмөр зам барихын тулд хийгдэх эрэл хайгуулын ажил, зам барих шугам замын ажил, оросоос орж ирэх ажилчид, тэдний гэр бүлийн хангамжийн асуудал зэргийг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх асуудлууд байх бөгөөд үүн дотроо “ж” заалтад импортын хураамж, татвар, татаасгүй нэвтрүүлэх асуудлыг тусгаж өгсөн байна.

4.3. Тус хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн “ж” заалт нь агуулгын хувьд 2 туслаа багцаас бүрдэх бөгөөд эхний хэсэгт нь “оборудования и материалов, необходимых для нужд изысканий, строительства и эксплуатации железной дороги”, дараагийн хэсэгт “продовольственных, промышленных и других товаров для снабжения рабочих и служащих строительства” гэсэн 2 төрлийн бараа дурдагдсан. Гадаад харилцааны яамны албан орчуулгаар тухай бараануудын зориулалтыг эхний хэсэгт “Төмөр замын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж, материалуудыг” гэсэн бол хоёрдугаар хэсэгт “Замын хайгуул шинжилгээ ба барилгыг явуулж буй үед мөнхүү барилгын ажилчин, албан хаагчдад хэрэглүүлэх хүнсний болон аж үйлдвэрийн хийгээд бусад бараа таваарыг” гэж орчуулсан байна.

4.3.1. Энд анхаарал хандуулах ёстой хэсэг бол “барилгыг явуулж буй үед мөнхүү барилгын ажилчин, албан хаагчдад хэрэглүүлэх” гэх бичиглэл. Уг Олон улсын гэрээ нь төмөр зам барьж байгуулах ажлын эхэнд хийгдсэн бөгөөд 8 дугаар зүйлд Монголын Засгийн газрын хүлээх үүрэг тусгагдсан. “Барилгыг явуулж буй” гэж төмөр замын бүтээн байгуулалт зам тавих ажлыг тодотгож өгсөн заалт мөн байна. Харин өнөөдөр ажиллаж байгаа төмөр замын ажилтан албан хаагчид бол “төмөр замын ашиглалтын явцад ажиллагсад” юм, харин “төмөр замын барилгын ажил гүйцэтгэгчид биш” учраас тус Олон улсын гэрээний 8 дугаар зүйлийн “ж” заалтад хамаарахгүй гэж үзэж байна.

5. Маргаанд дурдагдсан УБТЗ ХНН-ийн албан бичгүүдэд тусгагдсан зориулалт болох “одоо ажиллаж байгаа төмөр замын ажилчдын аюулгүй ажиллагааны хангалт болох 1800 хос эсгий гутал” нь дээрх хоёр төрлийн барааны алинд ч хамаарахгүй байх бөгөөд тус бараа нь 401 горимын “нөхцөл, шаардлага” хангаагүй учир гаалийн бүрдүүлэлтийг 400 горимоор гаалийн бүрдүүлэлт хийхээр шийдвэрлэсэн.

6. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр болсон гэж үзэж байгаа тул Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц-аас дээрх давж заалдах гомдлыг эсэргүүцэж тайлбараа бичгээр ирүүлсэн болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв. Үүнд:

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс “гадаа ажилладаг ажилтанд олгох 1800 хос хөдөлмөр хамгааллын эсгий гутал худалдан авахаар Оросын Холбооны Улсын хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, тус гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Албанбулаг дахь гаалийн бүсэд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эсгий гутлаа Оросын Холбооны Улсаас оруулж ирэхдээ Гаалийн 401 “хөнгөлөлт чөлөөлөлтийн нэмэгдсэн өртгийн албан татваргүй явах” горимоор мэдүүлж, хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас Оросын Холбооны Улс болон Монгол Улсын Засгийн газар хоорондын 1949 оны Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулах тухай хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн “ж”-д заасан үндэслэлээр төмөр замын байгууллагад ажиллаж байгаа ажилчдыг хангах хувцас хэрэглээнд хамаарахгүй гэж үзэж, гаалийн бүрдүүлэлтийн 401 горимоор бүрдүүлэлт хийснийг зөвшөөрөхгүй талаар албан бичгийг хүргүүлжээ.

2.2. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Хэлэлцээр”-ээр үүсгэн байгуулагдсан, уг Хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн “ж”-д “... төмөр замын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж, материалуудыг шалган үзэх ба гааль татвар хураахгүйгээр /Монгол Улсад/ нэвтрүүлэн оруулах, ... Замын хайгуулж шинжилгээ ба барилгыг явуулж байгаа үед мөнхүү барилгын ажилчин албан хаагчдад хэрэглүүлэх хүнсний болон аж үйлдвэрийн хийгээд бусад бараа товаарыг гааль татвар хураахгүйгээр /Монгол Улсад/ нэвтрүүлэн оруулж байхыг зөвшөөрнө” гэж зааснаар нэхэмжлэгчийн Монгол улсад нэвтрүүлэхийг хүссэн 1800 хос эсгий гутлыг уг хэлэлцээрээр тохиролцсон “татвар үл ногдуулахаар тохирсон” бараанд хамруулах үндэслэлгүй байна.

2.3. Өөрөөр хэлбэл, хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ирээдүйд гадаад улсаас импортоор оруулж ирэх бүх бараа, материалыг “гааль татвар хураахгүйгээр” Монгол Улсад нэвтрүүлэхээр тохиролцоогүй, зөвхөн “...төмөр замын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж, материалууд”-ыг тухайлан зааж, гаалийн болон бусад татвараас чөлөөлөхөөр Хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн “ж”-д нарийвчлан тусгасан байх тул “УБТЗ” ХНН-ийн импортоор оруулж ирсэн “нийгэмлэгийн гадаа ажилладаг ажилтанд олгох 1800 хос эсгий гутал” нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй, “УБТЗ” ХНН эдгээр “1800 хос эсгий гутал” бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэхдээ гаалийн байгууллагад бүрэн мэдүүлж, гаалийн хилээр оруулж ирсэн тухай бүр холбогдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх үүрэгтэй байна.

2.4. Тодруулбал, нэхэмжлэгчийн импортоор оруулж ирсэн 1800 хос эсгий гутал нь төмөр замын байгууллагад ажиллаж байгаа ажилчдыг хангах хувцаст хамааралтай эсэх нь тус Хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн “ж”-д заасан “... албан хаагчдад хэрэглүүлэх хүнсний болон аж үйлдвэрийн хийгээд бусад бараа таваарыг гааль, татвар хураамжгүйгээр ... оруулах” гэсэн татвар, хураамжаас чөлөөлөх үндэслэл биш байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн “... өнөөдөр ажиллаж байгаа төмөр замын ажилтан албан хаагчид бол төмөр замын ашиглалтын явцад гарсан ажилчид, харин төмөр замын барилгын ажил гүйцэтгэгчид биш учраас тус Олон улсын гэрээний 8 дугаар зүйлийн “ж” заалтад хамаарахгүй” гэх давж заалдах гомдлыг үгүйсгэх үндэслэлгүй.

3. Түүнчлэн хуулиар тусгайлан татвар, хураамжаас чөлөөлөгдөхөөр зааснаас бусад тохиолдолд аливаа этгээд хуулиар тогтоосон татвар төлөх үүрэгтэй, уг үүргээс нэхэмжлэгч Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” ХХН нь 1800 эсгий гуталтай холбоотойгоор 1949 оны Хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн “ж”-д зааснаар чөлөөлөгдөх боломжгүй тул нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16/76, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16/464 дугаар албан бичгүүдээр “гаалийн татвар, татвар, бусад хураамж авахгүйгээр Монгол Улсад ипортлохыг зөвшөөрөх” гэх хүсэлтийг гаргаж, уг хүсэлттэй холбоотойгоор хариуцагчаас 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01/14, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/16 дугаар албан бичгүүдээр хууль ёсны татгалзсан хариуг олон улсын гэрээнд нийцүүлэн өгсөн байхад түүнийг хууль бусаар эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.

3.1. Тиймээс 1949 БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Хэлэлцээр”-ийн 8 дугаар зүйлийн “ж”-д 1800 эсгий гутал хамрагдаагүй, энэ тохиолдолд Гаалийн тухай хууль, Татварын хууль, бусад журмаар зохицуулагдах тул хариуцагчаас нэхэмжлэгчид хариу өгсөн албан бичгүүдээр хууль зүйн үндэслэлтэйгээр хариу өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсан “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн даргын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 180 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн жагсаалт, эдэлгээний хугацааг тогтоох, захиалга, хангамжийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих журам”-ыг үндэслэн нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

4. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1.1, Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрийн Наймдугаар зүйлийн “ж”-д заасныг тус тус баримтлан Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт холбогдуулан гаргасан “1800 хос хөдөлмөр хамгааллын эсгийн гутлыг гаалийн бүрдүүлэлтийн 401 горимоор оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 1800 хос эсгий гутлыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, гаалийн бүрдүүлэлтийн 401 горимоор оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН