Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох 2016001670116 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г овогт Б-н Б.

Шүүгдэгч Б.Б  нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Улаан багийн нутаг дэвсгэр “Цагаан толгойн огторго” гэх газар 168 м2 буюу 0.02 га талбайд улаан өнгөтэй Hyundai Doosan 55v маркын бага оврын экскаватор, алт шигших төхөөрөмж, цахилгаан үүсгүүр ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдаж 174.899 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Б-н 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Улаан багийн нутаг дэвсгэр “Цагаан толгойн огторго” гэх газар 168 м2 буюу 0.02 га талбайд улаан өнгөтэй Hyundai Doosan 55v маркын бага оврын экскаватор, алт шигших төхөөрөмж, цахилгаан үүсгүүр ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан үйлдэл нь хүрээлэн байгаа орчны эсрэг, газрын хэвлийд  хууль бусаар халдсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Б-н шүүх хуралдаанд “... Гэм буруугаа хүлээж байгаа учир мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна ... хохирлоо төлнө ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Ц.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2008 оны үед иргэд гар аргаар алт олборлож хуучин эвдэрсэн талбай байсан бөгөөд иргэн Б.Б нь хуучин эвдэгдсэн талбайд үйл ажиллагаа явуулсан байсан ... Албан ёсоор ямар нэгэн бичгээр олгосон зөвшөөрөл байхгүй ... Надад одоогоор санал хүсэлт гомдол алга харин байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /ХХ50/,

Гэрч П.С-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Цогт сумын Баян-Улаан баг Цагаан хөтөл гэх алтны илэрцтэй газарт Б-н хамт 00-00 ГАА улсын дугаартай ачааны автомашинд Б-н эзэмшлийн трактор, алтны шороо угаах төхөөрөмж, жижиг гэр, бусад эд зүйлийг ачаад ирсэн юм. Өчигдөр хуучин эвдэгдсэн гурван хэсэг газарт трактороор шороо ухаж, алт угааж үзсэн чинь 1 грамм орчим алт олборлосон. Тухайн өдрөө гурван хэсэг газарт шороо ухаж буудуулж угааж үзчихээд Батмөнхийн баз Бөхөө гэх залуу бид хоёрыг энд ирсэн өдөр Цогт сумаас ирээд хамт ажилласан юм. Тэгээд өчигдөр ажиллачихаад Б, Б хоёр Цогт сум ороод, цаашаа Чандмань сум орж Ш гэх залууг дагуулж ирээд хамт ажиллана гэж хэлээд явсан ... Би туслах ажил хийгээд пункерын шороог нь авдаг байсан. Б өөрөө шигшсэн шороогоо зайлж алтаа ялгаж авсан ... Надад хэлэхдээ Цогт сумын Засаг дарга нараас зөвшөөрөл авсан, нөхөн сэргээлт хийж байгаа юм. Ирээд ажиллаад өг гэж дуудсан...” гэсэн мэдүүлэг /ХХ56-57/,

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 10 дугаар сарын 26-нд Цогт сумын Баян-Улаан багийн нутаг Цагаан толгойн огторго гэх газарт Б ах, тракторын жолооч ах бид гурав трактор, шороо шигшигч хоёрыг авч очсон. Тэнд 10 дугаар сарын 27-ны өдөр трактороороо наад талын хоёр ганганд шрүп дарсан, цаад талд нь шороо ухаж бага зэрэг буудуулж үзсэн. Тэгээд трактор болохгүй, унтарч асаад байсан. Тэгээд Б ах бид хоёр трактороо тракторын жолоочийн хамт орхиод хүн дуудаж трактороо үзүүлэхээр 2020 оны 10 дугаар сарын 27-ны орой 21 цагт тэндээс явсан... Би Б ахыг ямар нэгэн нөхөрлөл байгуулж хамтарч ажиллая гэж хэлээгүй. Б ах бид хоёр нэг айлын хүргэн базууд байгаа юм. Тийм болохоор л гарын үсэг цуглуулах, айл амьтнаар орох зэрэг ажилд нь тусалсан юм. Намайг энэ нутгийн хүн юм чинь ахдаа туслаач гэж гуйсан юм. Цогт сумын Засаг дарга нь зөвшөөрсөн, орж ажиллаж болно гэж байна гэж надад хэлж байсан болохоор орон нутгаас зөвшөөрсөн юм байна гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг /ХХ64-65/,

Гэрч Л.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...  2020 оны 08 дугаар сард надтай ирж уулзаад “Цогт сумын нутаг дэвсгэрт нөхөн сэргээлт хийх” талаар санал тавьсан. Би хэлэхдээ “гадны иргэдэд ямар нэгэн нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл олгох боломжгүй, харин нутгийн иргэд нөхөрлөлөө байгуулаад журмын дагуу нөхөн сэргээлт хийх бол судалж үзэж байгаад болно” гэсэн хариуг өгсөн юм. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын дундуур манай өрөөнд Б нь орж ирээд тухайн алт гарсан газрын орчимд байдаг малчин иргэдийн 10 гаран хүний гарын үсэг цуглуулчихсан орж ирээд “тухайн хүмүүс нь нөхөрлөл болоод хамтраад нөхөн сэргээлт хийе гэж байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь бичиг баримтыг нь аваад дотоод ажил хариуцсан Б гэдэг хүнд өгөөд судалж үзэх талаар үүрэг өгсөн байгаа. Одоогоор ямар нэгэн зөвшөөрөл олгосон шийдвэр гарсан зүйл байхгүй байгаа... гэсэн мэдүүлэг /ХХ69-70/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ5-14/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /ХХ558-59/, Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 12/477 дугаартай албан бичиг /ХХ15/, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман Алтай”              ХХК-ийн “...Б.Б-н эвдсэн талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 174.899 төгрөгөөр, нөхөн сэргээх зардлыг 209.324 төгрөгөөр тус тус тогтоосон...” дүгнэлт /ХХ84-105/, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн хэргийн газрын үзлэгийн бичлэг зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв. 

Иймээс шүүгдэгч Б.Б-н үйлдэл нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Уг гэмт хэрэг нь тухайн үйл ажиллагааг явуулж эхэлснээр төгсдөг хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул ашигт малтмал олсон эсэх, олсон ашигт малтмалын болон учруулсан хохирлын хэмжээ зэрэг нь зүйлчлэлд нөлөөлдөггүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Б-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлолт хийж, хууль бусаар  газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирлын хэмжээ, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлийг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ205/, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман Алтай” ХХК-ийн “...Б.Б-н эвдсэн талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 174.899 төгрөгөөр, нөхөн сэргээх зардлыг 209.324 төгрөгөөр тус тус тогтоосон...” дүгнэлт /ХХ84-105/, Нуман-Алтай ХХК-ний №20/54 дугаартай нэхэмжлэх /ХХ27/, Ашид билгүүн ХХК-ний №000030 дугаартай нэхэмжлэх /ХХ28/, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын төлбөрийн хүсэлтүүд /ХХ29-30/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцсон маягтууд /ХХ31-35/,  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох алт угаах төхөөрөмжийг 600000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ний ТХҮ-720/442 дугаартай үнэлгээ                       ХХ110-121/, цахилгаан үүсгэгч моторыг 150000 төгрөгөөр, Голд мастер 1000 маркын металл хайгчийг 1500000 төгрөгөөр тус тус үнэлсэн Ашид билгүүн ХХК-ний                    ТХҮ-720/443 дугаартай үнэлгээ ХХ127-137/, “Hyundai Doosan 55v” маркын экскаваторийг 2668300 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээчин Р.Цанжидмаагийн 05 дугаартай үнэлгээ /ХХ143-150/, гэрч Н.Л-н “...Би Голд мастер 1000 метал хайгчийг 2015 онд 1000000 төгрөгөөр, 2017 онд 200000 төгрөгөөр цахилгаан үүсгэгч моторыг худалдан авч байсан. Б.Б 2020 оны 10 дугаар сарын 20-ны үед надаас хэд хоног хэрэглэж байгаад өгье гэж хэлээд авсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ74/, гэрч С.С-н “...Б-н Б манай багийн найз байгаа юм. Миний өөрийн эзэмшлийн эксковатор, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас одоогоос 4 жилийн өмнө буюу 2016 онд 4000000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үедээ би явах эд анги нь эвдэрсэн, тоногдсон маягийн бичиг баримтгүй Hyundai Doosan 55v маркын эксковатор авсан юм. Б.Б-д худалдсан зүйл байхгүй. Өөрийн эзэмшлийн Hyundai Doosan 55v маркын  бага оврын эксковатораа байсан байдлаар нь авмаар байна...” гэсэн мэдүүлэг/ХХ77/, шүүгдэгч Б.Б-н яллагдагчаар өгсөн “... Эксковатор нь Баянхонгор аймагт байдаг манай найз С-н эксковатор юм. Металл хайгч, цахилгаан үүсгэгч мотор нь манай хадам ах Л-х, би гуйгаад аваад явчихсан юм. Алт угаах төхөөрөмж нь минийх...” гэсэн мэдүүлэг /ХХ167/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /ХХ38/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 10 дугаартай тогтоол /ХХ40-41/  зэрэг нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийг хувьд тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж, 3 дахь хэсэгт “ Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.

 Шүүгдэгч Б.Б-н гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 174899 төгрөгийн хохирол учирч, түүний улмаас 209324 төгрөгийн хор уршиг үүссэн болох нь “Нуман Алтай” ХХК-ийн “...Б.Б-н эвдсэн талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 174.899 төгрөгөөр, нөхөн сэргээх зардлыг 209.324 төгрөгөөр тус тус тогтоосон...” дүгнэлт /ХХ84-105/-ээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хор уршгийг арилгахад гарах мөнгөн дүн буюу нөхөн сэргээх зардлаар хохирлыг төлүүлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  Hyundai Doosan 55v маркын бага оврын эксковатор С.С-н, цахилгаан үүсгүүр /мотор/, Голд мастер 1000 маркын металл хайгч зэрэг нь Н.Л-н өмчлөл болох нь гэрч С.С, Н.Л, шүүгдэгч Б.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai Doosan 55v маркын бага оврын эксковаторын үнэ 2668300 төгрөг, Голд мастер 1000 маркын мэдрэгчийн үнэ 1500000 төгрөг, цахилгаан үүсгүүр /мотор/-ийн үнэ 150000 төгрөг, алт угаах төхөөрөмжийн үнэ 600000 төгрөг, нийт 4918300 төгрөгөөс хохирлын 209324 төгрөгийг Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын тамгын газарт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын 3452000 төгрөгийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт тус тус олгож, үлдэх 1.256.976 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 500000 төгрөгөөр 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Hyundai Doosan 55v маркын бага оврын эксковатор, цахилгаан үүсгүүр, алт угаах төхөөрөмж зэргийг битүүмжлэлээс чөлөөлж, Hyundai Doosan 55v маркын бага оврын эксковаторыг С.С-т, цахилгаан үүсгүүр /мотор/ болон хэрэгт эд мөрийн баримтаар хугаагдаж ирсэн Голд мастер 1000 маркын мэдрэгчийг Н.Л-д, алт шигших төхөөрөмж, эд мөрийн баримтаар хураагдсан жанам, 2 ширхэг баригч зэргийг устгаж, хэргийн газрын үзлэгийн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Б цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овгийн Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлолт хийж, хууль бусаар  газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 500000 төгрөгөөр 12 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д танилцуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai Doosan 55v маркын бага оврын эксковаторын үнэ 2668300 төгрөг, Голд мастер 1000 маркын металл хайгчийн үнэ 1500000 төгрөг, цахилгаан үүсгүүр /мотор/-ийн үнэ 150000 төгрөг, алт угаах төхөөрөмжийн үнэ 600000 төгрөг, нийт 4918300 төгрөгөөс хохирлын 209324 төгрөгийг Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын тамгын газарт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын 3452000 төгрөгийг                 Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт тус тус олгож, үлдэх 1256976 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Hyundai Doosan 55v маркын бага оврын эксковатор, цахилгаан үүсгүүр, алт угаах төхөөрөмж зэргийг битүүмжлэлээс чөлөөлж, Hyundai Doosan 55v маркын бага оврын эксковаторыг С.С-т, цахилгаан үүсгүүр /мотор/ болон хэрэгт эд мөрийн баримтаар хугаагдаж ирсэн Голд мастер 1000 маркын металл хайгчийг Н.Л-д, алт шигших төхөөрөмж, эд мөрийн баримтаар хураагдсан жанам, 2 ширхэг баригч зэргийг устгаж, хэргийн газрын үзлэгийн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА