Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 103/2017/00109

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Багануур дүүргийн 3 дугаар хороо, 60 дугаар байрны, 37 тоотод байрлах “СННБЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын задгайн 7 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, Харчуул овогт Даваагийн Бээжинхангайд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 216000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

          Нэхэмжлэгч “СННБЗ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Жи-Мобайл” ХХК-ийн Багануур дүүргийн гэрээт салбарыг хариуцдаг “СННБЗ” ХХК-тай, иргэн Д.Бээжинхангай 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 240000 төгрөгийн үнэтэй төхөөрөмжийг “Зээлээр худалдах, худалдан авах” гэрээг байгуулж, 12 сарын хугацаатай, 120 гв, 365 хоногтой, 93475772 дугаарыг, сар бүрийн 17-ны өдөр 20000 төгрөг төлөхөөр тохиролцон авсан.

          Д.Бээжинхангай үндсэн үнэ 240000 төгрөгнөөс 60000 төгрөгийг төлж, үлдэгдэл 180000 төгрөгийг төлөөгүй байна.

            Иймээс үлдэгдэл төлбөр 180000 төгрөг, алданги 36000 төгрөг, нийт 216000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.  

            Хариуцагч Д.Бээжинхангай шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие “СННБЗ” ХХК-ийн нэхэмжилсэн 216000 төгрөгнөөс 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 20000 төгрөг төлж, үлдэгдэл 196000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна, гэжээ.           

            Нэхэмжлэгч “СННБЗ” ХХК-ийн захирал Д.Сайнзаяа шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хариуцагч 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 20000 төгрөгийг төлж, үлдэгдэл 196000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

           Нэхэмжлэгч “СННБЗ” ХХК, хариуцагч Д.Бээжинхангайгаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 216000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 216000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 20000 төгрөгийг төлж, үлдэгдэл 196000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

 Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь  хэсэгт  заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “СННБЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Бээжинхангайд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 216000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, хариуцагч 20000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төлж, үлдэгдэл 196000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7130 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 3565 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д.Бээжинхангайгаас 3565 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид  олгосугай. 
  3. Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.
  4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА