Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2017/00541

 

 

 

 

 

 

 

 

 

     2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2017/00541

                 Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат 38-45 тоот хаягт оршин суух, Хиад боржигон овогт Нарангэрэлийн Түмэнжаргал /РД:ХЙ79071774/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 10 дугаар байр, 59 тоот хаягт оршин суух, Тайжтан овогт Ванчинсүрэнгийн Нандинцэцэг /РД:ЙЮ84042363/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 57.720.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Түмэнжаргал, хариуцагч В.Нандинцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.          

                                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Түмэнжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 03 сарын 09-ний өдөр иргэн В.Нандинцэцэгтэй барьцаат зээлийн гэрээ байгуулж 26.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон. Нотариатаар орж зээлийн гэрээ байгуулж, улсын бүртгэлд  бүртгүүлж баталгаажуулаад уг мөнгийг хүлээлгэн өгсөн. Хариуцагч В.Нандинцэцэг нь гэрээний үүргээ биелүүлэхгүй ямар ч төлбөр тооцоо хийлгүй 10 сарын хугацаа өнгөрч байна. Иймд В.Нандинцэцэгээс үндсэн зээл 26.000.000 төгрөг, зээлийн хүү 12.480.000 төгрөг, алданги 19.240.000 төгрөг, нийт 57.720.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлээ төлж чадахгүй бол барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэртээ тусгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Н.Түмэнжаргал ахаас 26.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй авсан нь үнэн. Зээл авсан цагаасаа хойш нэг ч төгрөгний хүү төлж чадаагүй. Би хүүгээ төрүүлээд удаагүй байсан. Хүү маань жаахан өвдөөд олсон хэдэн төгрөгөө хүүхдийнхээ эм тарианд хэрэглээд таардаг байсан. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 26.000.000 төгрөг, түүний хүүний төлбөрт 12.480.000 төгрөг, алданги 19.240.000 төгрөг, нийт 57.720.000 төгрөг нэхэмжилсэн. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 26.000.000 төгрөг байхад өндөр хүү, алданги тооцохоор заасан дээрх гэрээний дагуу миний бие 2 дахин илүү мөнгийг төлөхөөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэхүү зээлийн гэрээг тухайн үед миний бие аргагүй нөхцөл байдлын улмаас байгуулсан билээ. Энэ гэрээ нь банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн гэрээний хүүнээс хэд дахин өндөр хүүтэй байгаа юм. Энэхүү зээлийн гэрээний сарын хүү 8 хувь байгаа бөгөөд зөвхөн хүүнд л гэхэд 12.840.000 төгрөг төлөхөөр тооцон нэхэмжилсэн байгааг шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасны дагуу харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. Түүнчлэн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д зааснаар хүүнээс анз тооцохгүй гэж заасан байхад анз буюу алдангийг хэрхэн тооцож 19.240.000 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй хуульд нийцээгүй байх бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй анзын хэмжээг мөн л үндсэн зээлийн талаас илүү хувьд хүрэх мөнгөн дүн байх бөгөөд үүнийг шүүх шударгаар тогтоон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Н.Түмэнжаргал нь хариуцагч В.Нандинцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57.720.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Талууд 2016 оны 3 сарын 09-ний өдөр Зээлийн болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 26.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай буюу 2016 оны 09 сарын 09-ний өдрийг хүртэл сарын 8 хувийн хүүтэйгээр хариуцагч В.Нандинцэцэгт зээлдүүлсэн ба зээлийн гэрээний барьцаанд улсын бүртгэлийн Ү-2201027631 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 01 дүгээр хороолол, /18030/ Залуусын гудамж, 10 дугаар байрны 59 тоот хаягт байрлах 57.86 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Хариуцагч В.Нандинцэцэг нь Н.Түмэнжаргалаас нийт 26.000.000 төгрөгийг зээлсэн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, зээлийн болон барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр нотлогдож байх ба хариуцагч зээлсэн мөнгөний үнийн дүнгийн талаар маргаагүй байна.

 

Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Хариуцагч нь “...зээлийн хүү хэт өндөр, алдангийн хэмжээ их тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасны дагуу зээлийн хүү, алдангийн хэмжээг шүүх багасгаж өгнө үү” хэмээн хариу тайлбартаа дурдсан. 

 

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 03 сарын 09-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээнээс үзэхэд зээлдэгч В.Нандинцэцэг нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн, хэлцлийн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, аливаа этгээдийн дарамт шахалт доор гэрээ хийсэн байдал тогтоогдоогүй, эрх зүйн бүрэн чадамжтай, сэтгэцийн өвчингүй байхдаа гэрээ хийсэн байна. Гэрээг талууд сайн дурын үндсэн дээр, гэрээний чөлөөт байдлын зарчимыг үндэслэн хийжээ. Тиймээс хариуцагчийн дурдсан зээлийн хүү, алдангийн хэмжээг шүүх багасгах үндэслэл бүхий байдал баримтаар тогтоогдохгүй байх тул зээлийн хүү, алдангийн хэмжээг багасгах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хэргийн оролцогч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй байх ба хариуцагч нийт зээлсэн мөнгөний үнийн дүнд маргаагүй, 26.000.000 төгрөг, түүний 6 сарын хүү 12.480.000 төгрөг, нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 38.480.000 төгрөг болно.

 

Талууд зээлийн гэрээний 3 дугаар заалтаар “... зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх”-ээр харилцан тохиролцсон байх ба зээлийн гэрээний хугацаа 2016 оны 09 сарын 09-ний өдөр дуусч, түүнээс хойш нэхэмжлэгч шүүхэд хандсан 2016 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэл нэг өдрийн 192.400 төгрөгөөр тооцвол 101 хоногт 19.432.400 төгрөг байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн заалтад нийцүүлэн 38.480.000 төгрөгийн 50 хувь болох 19.240.000 төгрөг алдангид нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч В.Нандинцэцэгээс үндсэн зээл 26.000.000 төгрөг, хүү 12.480.000 төгрөг, алдангид 19.240.000 төгрөг, нийт 57.720.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу В.Нандинцэцэгийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201027631 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 01 дүгээр хороолол, /18030/ Залуусын гудамж, 10 дугаар байрны 59 тоот хаягт байрлах, 57.86 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зөв гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                    

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч В.Нандинцэцэгээс 57.720.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Түмэнжаргалд олгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу харицагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд В.Нандинцэцэгийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201027631 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 01 дүгээр хороолол, /18030/ Залуусын гудамж, 10 дугаар байрны 59 тоот хаягт байрлах, 57.86 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 446.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Нандинцэцэгээс 446.550 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан нэхэмжлэгч Н.Түмэнжаргалд олгосугай.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ