Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,

Улсын яллагчаар хяналтын прокурор Х.Гүнжидмаа,

Хохирогчийн өмгөөлөгч Х.Энхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батмөнх

Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц овогт Ц-ын Д-д холбогдох 2016000000095 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багийн нутаг Улаан нуруу гэх газарт өөрийнхөө гэрт, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Б-тай хардалтын улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь зүүн бугалга, зүүн дал, зүүн бөөрний харалдаа ар хэсэг, зүүн тахим, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох нь:

 

Шүүгдэгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би мал хайгаад найзтайгаа хээр хоночихоод гэртээ ирсэн. Өглөө ирэхэд эхнэр уулнаас ямаагаа буулгаад хашчихсан. Урдаас хэрүүл  хийсэн. Би түргэн уураасаа болж ийм асуудалд орсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Н.Б-ийн “...2020 оны 10 сарын 17-ны өдөр нөхрийн хамт айлд очсон. Орой ирэхэд манай малнаас хэсэг мал байхгүй байсан. Манай нөхөр Баатар гэх залуутай алга болсон малаа хайгаад явсан. Тэгээд тэр шөнөө ирээгүй. Өглөө дурандаж байтал Алаг гэх нэртэй газрын өвөрт манай тасарсан мал байсан. Тэгээд малаа тууж ирээд хашсан. Д өглөө 09 цагийн үед ирсэн, Тэгээд “өдөр хараагүй малаа шөнө хайгаад байхдаа яахав дээ” гээд хэрүүл маргаан хийсэн. Би үхэрээ саах гээд хадам ээжийн хажууд очсон. Тэгтэл манай нөхөр гэрийн гадаа байсан сандлыг аваад миний зүүн талын бугалга, дал бөөрний хэсэгрүү цохисон. Тэгэхээр нь би цаашаа зугатаасан чинь араас сандал шидсэн. Сандал миний зүүн хөлний тахим хэсэгт цохисон. Намайг 2019 онд архи уусан үедээ нэг удаа зодсон. 2020 онд зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуудас, 39-40 хуудас/

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Ц.Д бид хоёр, хоёр морьтой малыг нь хайхаар явсан. Малыг нь хайгаад олдохгүй болохоор нь бид хоёр хээр хоноод өглөө нар гарчихсан байхад цагийг нь сайн санахгүй байна. Ц.Д-ийн гэрт ирсэн. Тэгтэл Б бид хоёрыг айлд хонож ирлээ гээд Ц.Д-тэй хэрэлдсэн. Н.Б үхэрээ саах гээд гарсан. Д жижиг модон сандлаар Н.Б-ийн мөр хэсэгрүү нь цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Д-г боль гээд салгасан. Д, Б-тай хэрэлдэж байгаад Болормаагийн араас нь нөгөө модон сандлаа шидсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-рт/

Гэрч С.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Б-руу аваад шидсэн. Тэр сандал нь гар дээр нь оносон байх, Б цаашаа гүйсэн чинь араас нь нөгөө сандлаа аваад шидтэл тахим дээр нь оносон. Тэгээд аав нь Давааг хониндоо яв гээд Б салгаад  Д хониндоо явсан...” гэх мэдүүлэг /хх-10-11-рт/

Хүний биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №320 дугаарт”...Н.Б-ийн биед зүүн бугалга, зүүн дал, зүүн бөөрний харалдаа ар хэсэг, зүүн тахим, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 13-14-рт/, хохирогч Н.Б-ийн хэргийн материалтай танилцсан “Гомдол саналгүй” гэх тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээ, гэрлэлтийн лавлагаа /хх-17-рт/, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багийн Засаг даргын тодорхойлолт /хх-19-рт/, шүүгдэгч Ц.Д-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 50-51-рт/  зэрэг нотлох баримтуудыг яллах өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ц.Д нь нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багийн нутаг Улаан нуруу гэх газарт өөрийнхөө гэрт эхнэр Н.Б-тай  маргалдаж улмаар сандал шидэж биед нь зүүн бугалга, зүүн дал, зүүн бөөрний харалдаа ар хэсэг, зүүн тахим, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрхи үйл баримт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд шүүгдэгч Ц.Д үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.

Гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан “хохирогч Н.Б-ийн мэдүүлэг, гэрч Б.Б-ын мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээ, гэрлэлтийн лавлагаа, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багийн Засаг даргын тодорхойлолт, Хүний биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №320 дугаартай дүгнэлт, Ц.Д-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэр бүлийн хамаарал бүхий этгээд байхаар хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Д хохирогч Н.Б нар нь гэр бүлийн хамааралтай буюу эхнэр нөхөр болох нь гэрлэлтийн лавлагаа, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч нь  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон болох нь нотлогдож байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

       Тус гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

 

Хохирогч Н.Б нь хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд “гомдол саналгүй”  гэсэн,  хэргийн материалд иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Ц.Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокурор 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Ц.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

 Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Ц.Д нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан /хх 92-рт/ байх бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн санал хүсэлтийг гаргаагүй тул улсын яллагчийн шүүхэд гаргасан дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Ц.Д-д Эрүүгийн хэрэг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овгийн Ц-н Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Шүүгдэгч Ц.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Д нь шүүхээс оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Д-ээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА