Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч А.Оргилбаяр

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Хохирогч Б.Э

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Б-д холбогдох 2016000000094 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын  25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогтой О-н Б.

Шүүгдэгч О.Б  нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10-р багийн нутаг дэвсгэрт байрлах 10-р цэцэрлэгийн ертөнцийн зүгээр зүүн талын хоёр урсгалтай, асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн 00-00 ГАҮ улсын дугаартай Nissan March маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.а-д заасан “а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас өөдөөс чигээрээ явсан “Мустанг-5” маркын мотоцикльтой мөргөлдөж Б.Э-н эрүүл мэндэд “...баруун дунд чөмөгт ясны зөрөөтэй далд хугарал, баруун шуу ясны зөрөөгүй далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч О.Б-н 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10-р багийн нутаг дэвсгэрт байрлах 10-р цэцэрлэгийн ертөнцийн зүгээр зүүн талын хоёр урсгалтай, асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн 00-00 ГАҮ улсын дугаартай Nissan March маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.9-т, 3 дугаар бүлгийн 3.4.а заалтуудыг зөрчсөний улмаас өөдөөс чигээрээ явсан “Мустанг-5” маркын мотоцикльтой мөргөлдөж Б.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч О.Б гэм буруутай болох нь:

Шүүгдэгч О.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “... 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цагийн орчимд ажлын урд мотоцикльтой мөргөлдсөн. Мотоциклийг урдаас ирж байхыг харсан. Түрүүлээд орж болохоор юм шиг байхаар нь орсон. Тэгээд хажуугаас ирээд мөргөсөн ... 650.000 төгрөгийн хохирол төлсөн... гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Б.Э-н шүүх хуралдаанд өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ажлаа тараад явж байгаад 10 дугаар цэцэрлэгийн тэнд энэ хүнтэй мөргөлдсөн. Би хурд хэтрүүлсэн зүйл байхгүй. Би шинэ мотоцикль авсан байсан. 40-50 километр цагийн хурдтай явж байсан. 10 дугаар цэцэрлэгийн хойд талын уулзвар өнгөрч байхад энэ эмэгтэй урдуур ороод ирсэн. Би зогсоох арга хэмжээ авсан боловч зогсоогүй. Тэгээд очоод мөргөлдсөн... осолд орохын өмнө Шинэ захын барилгын туслах ажилтан хийж байсан ... Хөл өвдөөд байдаг. Ажил хийе гэхээр хийж болохгүй байна ... одоо кальци, өвчин намдаах эм ууж байгаа” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,  

Гэрч С.Б-н  мөрдөн байцаалтад өгсөн “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүүн талын зам дээр очиход цагдаан нар ирсэн, эмнэлэг ирээгүй байсан. Миний хүү мотоцикльтой явж байгаад машинтай мөргөлдөөд замын голд унасан хэвтэж байсан. Баруун талын гар, хөлөө хөдөлгөж чадахгүй байсан. Эмнэлгийн түргэн тусламж ирээд эмнэлэг рүү аваад явсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ35-37/,

Гэрч Н.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “... жижиг саарал өнгийн суудлын автомашин төв замаас зүүн тийш эргэх дохиогоо өгөөд тухайн цэцэрлэгийн авто зогсоол руу орох гэж байсан. Гэтэл хойд зүгээс 2 дугаар сургуулийн урд уулзвар орчмоос маш их дуу чимээтэй нэг мотоцикль хурдтай ирээд тухайн автомашины баруун талын урд хаалга руу мөргөж, улмаар мотоциклийн жолооч зам дээр унасан ...” гэсэн мэдүүлэг /ХХ38-40/,

Гэрч А.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2 дугаар сургуулийн зүүн талын замаар хүнд механизм буюу автокридер жолоодоод урд зүг рүү явж байтал хажуугаар нэг мотоцикльтой хүн гүйцэж түрүүлээд явсан. Тэгээд 10 дугаар цэцэрлэгийн зүүн талын зогсоол руу ордог хэсэг дээр саарал өнгийн жижиг суудлын авто машин, мотоцикл 2 мөргөлдсөн байсан. Би яг яаж мөргөлдсөнийг нь хараагүй, би маш удаан явдаг хүнд механизм жолоодож явсан юм. Би шинэ анагаахын сургуулийн урд талд зогсоод осол болсон газар очиход мотоцикль жолоодож явсан залуу нь миний таньдаг залуу байсан. Манай нутгийн Б гэж хүний хүүхэд байсан. Тэгээд би ээж рүү нь утсаар ярьж мэдэгдсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ43-44/,

Шинжээч Т.Алтайбаатарын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 323 дугаартай “...1. Б.Э-н биед гэмтэл учирсан байна.

2. Б.Э-н биед баруун дунд чөмөгт ясны зөрөөтэй далд хугарал, баруун шуу ясны зөрөөгүй далд хугарал, баруун хацар, шанаа, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэнэ.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын   тогтонго алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /ХХ49-50/

Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /ХХ7/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ11-17/, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /ХХ54-55/, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 04 дугаартай автотээврийн мэргэшсэн шинжээч нарын шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн өмгөөлөх болон яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч О.Б-д 4 сарын хугацаагаар өөрийн оршин суух газар буюу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Хохирогч Б.Э-н нэхэмжилсэн 2093725 төгрөгийн нэхэмжлэлээс  баримтаар нотлогдож байгаа 1142825 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, түүнээс шүүгдэгчийн О.Б-н төлсөн 650000 төгрөгийг хасаж, үлдсэн 492825 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, баримт нь давхардаж авагдсан 200000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 750900 төгрөгийн баримтууд нь эргэлзээтэй байх тул хэлэлцэхгүй орхиж,  хохирогч Б.Э-н хэлэлцэхгүй орхисон  750900 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал, цалин хөлсний зөрүү зэргийг нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлээж, харин шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч Б.Э-н эмчилгээний төлбөр 855520 төгрөгийн Нэгдсэн эмнэлгийн 42 дугаартай нэхэмжлэх дээр төлбөр төлөгчийг Буянхишигээр тогтоосон байх бөгөөд  тухайн төлбөрийг төлсөн эсэх, нэхэмжилж байгаа эсэхийг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэгдсэн эмнэлэг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн тусгай ангийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан.

2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хохирогч Б.Э-н хөдөлмөрийн чадвар алдалтыг 12 сарын хугацаатай 60 хувиар тогтоожээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 1.5.2 дахь хэсэгт “50-69 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан хүнийг хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн алдсан” гэж тооцохоор зохицуулсанд хамаарах тул цалин хөлсний зөрүүгээ нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч О.Б хохирогч Б.Э-д хохиролд 650000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн О-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-г 4 сарын хугацаагаар өөрийн оршин суух газар буюу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байх зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Б-д танилцуулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505.5 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-с 492825 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-д олгож, 200000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 750900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч О.Б хохирогч Б.Э-д хохиролд 650000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг, хохирогч Б.Э нь хэлэлцэхгүй орхисон  750.900 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал, цалин хөлсний зөрүү зэргийг, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг ор хоногийн төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА