Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,

Шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт С-ын Ж-д холбогдох 2016000000100 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 26-наас 09 дүгээр сарын 27 нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн нутаг дэвсгэр Цахирын ар тал гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн О.Г-тай бэлчээрээс болж маргалдан толгойн тус газар нь гараараа цохиж, цээжний зүүн хэсэгт өшиглөж хохирогч О.Г-ын биед зүүн 7, 8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч С.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. Би Б-тай малын бэлчээрээс болж маргалдаад шилэн хүзүү рүү нь цохисон. Өшиглөж хавиргыг нь гэмтээсэн. Би Б-ыг аймагт авчирч эмнэлэгт үзүүлсэн. Эмчилгээний зардал 150.000 төгрөг болсон. Хохирлыг нь барагдуулсан. Хохирогч одоо гомдолгүй гэж хэлсэн гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Цахирын ар талд Ж нь миний хавирга, цээж рүү өшиглөсөн юм. Мөн миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон юм. Эхлээд Ганц Улиасны зүүн талд Ишээ, Хасаа, Ондгор, Нааяа бид тав 1 шил 0.75 граммын Чингис архи уусан. Сум дээр Борынд 1 шил 0.75 граммын Ерөөл архийг Ишээ, Нааяа, Хасаа, Ондгор бид тав хувааж уусан. Борынд мөн 1 шил Хар екс нэртэй архи бид тав хувааж ууж байгаад хөдөө замдаа үлдсэнийг нь уугаад явсан юм. Мөн Цархирын ар талд 1 шил Хар екс нэртэй 0,75 граммын архийг бид тав хувааж уусан. Ондгорыг Ж, Хасааг Бр, Нааяаг Н, Ишээг И, Борыг Э гэдэг юм.  Сумын төв дээр Бор намайг миний толгойн хэсэг рүү 2-3 удаа алгадсан юм. Н нь намайг зодож цохиогүй. Цахирын ар тал гэх газар очиход харанхуй болчихсон байсан, 00 цаг өнгөрөөд 01 цаг дөхөж байсан байх. Жигжидсүрэн бид хоёр машины ард машинаас зайтаи байсан машин дотор болон гадаа бусад нь байсан. Цахирын ар талд машинаас буух гэж байхад Ондгор миний шилэн хүзүү хэсэг рүү 1 удаа цохисон, машинаас холдоод юм яриад маргалдаад сууж байхад миний цээж хэсэг рүү өшиглөсөн. Миний цээжний зүүн тал руу нэг удаа өшиглөсөн юм. Намайг машинд буцаад суучихсан байхад мөн л 1 удаа миний толгой руу цохисон юм. Бэлчээрийн асуудал, өвөлжөөнөөс болоод муудаад байсан юм аа...” гэх мэдүүлэг /хх 14-15-рт/

               

         Гэрч Ц.Ц-ны мөрдөн байцаалтад өгсөн “...Шөнө Г /Баясах/ “ёоёо” гээд байсан. Мөн “хавирга хугарчих шиг боллоо” гээд байсан юм...” гэх мэдүүлэг /хх 36-37-рт/

 

         Гэрч Ш.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Цахирын ар талд зодоон болсон. Ондгор ах, Баясах ах нар зодолдсон юм. Гэхдээ харанхуй байсан болохоор хараагүй. Тэр хоёр машины ард зодолдсон юм. Ондгор ах хэлэхдээ “Цахирын ар талд би цээж хэсэг рүү нь өшиглөчихсөн гэж надад дараа нь хэлсэн юм. Тэр хоёр сумаас гараад маргалдаад байсан юм, Би баян, чи ядуу гээд л мөн өвөлжөө, малын бэлчээрээс болоод маргалдаад байсан юм..” гэх мэдүүлэг /хх 25-28-рт/

 

         Гэрч А.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр сум дээр гэрээ буулгаж байсан. Тэгсэн чинь Бор ах “хөдөө зодоон болоод Ондгор ахыг 3 хүн зодчихлоо. Хасаа, Баясах зодчихсон байна” гэж надад хэлсэн юм. Орой 22 цагийн үед сум дээр манай гадаа Ондгор ах, Нааяа ах, Ишээ ах, Баясах ах, Хасаа ах бас нэг залуу нийлээд 6 хүн ирсэн. Нааяа ахын Мазда нэртэй хар ногоон өнгийн машинтай ирсэн юм. Баясах тухайн өдөр суман дээр ирэх, сумаас гарахдаа зүгээр байсан. Тухайн өдрийн маргааш нь Ондгор ахыг үзүүлэх гээд эмч аваачиж өгөөд очиход Ондгор ах надад “би нэг цохиод өшиглөчихсөн” гэж хэлсэн юм. Цахирын ар талд зогсоход Ишээ, Нааяа, Хасаа, Баясах, Ондгор нар их согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх 20-23-рт/

 

        Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “...4 шил 0.75 граммын архинаас Нааяа, Ишээ, Ондгор, Баясах бид тав хуваагаад тойруулаад л уусан. Ер нь бол согтуу халамцуу байсан. Ондгорыг Жн, Нааяаг Н, И, Борыг Э, Баясахыг Г гэдэг юм. Д архи огт уугаагүй. Цахирын ар талд зогсоход Баясахыг машинаас буулгаад Ондгор, Ишээ нар аваад явсан. Гадаа саргүй, харанхуй байсан болохоор би юу болсныг нь хараагүй юм. Цаашаа морио аваад явах замдаа “хавирга хугарчих шиг боллоо” гээд Баясах хэлж байсан юм. Жигжидсүрэн нь “би өшиглөөд хугалчихсан байх” гэж өөрөө хэлж байсан юм. Сумаас гараад Цахирын ар талд очих хүртэл Ж, Баясах нар нь маргалдаад яваад байсан. Бэлчээрийн асуудлаас болоод маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх 32-33-рт/

 

        Гэрч Б.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Баясах ах сумаас гараад буцаад хөдөө яваад Цахирын ар талд очиж зогсоод машинаас буугаад Ондгор ахтай машинаас холдож явах хүртлээ цээж өвдөөд байна, хавирга хугарчихлаа гэж хэлээгүй юм. Хамт явчхаад буцаад ирэхдээ “цээжээр өвдөөд байна, хавирга хугарчихлаа” гэж хэлж ирээд цээжээ дараад хэвтээд байсан юм. Надад хэлэхдээ “миний цээж рүү Ондгор өшиглөчихлөө” гэж хэлсэн юм. Тухайн гэмтлийг Ондгор ах учруулсан байх...” гэх мэдүүлэг /хх 41-42-рт/

 

        Гэрч Ж.Ж-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би Жаргалан сумын Эрүүл мэндийн төвд их эмчээр ажилладаг юм. Баясах нь зүүн талын хавирга өвдөнө гэсэн зовиуртай байсан. Асуумж авахад “зодуулсан, өшиглүүлсэн” гэж хэлсэн юм. Яг хэнд гэдгээ хэлээгүй юм. Үзлэгээр зүүн талын цээжин хэсэгт эмзэглэлтэй байсан. Илт хавирга хугарсан зүйл мэдэгдээгүй. Өвчин намдаах эм уулгаж, наалт нааж өгөөд, Нэгдсэн эмнэлэгт рентген зураг авахуулахыг зөвлөсөн юм...” гэх мэдүүлэг /хх 18-19-рт/

 

        Шинжээч Т.Алтайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “...7, 8 дугаар хавирга нь нэг төвшинд байгаа учраас нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Өшиглөхөд хавирганы хугарал илүү байдаг. Нэг удаагийн өшиглөлтөөр үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх 59-рт/

 

        Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 330 дугаартай шинжээчийн “О.Г-ын биед гэмтэл учирсан байна. О.Г-ын биед зүүн 7, 8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн 7, 8 дугаар хавирганы хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх 48-49-рт/

 

С.Ж-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Цахирын ар дээр зогсоод байж байтал Баясах над руу баярхаж, янз бүрийн юм яриад байхаар нь нүүр хэсэг рүү 1 удаа гараараа цохисон, цээж хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Баясах буюу Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх 70-71-рт/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд Шүүгдэгч С.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 26-наас 09 дүгээр сарын 27 нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн нутаг дэвсгэр Цахирын ар тал гэх газар хээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн О.Г-тай бэлчээрээс болж маргалдан толгойн тус газар нь гараараа цохиж, цээжний зүүн хэсэгт өшиглөж хохирогч О.Г-ын биед зүүн 7, 8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалсан  хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Г мэдүүлэг, гэрч Ц.Ц, Ш.Э, А.Н, Б.Б, Б.Д,  Ж.Ж-д,  шинжээч Т.Алтайбаатар нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 330 дугаартай шинжээчийн дүгнэлт, С.Ж-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тус үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  учруулсан шинжээрээ эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд уг гэмт хэргийг шүүгдэгч С.Ж үйлдсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.

Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

 

Шүүгдэгч С.Ж нь хохирогч О.Г-т гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 150.000 төгрөг төлсөн,  хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч С.Ж нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн, прокурор 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, шүүгдэгч С.Ж-г яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж  шүүгдэгч С.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч С.Ж-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчид 150.000 төгрөг төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэргийг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж овогт С-ын Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Ж-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч С.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчид 150.000 төгрөг төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА