| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0090/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/95 |
| Огноо | 2020-11-11 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Оргилбаяр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ч
Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Сийн О-д холбогдох 2016001300092 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.О нь Говь-Алтай эм хангамж ХХК-ийн дефектар буюу эд хариуцагчаар 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллахдаа хий падаан бичих, бэлэн мөнгөөр борлуулсан бараа бүтээгдэхүүний мөнгийг байгууллагын дансанд тушаахгүй байх зэргээр нийт 9.107.294 төгрөг 18 мөнгийг хувьдаа завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Хэрвээ дахин төрийн албанд ажиллах юм бол ийм алдаа, дутагдал гаргахгүй. Би гэмээ ухаарч байна. Намайг уучлаарай гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 08 дугаар сард манай байгууллагад эм ханган нийлүүлэх төвийн эд хариуцагч буюу дефектарын ажлын орон тоо гарсан. Тухайн үед С.О Жаргалан сумд ажиллаж байгаад ирж уулзаад анкет бөглөөд тодорхой шаардлагыг хангаж байна гэж үзээд өргөдлийг хүлээж аваад 08 дугаар сарын 01-ний өдрөөс эд хариуцагч буюу дефектараар ажилд авсан. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны үеэр санхүү хариуцсан нягтлан бодогч Б-тай хамтарсан дотоод хяналт шалгалт хийх үеэр С.О-той холбоотой эд хөрөнгө хувьдаа шамшигдуулсан хэргийг илрүүлсэн. Тухайн үед 2.000.000, 3.000.000 төгрөгийн буюу бага мөнгө шамшигдуулсан хэрэг гарсан учраас хатуу анхааруулга, сануулгыг аман байдлаар өгөөд яаралтай төлж барагдуул гэсэн боловч барагдуулаагүй. Нэмж хэрэг хийсэн. Энэ байдал нь ажилд авсан миний итгэлийг эвдэхийн хажуугаар компаний нэр төрийг унагаасан зүй зохисгүй үйлдэл болсонд гомдолтой байна. Г.О манай компанид учруулсан мөнгөн хохирлыг барагдуулбал залуу хүн учраас гэмээ ухаараад цаашид ийм алдаа дутагдал гаргахгүй байх гэсэн үүднээс ямар нэгэн асуудал үүсгэхгүй гэсэн байр суурьтай байна гэв.
С.О-г Говь-Алтай эм хангамж ХХК-ийн дефектароор томилсон Говь-Алтай эм хангамж ХХК-ийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10, 14 дугаартай тушаалууд / хх-ийн 27, 129-рт/
С.О-г Говь-Алтай эм хангамж ХХК-ийн дефектар ажлаас чөлөөлсөн Говь-Алтай эм хангамж ХХК-ийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 15/20 дугаартай тушаал / хх-ийн 130-рт/
Говь-Алтай эм хангамж ХХК-ийн дефектарын ажлын байрны тодорхойлолт / хх-ийн 29-30-рт/
Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 32-34-р хуудас/
Хаан банк дахь С.О-н эзэмшлийн 5322080327 дугаартай дансны хуулга /хх-ийн 75-97-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.Ч-н С.О-той харилцан тохиролцож Говь-Алтай эм хангамж ХХК-д учруулсан хохирлыг 2020 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлэн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хүсэлт болон баталгааны хуудас /хх-ийн 44-45-рт/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.Ч-ын мөрдөн байцаалтад өгсөн “....С.О нь төвөөс ирсэн эм болон эмнэлгийн хэрэгслийг аймгийн төвийн эмийн сангууд, сумдын эмийн сан, хувийн эмнэлэгт бөөний үнээр нийлүүлэх ажлыг хариуцан ажилладаг. С.О нь эмийн сан, хувийн эмнэлгээс эм болон эмнэлгийн хэрэгслийн төлбөр тооцоог хувийн дансаараа авч хувьдаа завших, илүү зарлагын баримт бичих зэрэг зөрчлүүдийг гаргасан. Тухайн үйлдлийг нь манай компаний нягтлан бодогч Н.Б бид 2 дотоод хяналтаараа тогтоон ажилласан ...С.О нь нийт 9.107.294 төгрөгийг хувьдаа завшсан. 2.500.000 төгрөгийг буцааж байгууллагад төлж барагдуулсан. Аудитын дүгнэлт гаргуулахад 108.000 төгрөг байгууллагаас төлсөн. Одоо нийт 6.715.294 төгрөг төлж барагдуулахаар байгаа” гэх мэдүүлэг / хх-ийн 53-57-рт/
Гэрч Н.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Ингээд улирал дуусаад өр тооцоогоо шахаад ирсэн чинь С.О-н сумдын эмийн сангууд дээр хий зарлага бичиж мөнгө завшсан асуудал илэрч гарч ирсэн юм. ...2020 оны 04 дүгээр сард шалгалт хийхэд мөнгө дутагдсан ба би дансны хуулгыг нь авахад өөрийнхөө данс руу эмийн мөнгийг мобайлдуулах юм уу данс руугаа хийлгэж авсан байсан тул чи яахаараа байгууллагын дансанд хийхгүй өөрийнхөө данс руу мөнгө хийлгэж авсан юм бэ гэхээр миний буруу би дахиж тэгэхгүй гэж хэлээд би энэ тухай захирал Г.Чанцалд хэлсэн” гэх мэдүүлэг / хх-ийн 60-62, 147-148-рт/
Гэрч Ш.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 07-р сард С.О ажлаа өгөхдөө эм, бараа дутсан чинь Тонхилын Эрүүл мэндийн төвийг эм, бараа авсан гэж хэлсэн байсан. Надруу захирал нь гэж хүн залгаад О-оос танай Эрүүл мэндийн төв эм, бараа авсан уу гэж асуусан. Би аваагүй тухайгаа хэлсэн. Надруу бараг 3 удаа залгасан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 135-р хуудас/
Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...С.О надруу залгаад -таны нэр дээр 400.000 орчим төгрөгийн авлага үлдээсэн би тэр мөнгийг өөрөө төлнө гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 143-рт/
Монголиан бизнес рейтинг Аудит ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 35 дугаартай Говь-Алтай аймгийн эм хангамж ХХК-ийн дефектар буюу эд хариуцагч С.О нь 2020 оны 01 дүгээр сарын 18-наас 2020 оны 07 дугаар сарын 31-ний хооронд нийт 9.107.294 төгрөг 18 мөнгөний эмийн үнэ хувьдаа ашиглаж байгууллагад хохирол учруулсан” гэх хараат бус аудиторын дүгнэлт/хх-ийн 101-108-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч С.О нь Говь-Алтай эм хангамж ХХК- ийн дефектар буюу эд хариуцагчаар 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллахдаа хий падаан бичих, бэлэн мөнгөөр зарсан борлуулсан бараа бүтээгдэхүүний мөнгийг байгууллагын дансанд тушаахгүй байх зэргээр нийт 9.107.294 төгрөг 18 мөнгийг хувьдаа завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан С.О-г Говь-Алтай эм хангамж ХХК-ийн дефектароор томилсон Говь-Алтай эм хангамж ХХК-ийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10, 14 дугаартай тушаалууд, С.О-г Говь-Алтай эм хангамж ХХК-ийн дефектар ажлаас чөлөөлсөн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 15/20 дугаартай тушаал, Хаан банк дахь С.Олзвойн эзэмшлийн 5322080327 дугаартай дансны хуулга, С.О-ын учруулсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн хүсэлт болон баталгааны хуудас, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжпэгч Г.Ч-ын мэдүүлэг, гэрч Н.Б, Ш.Б, Б.Д нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Монголиан бизнес рейтинг Аудит ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 35 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Олзвой нь Говь-Алтай эм хангамж ХХК- ийн дефектар буюу эд хариуцагчаар ажиллаж байсан нь түүнийг томилсон Говь-Алтай эм хангамж ХХК-ийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10, 14 дугаартай тушаалуудаар тогтоогдож байх тул С.О нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд мөн байна.
Тус үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан шинжээрээ эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг мөн бөгөөд уг гэмт хэргийг шүүгдэгч С.О үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Шүүгдэгч С.О-ийн хууль бус үйлдлийн улмаас Говь-Алтай аймгийн Эм хангамж ХХК-д 9.107.294 төгрөг 18 мөнгөний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4.500.000 төгрөг төлсөн байна.
Иймд шүүгдэгч С.О-оос 4.787.294 төгрөг 18 мөнгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн Эм хангамж ХХК-д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.О нь бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч С.О нь гэмт хэрэг үлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоос 4.500.000 төгрөгийг төлж, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.О-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлж, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлж буй байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч С.О нь Говь-Алтай аймгийн Эм хангамж ХХК-д 4.500.000 төгрөг төлсөн зэргийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж овогт С-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Шүүгдэгч С.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-д оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч С.О-д оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Тэнссэн хугацаанд эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулах болохыг шүүгдэгч С.О-д мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.О-оос 4.787.294 төгрөг 18 мөнгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн Эм хангамж ХХК-д буюу түүний хууль ёсны төлөөлөгч Г.Ч-д олгохоор шийдвэрлэсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч С.О нь Говь-Алтай аймгийн Эм хангамж ХХК-д 4.500.000 төгрөг төлсөн зэргийг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА