Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 103/2017/00111

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 1 дүгээр гудамжны 11 тоотод байрлах, “Таван баян ундарга хөгжил” ХЗХ-ны нэхэмжлэлтэй 

Хариуцагч Багануур дүүргийн 5 дугаар хороо, Багагүний 18 дугаар гудамжны 05 тоотод оршин суух, Мэргэд овогт Санжаагийн Бадарчид холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.480.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

          Нэхэмжлэгч “Таван баян ундарга хөгжил” ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр С.Бадарчтай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 72-69 БРА улсын дугаартай автомашиныг барьцаалан, сарын 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 1.000.000 төгрөгийг зээлдүүлсэн.

          Иймд С.Бадарчаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.480.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.  

            Хариуцагч С.Бадарч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие “Таван баян ундарга хөгжил” ХЗХ-ны 1.480.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дээрх мөнгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байна, гэжээ. 

            Нэхэмжлэгч “Таван баян ундарга хөгжил” ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Энхтуул шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хариуцагч 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1.480.000 төгрөгийг төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

           Нэхэмжлэгч “Таван баян ундарга хөгжил” ХЗХ, хариуцагч С.Бадарчаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.480.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.480.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1.480.000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

 Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь  хэсэгт  заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Таван баян ундарга хөгжил” ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч С.Бадарчид холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.480.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, хариуцагч 1.480.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38630 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 19315 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч С.Бадарчаас 19315 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид  олгосугай. 
  3. Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.
  4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА