Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/97

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, Х.Энхбат/онлайн/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Хохирогч Т.О/онлайн/

Шүүгдэгч Л.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Л-ийн С-д холбогдох 2016001050088 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.С нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн нутаг дэвсгэр Дэрстэй гэх газар шороон зам дээр улсын дугааргүй, Мустанг-5 нэртэй, улаан өнгийн мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй), б-д тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ”, 3.4-ийн в-д заасан “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч М.Б-ын биед гавал тархины битүү гэмтэл үүсгэн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Л.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. Тэр өглөө хониных нь хажууд яваад очиход хоёулаа сум орчхоод ирье гэхээр нь сум дагуулаад явсан. Тэгэхэд дэлгүүр ороод архи авсан. Тэр архиа өдөр хониныхоо хажууд уугаад би хонийг нь хараад байсан. Тэгээд орой болоход дахиад яваад ирье гэсэн. Тэгэхээр нь надад бензин байхгүй гэхэд бензин хийж өгсөн. Орой 21 цаг өнгөрч байхад сумны төв орсон. Сумын төв ороод дахиад 3 жил архи аваад П ахтай уулзчихаад сумаас гарч яваад онхолдсон. Сумаас гарч яваад замын хажуу талд овоолсон байсан чулууны зарим хэсэг нь зам руу ороод мотоцикль шарвахад Б ах унаад, араас нь би унасан. 22 цаг өнгөрч байхад би Б найз руугаа яриад манай найз ирээд эмнэлэгт хүргэж өгсөн гэв.

Хохирогч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би маш их гомдолтой байна. Зүгээр сайхан амьдарч байсан. Архи дарс өгч, хонь мал дээрээс нь аваагүй байсан бол аз жаргалтай сайхан амьдрах байсан. Одоо бол хэцүү л байна. Хохирлоо төлүүлмээр байна гэв.

         Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.О-ын мөрдөн байцаалтад өгсөн ...2020 оны дугаар сарын 18-ны 2 цагт манай нөхөр гэртээ ирээд унтаж амарсан. Тухайн өдрийн өглөө би малаа бэлчээгээд, араас манай нөхөр Б хониндоо явсан юм. Би ажиллуулдаг худаг руугаа явсан юм. Замаараа өөрийн хүүхдийг хадам ээж М-т хүргэж өгөөд худаг руу явсан. Сумын төвд очоод хувцсаа угаагаад байж байхад манай нөхөр 17 цаг 30 минутын үед “2 шуудай өвс түүлээ, та хэд ирэх болж байна уу” гэхээр нь “хувцсаа угааж дуусчхаад Модтын булаг явж ундны ус аваад очно” гэж хэлээд тасалсан. Тэгээд би 22 цагийн орчимд гэртээ ирээд ороо засаад яг хэвттэл манай нөхрийн нагац Алтай ах ирээд “Уука мотоциклоос унаад ухаан орохгүй байна. Та хэдийг авах гээд ирлээ” гэж хэлээд намайг дагуулан авч яваад манай хадам ээжийнд очоод хадам ээжийг дагуулан сумын төв рүү явсан. Биднийг сумын төвд очоод эмнэлэг рүү ороход манай нөхрийн амнаас цус соруулж байсан Миний нөхөр Б 2020 оны 05 дугаар сарын 18-нд С-тай хамт сумын төв рүү явсан гэдгийг нь эмнэлэг дээр ирээд мэдсэн. ...2020 оны 05 дугаар сарын 19-нд аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд 3 хоногийн дараа тархины хагалгаанд нэг удаа орсон. Тэгээд тархины шимэгдүүлэх эмчилгээ, хаван хөөх эмчилгээ хийлгэж ухаангүй байдалтай эмнэлэгт хэвтэж байж байгаад бараг эмчилгээгүй гэхээр нь 2020 оны 07 дугаар сарын 08-нд эмнэлгээс гаргаад гэр оронд нь авч очъё гээд Эрдэнэ суманд гэртээ авч ирсэн. Тэгээд гэртээ нэг хоноод 2020 оны 07 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед гэртээ нас барсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх- ийн 39-42-рт/

 

          Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...22 цаг л өнгөрч байсан байх, би айлд байж байтал С нь “би хөдөө гараад явж байсан чинь мотоциклтой уначихлаа, араар сууж явсан хүн маань уначхаад босдоггүй, би хүрээд ир, хоёулаа эмнэлэг хүргээд өгье” гэсэн. Би мотоцикл унаж очсон, тэгээд үлдээгээд С-ын мотоциклтой нөгөө хүнийг дундуураа дүүрээд эмнэлэгт авчирч өгсөн. Очсон чинь Сүхбат бол босоод нөгөө хүнийхээ хажууд байж байсан. Нөгөө хүн нь замын голд дээшээ харсан байдалтай ам хамраас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд өөр сайн зүйл анзаарч хараагүй яараад л шууд суулгаад явсан. Эмнэлэг дээр ирэхэд яг хэвээрээ байсан. ...Тэр хоёр ямар нэгэн хамгаалалтын малгай өмсөөгүй байсан. Цагдаад мэдэгдэх талаар бодоогүй юм. Мөн би мотоциклыг хөдөлгөж болохгүй гэдгийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 67, 57-рт/

 

          Гэрч А.П-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 18-нд 22 цаг болж байхад Б нь над дээр ирсэн. Тэгээд надтай юм ярьж байгаад нээх удалгүй 10-15 минут л болсон байх, тэгээд явсан. С-тай цуг явж байсан. Мотоциклтой явж байсан. С буюу С унаж явсан. Б “одоо гэр рүүгээ явлаа, хөдөө” гээд явсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 72-рт/

 

         Гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Миний хүү Л.С өөрийнхөө гар утаснаас над руу яриад “би мотоциклоос унаад сумын эмнэлэгт ирсэн байна, та хурдан хүрээд ир” гэсэн. Манайх сумын төвөөс 4-5 километр зайтай газар байсан. Би эхнэрийнхээ хамт сумын эмнэлэг дээр ирэхэд талийгаач М.Б ухаангүй, манай хүү Сүхбат ямар нэгэн гэмтэлгүй байсан. Юу болсон талаар асуухад зүгээр явж байтал зам дээр чулуу таараад тэгээд шарвуулаад онхолдсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 80-рт/

 

          Гэрч Т.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр жижүүрийн сувилагчийн үүрэг гүйцэтгээд сумын төвд дуудлагатай явж байхад 22 цаг өнгөрч байх үед нэг эрэгтэй хүн залгаад “нэг ухаангүй хүнийг авчирлаа” гэхээр нь шууд эмнэлэг рүү явсан. Замдаа эмчдээ залгаж хэлсэн. Эмнэлгийн үүдэнд хоёр эрэгтэй хүн нэг ухаангүй эрэгтэй хүн аваад ирсэн байсан юм. Эмнэлэг рүү оруулаад анхан шатны тусламж үзүүлээд “ухаангүй хүний ар гэрт нь мэдэгд” гэж хэлсэн. Ээжийг нь Гэрэлээ гэх хүний хүүхэд С. Би юу болсон талаар Г-ийн хүүгээс тодруулахад “сумын төвөөс урд зүгт ойрхон мотоциклтой явж байгаад онхолдсон” гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 58-рт/

 

         Гэрч Л.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Говь- Алтай аймгийн Эрдэнэ суманд осолд орсон гэх бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дуудлагаар Эрдэнэ суманд очиж аймгийн Нэгдсэн эмнэлэгт авчирсан. М.Б нь гавал тархины маш хүнд битүү гэмтэлтэй. Мэс засал хийж тархины баруун талаас хатуу хальсан доорх цусан бүлэн авсан. Өвчтөнд ухамсарт ухаан байхгүй. Баасанбат бүрэн эдгэрэх боломж маш муу, ер нь хэлд хэзээ ч орохгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 77-78-рт/

 

           Шинжээчийн 47 дугаартай “...Иргэн А.С-ын биеэс авсан цус нь шинжилгээнд тэнцэж байна. Иргэн А.С-ын цусанд спиртийн зүйл илэрсэнгүй...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 89-рт/

 

         Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 40 дугаартай шинжээчийн “Амь хохирогч М.Б-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун чамархай ясанд цооног гарган хатуу хальсан доорх нөжирсөн цусан бүлэнг авсан мэс заслын дараах байдал, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн хэсгийн тархины эдийн дарагдал, няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гавал тархины гэмтэл нь талийгаачийг үхэлд хүргэсэн байна. Амь хохирогч М.Б нь гавал тархины битүү гэмтэл: тархины дарагдал, няцралын улмаас тархи хавагнаж нас баржээ. Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр ямар нэгэн архаг хууч өвчин илэрсэнгүй..." гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 104-106-рт/

 

  2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөгчийн “Жолооч Л овогтой С /РД:ДР00300714/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг. 3.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); б/ тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ”, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд. 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна| гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг осол болсон байна. Жолооч Л.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1. 3.4, 12.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас дээрх осол гарсан гэх үндэслэлтэй баина гэсэн магадалгаа /хх-ийн 240-241 дүгээр хуудас/,

Л.С-ын жолоочийн лавлагаа /2 дугаар хх-ийн 81-рт/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 8-14 22-27-рт/

 Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 18-20-рт/,

2156,     126 дугаартай өвчний түүх яаралтай тусламжийн хуудас /1 дүгээр хх-ийн 121-216, 223-235-рт/,

0000224878 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /1 дүгээр хх-ийн 219-рт/

Л.С-ын мөрдөн байцаалтад өгсөн "...би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би замын баруун талын зорчих хэсгээр явж байхад замын баруун талд овоолсон чулуу байсан, зарим нэг чулуу нь замын зорчих хэсэг рүү орсон байсан. Би нэг чулууны дээгүүр гараад, мотоцикль онхолдсон...” гэх мэдүүлэг, /2 дугаар хх-ийн 59-61-рт/

Багийн Засаг даргын тодорхойлолтууд /хх32-33-рт/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх96-рт/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм дүгнэлтдээ: Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Л.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн тухайд гэм буруугийн талаар санал нэг байна. 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр талийгаач осолд орж ухаангүй эмнэлэгт 2 сар гаруй байж байгаа харамсалтайгаар 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нас барсан. Эднийх нэг охин, нэг хүүтэй байсан. Айлын ганц хүү байсан. Хурим найраа хийгээд удаагүй гэр бүл тусгаарлаад 1 жил амьдарч байсан. 2 настай хүүхэдтэй. Мал маллаад тодорхой хэмжээгээр сайхан амьдарч байсан. Харамсалтайгаар 2019 оны 05 дугаар сарын 18-нд осол аваарт орсон байдаг. Осол аваарт орсноос хойш түүний ар гэрийнхэн энэ хүнийг босгочих юмсан гэсэн найдлагаар 2 сар гаруй эмчилгээ хийлгэж сахисан. Ээж нь банкнаас 10 сая төгрөгийн зээл авсан. 2019 онд 640 гаруй мал тоолуулсан. Байсан малаа зарж эм тарианд хэрэглэж аврах гэж үзсэн байдаг. Гэтэл харамсалтайгаар нас барсан. Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэрэг хэдий ч хүний амь эрсэдсэн байгаа. Нөхөж баршгүй хор уршиг учирсан нь харагдаж байгаа. Өндөр дүнтэй эм хэрэглэж байсан учир эмчилгээний зардал өндөр гарсан. Үүнээс хойш зан үйлийн зардалтай холбоотой холбогдох баримт бичгийг өгсөн. Бодит байдал дээр үүнээс илүү зардал гарсан гэж талийгаачийн ар гэр хэлдэг. Тухайн үед уй гашууд байсан учир тэр бүр баримтыг бүрдүүлж чадаагүй гэж хэлж байсан. Тухайн хэргийн материалд 19322763 төгрөгийн баримт хавсаргасан. Шүүгдэгчийн зүгээс 5.100.000 төгрөг өгсөн гэдгийг хохирогчийн ар гэр хүлээн зөвшөөрч байгаа. 14222763 төгрөгийн гэм хорын хохирол арилаагүй байгаа гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Х.Энхбат дүгнэлтдээ: Амь хохирогч Б нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэн Л.С-ын жолоодож явсан мотоциклийн араар сууж явахдаа осолд орж гавал тархины хүнд гэмтэл авч нас барсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Хохирогч Д.О болон ээж нар нь 2020 оны 05 дугаар сарын 19-нөөс 07 дугаар сарын 08-н хүртэл асарч байгаад амь хохирогч 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нас барсан байдаг. Энэ өдөр нэг эх хүүгээсээ хагацаж, нэг эхнэр нөхрөөсөө хагацсан. Хэргийн зүйлчлэлийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг 19322763 төгрөгийн хохирол учирсан. Хүний амь нас эрсэдсэн байгаа. Одоо 14222763 төгрөгийн хохирол байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан дүгнэлтдээ: Л.С нь өөрийн болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас болж айлын хүүхдийн сайн аав, ээжийн хайртай хүүгийн амь хохироосондоо маш их харамсаж, маш их гэмшиж өдийг хүрч яваа. Ийм учраас өөрийн буруу үйлдлээс болоод ийм зүйл болсон шүү гээд энэ хүмүүсийн нүүрийг харж чадахгүй гэмшиж байгаа. Хохирогчийг эмнэлэгт байх хугацаанд Л.С-ын аав нь хохирогчийн малыг харж нааш цааш тусалж байсан. Мөн аймагт хохирогчийг эмчлүүлээд хэвтэж байхад Л.С-ын аав ирж уулзаж байсан. Сумд буяны үйл явдалд оролцож байсан. Л.С-ын тухайд өөрийнхөө өмнөөс аавыгаа явуулж уулзаж байсан. Үүнээс хойш хохирогчийн эхнэр болон ээжид нь аль болохоор тусалж дэмжиж явна гэдгээ хэлсэн. Л.С-ын тухайд дуу цөөтэй хүүхэд гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан тодорхойлолтоос харагдаж байгаа. Ээж нь хоёр бага дүүтэй нь сумын төв дээр байдаг. Аав нь ганцаараа хөдөө малаа малладаг байсан учир Л.С 2018 онд 10 жилийн сургуулиа төгсөөд мал дээр гарсан. С аавдаа туслах гэж хөдөө гараад жил хүрээгүй хугацааны дараа цэргийн албанд татагдсан. 2019 оны 05 дугаар сард цэрэгт татагдаад 2020 оны 05 дугаар сард цэргээс халагдаж  ирээд 10 хоног гэртээ байх хугацаанд энэ  харамсалтай хэрэг гарсан. Энэ байдалд маш их харамсаж байгаа. Хохирогчийн хохирлыг чадах хэмжээгээр төлж барагдуулна  гэдэг. Энэ жилийн тухайд мал нь тарга тэвээрэг аваагүй учир зарж борлуулсан малын мөнгөө шилжүүлж байсан. Хохиролд нь мал өгье гэдгийг хохирогчийн эхнэртэй яриад мал өгсөн. Тэгэхэд танай мал туранхай эцэнхий байна гээд 40 мал авсан. Малаа онд оруулаад хохирлоо төлнө гэдэг байдлаар хохирогчийн эхнэртэй ярьсан байдаг. Л.С-ын тухайд ээж аавынхаа өдийг хүртэл өсгөсөн малаар нь хохирол төлөхгүй. Өөрийн биеэр хүний малыг хөлсөөр хариулаад тэр хүнээс бэлэн мөнгө авахаар яриад тэр мөнгөө хохиролдоо төлнө гэж ярьсан байгаа. Ар гэрийнхний хувьд ч гэсэн хохирлыг төлж барагдуулна гэдэг. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруу дээр маргах зүйлгүй гээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын шатнаас эхлээд шүүхийн хэлэлцүүлэг хүртэл үнэн зөвөөр мэдүүлэг өгч ирсэн. Гэм буруу дээр маргахгүй. Хохирлын тал дээр хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас Л.С-ын талаас ярих зүйл байхгүй. Хохирлыг төлж барагдуулна гэдэг. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15.2 дугаар зүйлд заасан шүүгч прокурор мөрдөгч хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэт бодит байдлаас хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан байгаа. Ийм учраас хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хянаж үзэж шүүхээс тогтоосон хохирлыг тэр хэмжээгээр нь төлнө гэв.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Л.С-ыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Л.С нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн нутаг дэвсгэр Дэрстэй гэх газар шороон зам дээр улсын дугааргүй, Мустанг-5 нэртэй, улаан өнгийн мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй), б-д тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ”, 3.4-ийн в-д заасан “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч М.Баасанбатын биед гавал тархины битүү гэмтэл үүсгэн амь насыг хохироосон болох нь шинжээчийн 47 дугаартай дүгнэлт, Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 40 дугаартай дүгнэлт, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.О, гэрч С.Б, А.П, Д.А, Т.А, Л.Г нарын мэдүүлэг, Л.С-ын жолоочийн лавлагаа, Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургиин үзүүлэлтүүд, 2156,           126 дугаартай өвчний түүх яаралтаи тусламжийн хуудас, 0000224878 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар,  шүүгдэгч Л.С-ын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримт нь  Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх үндэслэлтэй байна.

 

Уг гэмт хэргийг шүүгдэгч Л.С үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Т.О гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 19.322.763 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

Шүүгдэгч Л.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлбөрт 2.800.000 төгрөгийг бэлнээр, 2.200.000 төгрөгийн мал өгч нийтдээ 5.000.000 төгрөгийг төлсөн. Хохирогчийн нийт нэхэмжилсэн 19.322.763 төгрөгөөс хохирол төлсөн 5.000.000 төгрөгийг хасвал 14.322.763 төгрөгийг шүүгдэгч Л.Сүхбатаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх  дүгнэлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Л.С нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Л.С-ын үйлдэл нь гурваас таван жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчилсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг  байх тул гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан “тэнсэж, албадлагын арга хэмжээ авахуулах” тухай өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Иймээс шүүгдэгч Л.С-д ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 5.000.000 төгрөг төлсөн, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасныг журамлан шүүгдэгч Л.С-д оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Л.С-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт мөрдөгчийн тогтоолоор хураан авсан Мустанг-5 нэртэй улаан өнгийн мотоцикльд мөрдөн  шалгах ажиллагааны явцад үнэлгээ тогтоогоогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж шийдвэрлэх боломжгүй байх тул шүүгдэгчид буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, шүүгдэгч Л.С нь хохирогчид 5.000.000 /таван сая/ төгрөг төлсөн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д овогт Л-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Шүүгдэгч Л.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1. 2, 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасныг журамлан шүүгдэгч Л.С-д оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.С-аас 14.322.763/арван дөрвөн сая гурван зуун хорин хоёр мянга долоон зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Т.О-т олгосугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хураан авсан Мустанг-5 нэртэй улаан өнгийн мотоциклыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.С-д буцаан олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, шүүгдэгч Л.С нь хохирогчид 5.000.000 /таван сая/ төгрөг төлсөн зэргийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА