Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/01393

 

Б.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00360 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1040 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Ц-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Н Э” ХХК-д холбогдох,

Гэрээнээс татгалзсантай холбоотой төлөх төлбөр болон хохиролд нийт 160 276 843 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Өлзий-Оршихын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагчтай гэрээнээс татгалзах тухай хэлцэл гэх 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17/06 тоот гэрээг байгуулж, орон сууцны барилгын ажил захиалгаар гүйцэтгэх тухай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр А/57 тоот гэрээний дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 138 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний дотор буцаан авахаар тохирсон. Гэтэл хариуцагч эргүүлэн төлөөгүй тул дараах төлбөрүүдийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Үүнд дээрх гэрээний 2.2-т зааснаар урьдчилгаанд төлсөн 138 000 000 төгрөгийг гаргуулах, 2.3 дахь хэсэгт зааснаар алдангийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээ хоног тутамд 138 000 төгрөгийг нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 95 хоногт тооцож 13 110 000 төгрөг, 2.5 дахь хэсэг болон Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар учирсан хохиролд “Андерсон энд Андерсон” ХХН-өөс хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн зардалд төлсөн 450 ам.доллар буюу 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ханш 2437,41 төгрөгөөр тооцож 1 096 834 төгрөг, өмгөөллийн “И Эл Си” ХХН-д хуульчийн ажлын хөлс 5 000 000 төгрөг, олох байсан орлогыг арилжааны банкны хугацаагүй хадгаламжийн жилийн хүү 7,2 хувиар 95 хоногт тооцон 2 470 000 төгрөг, нийт 160 276 843 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

“Н Э” ХХК нь Б.Ц-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас талууд тохиролцон гэрээнээс татгалзсан төлбөр болон 49 хоногийн алдангийн төлбөрт 144 762 000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөх нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь хугацаагүй хадгаламжийн хүүгийн хэмжээгээр орлого зайлшгүй олох байсан нь тогтоогдохгүй, өмгөөлөгч авах эсэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг түүний төлөөлөгч Д.Батзориг нэмэгдүүлэх эрхгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00360 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205.1, 227.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Н Э” ХХК-иас 153 732 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц-т олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 544 843 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 959 334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н Э” ХХК-иас 926 610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1040 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00360 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн” гэсний дараа “205 дугаар зүйлийн” гэж, “205.1,” гэсний дараа “227 дугаар зүйлийн” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 156 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17/06 тоот хэлцлийн 2.3-т заасны дагуу алдангийн хэмжээг 50 хоногоор тооцож, 6 900 000 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн. Харин хариуцагчаас гаргасан хариу тайлбартай танилцсаны үндсэн дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж алдангийн төлбөрт 13 100 000 төгрөг, олох ёстой байсан орлогод 2 470 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа алдангийн төлбөрт 6 900 000 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр алдангийн хэмжээг 95 хоногийн хугацаанд тооцож, 6 210 000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн бөгөөд алдангийн төлбөрт нийт 13 110 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Анхан шатны шүүхийн зүгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг үндэслэн апдангийн төлбөрт 13 110 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

...Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №17/06 тоот хэлцэлд заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр алдангийг 50 хоногоор тооцож 6 900 000 төгрөгийг алдангийн төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн ба ийнхүү нэхэмжилснээр буюу гомдлын шаардлага гаргаснаар алданги зогсох юм. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаснаар хойшхи хугацаанд буюу 45 хоногийн алдангид 6 210 000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. ...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан ба хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд гэрээнд анз төлөхөөр харилцан тохиролцоогүй тохиолдолд л хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл талууд гэрээгээр анз тохиролцсон тохиолдолд учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхгүй бөгөөд нэгэнт гэрээгээр анз тохиролцсон учир тохиролцож буй анз нь үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг барагдуулах зорилготой ба үүрэг гүйцэтгүүлэгч нь алдангиар дамжуулан өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлж буй явдал юм.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлогод 2 622 000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, 8 832 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний техникийн шинжтэй залруулга хийсэн нь зөв болжээ.

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч “Н Э” ХХК-иас орон сууц захиалгын гэрээнээс татгалзсаны эрх зүйн үр дагаврыг арилгуулахаар 152 896 843 төгрөг гаргуулахыг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлж, нэхэмжлэлийн үнийн дүнг 160 276 843 төгрөг болгон өөрчилжээ. Нэхэмжлэлийн үндэслэлд орон сууцны захиалгын гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 138 000 000 төгрөгийг буцаан авах, төлбөрийг буцаан төлөхийг хариуцагчаас хүлээн зөвшөөрч хэлцэл хийснээс хойшхи 95 хоногийн алдангид 13 110 000 төгрөг тооцох, арилжааны банкны хугацаагүй хадгаламжийн жилийн хүү 7,2 хувиар 95 хоногт тооцон 2 470 000 төгрөгийг олох байсан орлогоор, тухайн асуудлаар хууль зүйн туслалцаа авахад зарцуулсан 6 096 834 төгрөгийг эд хөрөнгийн алдагдлаар тус тус тооцох шаардлагуудыг тусгажээ. Дээрх шаардлага нь нийт 159 676 834 төгрөгийн үнийн дүнтэй байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийг 160 276 843 гэж тодорхойлсон байна.

Хариуцагч “Н Э” ХХК нь нэхэмжлэгчийн анхны шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхийг шүүхээс хүссэн боловч нэхэмжлэгч шаардлагынхаа үнийн дүнг нэмэгдүүлснээс хойш талуудын хэлцлээс тохирсон гэрээнээс татгалзсаны төлбөр 138 000 000 төгрөгийг 49 хоногийн алдангитай хамт нийт 144 762 000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч “Н Э” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулж, гэрээнд заасан урьдчилгаа төлбөрт 138 000 000 төгрөг төлсөн боловч ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүй байна. Орон сууц захиалагч гэрээнээс татгалзаж, төлбөрөө буцаан авах хүсэлт гаргасны дагуу талууд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “гэрээнээс татгалзах тухай хэлцэл” нэртэй гэрээ байгуулж, хариуцагч “Н Э” ХХК дээрх 138 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх, төлбөрийг хугацаанд нь төлөхгүй бол хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги төлөх үүрэг хүлээжээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзсэн байна. Хоёр шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд хийсэн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал шаардлагаа нэмэгдүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1., 232.6.-д зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэдэг бөгөөд хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэдэг болно.

Үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тохиолдолд нэхэмжлэгч шаардлагаа хуульд заасан журмын дагуу нэмэгдүүлсэн нь хууль зөрчөөгүй байх ба шүүхэд нэхэмжлэл гарснаар алданги тооцох хугацаа зогсоно гэх хариуцагчийн гомдол үндэслэл муутай байна.

Гэрээний оролцогч талууд анзын талаар тохиролцоо хийснээр үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчийн хугацаа хожимдуулснаас өөрт учирч болзошгүй хохирлыг урьдчилан харгалзаж байгаа боловч энэ нь гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д зааснаар шаардах эрхийг нь хязгаарлах үндэслэл болохгүй.

Шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1040 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН