Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 114/2022/0005/З |
Дугаар | 221/МА2022/0593 |
Огноо | 2022-09-07 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2022/0593
2022.09.07-ны өдөр 221/МА2022/0593
“У” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж
Нэхэмжлэгч “У” ХХК
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: К.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 114/2022/0005/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “У” ХХК-иас шүүхэд хандан “Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлалтай 080100006 нэгж талбарын дугаартай, 103913 м.кв агуулахын зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг “У м п” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргахгүй байгаа Дархан-Уул аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 080100006 нэгж талбарын дугаартай, 103913 м.кв агуулахын зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг “У м п” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг тус тус баримтлан “Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлалтай 080100006 нэгж талбарын дугаартай, 103913 м.кв агуулахын зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг “У м п” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргахгүй байгаа Дархан-Уул аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 080100006 нэгж талбарын дугаартай, 103913 м.кв агуулахын зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг “У м п” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “У” ХХК-ийн өмгөөлөгч К.Ж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “У” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах 103913м2 талбайтай газар эзэмших эрхээ “У м п” ХХК-д шилжүүлэхээр 2021 оны 05 сарын 18-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх 01/2021 дугаарын гэрээг байгуулж нотариатаар батлуулсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч “У” ХХК Дархан-Уул аймгийн Засаг даргад 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 11/02 дугаар албан тоотоор Газрын тухай хуулийн 35.1.4, 38.4 дэх хэсэгт заасныг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай хүсэлтийг бичгээр гаргаж холбогдох баримтуудын хамт Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүлээлгэж өгсөн. Гэтэл Засаг даргаас хуульд заасан ажлын 15 хоногийн дотор хүсэлтийг шийдвэрлэх гэж заасан ч ямар нэгэн хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан.
3.2. Ийнхүү 2022 оны 01 сарын 17-ны өдөр гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор буюу 2022 оны 02 сарын 05-ны дотор шийдвэрлэх ёстой боловч шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан тул манай зүгээс “Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлалтай 080100006 нэгж талбарын дугаартай, 103913м2 агуулахын зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг “У м п” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргаагүй байгаа Дархан-Уул аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 080100006 нэгж талбарын дугаартай, 103913м2 агуулахын зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг “У м п” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
4. Шүүхийн шийдвэрийн үндэслэл: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5. Гомдлын үндэслэл:
5.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “У” ХХК нь дээрх гэрээний дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 11/02 дугаар албан тоотоор аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус гаргаж байсан бөгөөд аймгийн Засаг даргаас 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар Д.Б-нд цохолт хийж шилжүүлснээр, “У” ХХК-д 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 118 дугаар албан бичгээр .... хариуг өгч, хүргүүлснийг хүлээн авсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, нотлох баримтуудаар тогтоогдож байх тул “У” ХХК-ийн газар эзэмших эрхийн 0174768 дугаар гэрчилгээтэй 103,919 мкв талбайтай газрын эзэмших эрхийг “У м п” ХХК-д шилжүүлэх шийдвэрийг гаргахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ” гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй.
5.2. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж зааснаас үзвэл манай хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйд хамаарч байхад анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.
5.3. Шүүхийн шийдвэрт дурьдагдсан тус албан бичгээр өгсөн хариу нь шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг үүссэнээс хойш захиргааны байгууллага шийдвэрлэж өгсөн хариу. Эс үйлдэхүй нь татгалзсан шийдвэр болон огт шийдвэрлээгүй эс үйлдэхүйгээр илэрдэг бөгөөд манай тохиолдолд нэхэмжлэл гаргах үед зааснаар 15 хоногийн дотор захиргааны байгууллагаас шийдвэрлэж хариу өгсөн зүйлгүй байсан.
5.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад “Захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд ... шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах...” гэж нэхэмжлэлийн төрлийг тодорхойлсон байдаг бөгөөд үүний дагуу нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс эс үйлдэхүй гэж үзэхгүй, хүсэлтийг шийдвэрлэх хариу өгсөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
6. Шүүхийн шийдвэрийн 2 дахь үндэслэлийн хувьд Газрын тухай хуулийн 38.1, 44.5-д заасантай нийцээгүй гэж үзэж даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Үндэслэл нь гадаадын хөрөнгө оруулалттай этгээдэд газар эзэмших олгох боломжгүй гэж тайлбарлажээ. Манайх анх 2004 онд газар эзэмших эрх авахдаа захиргааны байгууллагад хандаж өргөдөл гарган захиргааны байгууллагын шийдвэрийн дагуу газар эзэмших эрхтэй болсон. Гэтэл үүнд нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.
6.1. Нэгэнт захиргааны байгууллагаас газар эзэмших эрх олгосон тул нэхэмжлэгчийн зүгээс тухайн газарт хөрөнгө оруулж олон ажил төлөвлөж эзэмших эрхтэй гэж итгэж байсан. Гэтэл газар эзэмших эрх олгосноос хойш 18 жилийн дараа захиргааны байгууллага буруу шийдвэр гаргасан тул танай газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжгүй гэж байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан итгэл хамгаалах зарчимд нийцэхгүй. 2004 онд олгосон шийдвэрээс үүдэн нэхэмжлэгчид хууль ёсны эрх ашиг сонирхол үүссэн. Бидний зүгээс нэгэнт цаашид газар эзэмших боломжгүй тул хуульд нийцүүлж Газрын туххай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно” гэж зааснаар хүсэлтээ гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 38.3-т “эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухай шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна: .... 38.3.3-д “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” гэж заасныг зөрчсөн гэжээ.
6.2. Гэтэл энэ газар эзэмших эрхийг олгосон нь захиргааны байгууллага бөгөөд үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. Улсын дээд шүүхийн Газрын тухай хуулиар газар эзэмших, ашиглах эрхгүй этгээд эзэмшиж, ашиглаж байгаа боловч тухайн үед захиргааны байгууллагаас тодорхой шийдвэр гаргаж газар олгохоор амласнаас болж эрх ашиг сонирхол үүссэн бол үүнд тухай этгээдийг буруутгахгүй бөгөөд хууль ёсны эрх ашиг сонирхол үүссэн гэж үзэж иргэнийг хамгаалсан шийдвэр гарсан тохиолдолд байна. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг зөвхөн иргэн, аж ахуй нэгжид тусгай зориулалтаар олгодог боловч иргэн хашаагаа барьж гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглах боломжгүй боловч захиргааны байгууллагаас хуулиар тухайн иргэнд газар олгох боломжгүй боловч газрыг ашиглуулах шийдвэр гаргуулах талаар мэдэгдсэн гэдгээр тухайн иргэнд хууль ёсны эрх ашиг сонирхол үүссэн гэж үзэж түүний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг иргэн эзэмшиж байгааг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн байдаг.
6.3. Манай тохиолдолд дээрх тохиолдолтой ижил нөхцөл байдал үүссэн бөгөөд захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид газар эзэмших эрх олгосон нь захиргааны байгууллагын өөрийн үйл ажиллагааны шийдвэрийн үр дүн бөгөөд үүнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй тул Газрын тухай хуулийн 38.3.3, 38.1, 44.5-д заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Нэгэнт хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 38.3.3-т заасан шаардлага хангасан гэж үзэх бөгөөд үүнд зөрчил байхгүй тул газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргах нь хуульд нийцнэ. Иймд шүүхийн шийдвэрийн 2 дахь дүгнэлт үндэслэлгүй тул даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй.
7. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” Мөн тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн.
7.1. “У” ХХК нь маргаан бүхий газрыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2004 оны 03 сарын 12-ний өдрийн 88 дугаар захирамжаар Дархан сумын 3 дугаар багийн 0801000069 нэжг талбарын дугаартай 103913 м.кв агуулахын зориулалтай газрыг 20 жилийн хугацааатайгаар эзэмшүүлэхээр аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 01744768 дугаарын гэрчилгээг 2010 оын 12 сарын 13-ны өдөр олгож, иргэн хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээг 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 20 жилийн хугацаатайгаар байгуулсан байдаг. Ийнхүү тус хуулийн этгээд нь хэд хэдэн газар эзэмших гэрчилгээг авсан байх бөгөөд тус жилүүдэд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан Газар эзэмшигчийн эрх эдэлж үүрэг хүлээх субъект гэсэн хууль ёсны итгэлийг олж авч эзэмших эрхээ хэрэгжүүлж байсан. Гэтэл эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт гаргахад эрх бүхий захиргааны байгууллагаас хуульд заасан хугацаанд ямар нэгэн хариу өгөөгүй мөртлөө энэ тухай шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг үүссэн өдөр буюу 2022 оны 03 сарын 07-ны өдөр газар эзэмших эрхгүй тул ашиглах эрх болгож өөрчилсөн гэж хариу мэдэгдэж байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны итгэлийг эвдсэн шийдвэр болсон.
8. Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 08 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “У” ХХК-иас “Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлалтай 080100006 нэгж талбарын дугаартай, 103913 м.кв агуулахын зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг “У м п” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргахгүй байгаа Дархан-Уул аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 080100006 нэгж талбарын дугаартай, 103913 м.кв агуулахын зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг “У м п” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна.
3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч “У” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаар захирамжаар Дархан сумын 3 дугаар багийн Тосгонд байрлалтай 080100006 нэгж талбарын дугаартай, 112,383.5 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 0008012 дугаарын гэрчилгээг 2004 онд, мөн 080100006 нэгж талбарын дугаартай 103,913 м.кв агуулахын зориулалттай газар эзэмших эрхийн 0174768 дугаарын гэрчилгээг 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр олгож, нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх гэрээг 2024 он 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 20 жилийн хугацаатайгаар байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч “У” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах 103,913 м.кв талбайтай газар эзэмших эрхээ “У м п” ХХК-д шилжүүлэхээр 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх 01/2021 дугаарын гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулж, улмаар нэхэмжлэгч “У” ХХК нь дээрх гэрээний дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11/02 дугаар албан бичгээр, аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус гаргажээ.
4. Анхан шатны шүүхээс “... аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар Д.Б-нд цохолт хийж шилжүүлсэн гэх албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 118 дугаар албан бичгийг” үндэслэн нэхэмжлэгч “У” ХХК-ийн газар эзэмших эрхийг “У м п” ХХК-д шилжүүлэх шийдвэрийг гаргахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлтэй. Шүүх тухайн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх бөгөөд өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “... хуулийн хугацаанд шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйд хамаарч байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй” гэх гомдлоор нэхэмжлэлийг бүхэлд хангаж, шүүхийн шийдвэрийг үгүйсгэх боломжгүй.
5. Учир нь нэхэмжлэгч “У” ХХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-д “... Д.Н 25%, Д.Мө 25%, Орион Ресорсиз Лимитед 50% гэж тэмдэглэсэн, хуулийн этгээдийн лавлагаагаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болох нь тогтоогдсоноос үзвэл, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг” гэж заасанд хамаарчээ. Энэ талаар анхан шатны шүүхээс “хуулийн энэхүү тодорхойлолтоос үзвэл гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдан бүртгэгдсэн Монгол Улсын аж ахуйн нэгж юм” гэж хуулийг зөв тайлбарлан тодорхойлсон байна.
6. Энэхүү маргааны хувьд “У” ХХК газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт гаргасан нь тэрээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрхийг хэрэгжүүлсэн гэх боловч тэрээр гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болох нь тогтоогдсон байх тул мөн хуулийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасныг хэрэгжүүлэх боломжгүй.
7. Тодруулбал, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, үүнийг шийдвэрлэх журмыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зохицуулсны дагуу хүсэлтийг шилжүүлэгч, шилжүүлэн авагч талын аль аль нь гаргах ба хүсэлтэд нотариатаар баталгаажуулсан гэрээг, шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн зөвшөөрсөн нотолгоог, газрын татвар, хураамж төлсөн баримт зэргийг хавсаргахаар заасан, хүсэлтийг хүлээж авсан Засаг дарга нь эхний ээлжинд хүсэлтийг бүрдлийн талаас нь хуулийн шаардлагад нийцүүлэн хянаж, улмаар тодруулах ажиллагааг хийсний үндсэн дээр шийдвэрлэх үүрэгтэй тул Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д заасны дагуу нэхэмжлэгч нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж учир газар түүнийг бусад хуулийн этгээдтэй эзэмших эрхийн гэрээ байгуулж, журмын дагуу шилжүүлэх эрхтэй гэж үзэхээргүй байна.
8. Мөн хариуцагч аймгийн Засаг даргаас “У” ХХК, “У м п” ХХК нарын дан ганц газар эзэмших эрх шилжүүлэх 01/2021 дугаар гэрээний үндсэн дээр маргаан бүхий газрыг эзэмших эрхийг шилжүүлэх эрхгүйгээс гадна Газрын тухай хуулийн агуулгаар ашиглах эрхийг авсан нэхэмжлэгч хуулийн этгээд нь уг эрхээ бусдад шилжүүлэх боломжгүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... /15 өдрийн дотор/ хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй”-г аймгийн Засаг даргаас гаргасан” гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, хуульд эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргахаар хуульчилсан ч өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн гадаадын хөрөнгө оруулалттай нэхэмжлэгчийн хүсэлтэд үндэслэн газрыг бусдад шилжүүлэх үүргийг аймгийн Засаг даргаас хүлээгээгүй тул түүнийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй.
9. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “У” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН