Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 701

 

Б.Амаржаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00230 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Амаржаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Тулгамастер” ХХК, Э.Байгаль нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 165 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Баасансүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Содончимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э.Байгальд 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 3 500 000 төгрөгийг бэлнээр зээлүүлсэн.

Зээлээ буцаан төлөхгүй байсан тул 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажил дээр нь очиход 2016 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцож, 1 665 000 төгрөг нэмж зээлээд нийт 10 165 000 төгрөг бэлнээр зээлэн авч, хугацаандаа төлөөгүй тохиолдолд сарын 7 хувийн хүү төлөхөөр цаашид тохиролцож, гэрээ хийсэн.

Хариуцагч Э.Байгалиас зээл 8 500 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 750 000 төгрөг, “Тулгамастер” ХХК-иас зээл 1 665 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 171 178 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тулгамастер” ХХК нь Б.Амаржаргалаас 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 3 500 000 төгрөг, 2016 оны 02 сарын 02-ны өдөр 1 665 000 төгрөг зээлсэн асуудал байхгүй. Түүний эхнэр н.Туултай холбоотой асуудал байсан.

Эхнэр н.Туул Б.Амаржаргалаас мөнгө зээлээд төлбөрийг төлж бүрэн барагдуулсан.

Э.Байгальд 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 3 500 000 төгрөгийг өгөөгүй. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүрэг үүсээгүй гэж үзэж байна. “Тулгамастер” ХХК-иас 1 665 000 төгрөг, хүү 171 178 төгрөг нэхэмжлэх эрхгүй. Зээлийн гэрээний үүрэг үүсээгүй.

Нэхэмжлэгч 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дарамталж байгаад 10 165 000 төгрөг төлнө гэж бичүүлж авсан. Энэ нь зээл авсан гэсэн баримт биш. Тохиролцооны бичгийг хүч хэрэглэж бичүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Байгалиас 6 265 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Амаржаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 985 000 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч “Тулгамастер” ХХК-иас 1 836 178 төгрөг гаргуулах Б.Амаржаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Байгалиас улсын тэмдэгтийн хураамжид 115 190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна.

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...нэхэмжлэгч Б.Амаржаргал талуудын хооронд байгуулсан дээрх тохиролцооны бичгийг үндэслэн хүүгийн төлбөрт 1 750 000 төгрөг шаардах эрхгүй байх тул хэрэгсэхгүй болгох үндэстэй" гэжээ. Шүүх хариуцагч Э.Байгаль зээлийн гэрээний үүрэгт 8 500 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн боловч тус хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж хүүгийн төлбөр 1 750 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Хариуцагч нь 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 5 000 000, 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 3 500 000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан ба буцаан төлөх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас талууд 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ үйлдэж, дээрх 8 500 000 төгрөг дээр нэмж 1 665 000 төгрөг авч, нийт 10 165 000 төгрөг зээлэн авч гэрээ хийжээ. Энэхүү гэрээний дагуу зээлийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцон, хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд 1 сарын 7 хувийн хүү төлөхөөр тохиролцсон.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч анх 8 500 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй ба хожим зээлийн гэрээг баталгаажуулж, хугацаа тогтоож, хүү төлөхөөр тохирч гэрээг бичгээр үйлдсэн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү шаардах эрхтэй юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 245 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 400 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 245 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 420 000 төгрөгийг шилжүүлсэн дипозит дансны дэлгэрэнгүй хуулга нь банкны тамга тэмдэггүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хүүльд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. Иймд зээлийн төлбөрт шилжүүлсэн тооцоолол 2 235 000 төгрөг алдаатай байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг хасч тооцоолох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөгийн, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3 500 000 төгрөгийн, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1 665 000 төгрөгийн зээлийн гэрээ болон мөнгө төгрөг өгч, авалцсан нотлох баримт авагдаагүй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг болон нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байхад анхан шатны шүүх дээрх нотлох баримт байгаа мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай.

Анхан шатны шүүх нь хэргийн 5-д авагдсан баримтыг шүүхийн шийдвэр гаргах үндэслэлээ болгосон нь учир дутагдалтай хэмээн үзэж байна. Дээрхи бичигт авагдсанаар “...Э.Байгаль миний бие Б.Амаржаргалаас 10 165 000 төгрөгийг цаад талын хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 01-ний төлж барагдуулахаар тохиролцов. Хэрэв хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд сарын 7 хувийн хүүтэйгээр цаашид гэрээ хийж барагдуулна. Зөвшөөрсөн Э.Байгаль, 10 165 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн болно” гэсэн байна. Энэ бичигт Э.Байгаль болон Б.Амаржаргал нарын хооронд өмнө нь зээлийн харилцаа үүссэн мэтээр бичигдсэн боловч хэргийн 6, 7 дахь хуудсанд авагдсан Б.Амаржаргалын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганд авагдсанаар Б.Амаржаргал, н.Туул нарын хооронд мөнгө шилжүүлж байсан баримт байна. Анхан шатны шүүх нь Б.Амаржаргал, Э.Байгаль нарын хооронд хийгдсэн мөнгөний шилжүүлэгийг зээлээ төлж байсан мэтээр ойлгож шийдсэн нь үндэслэлгүй байна. Төлбөрт шилжүүлсэн 2 235 000 төгрөгийг Э.Байгаль нь Б.Амаржаргалд шилжүүлсэн мэтээр шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий шийдвэр болсонгүй гэж үзэхээр байна. Учир нь н.Туул гэдэг хүний Б.Амаржаргалд шилжүүлсэн мөнгөний үндэслэлийг шүүх мэдэхгүй хирнээ Э.Байгаль зээлийн төлбөрөө өгсөн гэдэг үнэлэлт дүгнэлт өгсөн нь буруу юм. Иймд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадсангүй.

Анхан шатны шүүх хурал дээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Э.Байгальд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 500 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 750 000 төгрөг, “Тулгамастер” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 665 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 171 178 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Хэдийгээр үнийн дүн зөрүүтэй биш боловч иргэн, хуулийн этгээдэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөж байгаа гэж ойлгож байгаа бөгөөд мөн иргэн, хуулийн этгээд талаасаа хариу тайлбар гаргах хуулийн хугацаа авах боломжийг шүүх хангаагүй болно.

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс хүсэхэд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хянуулж шийдвэрлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Амаржаргал нь хариуцагч “Тулгамастер” ХХК-д холбогдуулан 10 165 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

 

            Нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн ба уг нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх Э.Байгалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэгт 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гардуулан өгсөн нь буруу болжээ. Учир нь нэхэмжлэгч нь иргэн Э.Байгалийг хариуцагчаар тодорхойлоогүй байжээ.

 

            Анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Э.Байгалийг хариуцагчаар татан оролцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

            “Тулгамастер” ХХК нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ч.Содномчимэгт итгэмжлэл олгосон боловч шүүх Ч.Содончимэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь төлөөлөх эрх бүхий этгээдийн бичиг баримтад заагдсан нэр зөрүүтэй байгааг зөвтгүүлээгүй байна.

 

            Улмаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нар ямар хэмжээгээр үүрэг ногдуулж буй талаар тодруулсан /хх 36/ боловч иргэн Э.Байгальд холбогдох нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус байхад тодруулах ажиллагаа хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг зөрчжээ.

 

            Түүнчлэн нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагыг хариуцагч нарт гардуулж өгөөгүй, тайлбар аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан эсрэг талын гаргасан тайлбарт тайлбар гаргах зохигчдын эрхийг хангаагүйгээс мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчмыг зөрчжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн үндэслэлд хамаарна.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулан шийдвэрлэх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00230 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасансүрэнгээс төлсөн 63 910 төгрөг, хариуцагч Э.Байгалиас төлсөн 115 190 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.НАРАНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧИД                                                          Т.ТУЯА

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА