Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/98

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Х.Гүнжидмаа,

Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт А-ын Д-т холбогдох 2016000000104 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: А.Д нь 2020 оны 10 дугаар сарын 10- ны өдөр Говь-Аптай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Кайф караоке баранд А.Т-тай үл ялих зүйлээс болж маргалдан муудалцаж байхад салгах гэсэн Б.О-ийн толгойн тус газарт пивоны шилээр цохиж толгойн ар дагз хэсэгт шарх, духанд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. Би О гэдэг залууг пивоны шилээр цохисон нь үнэн. Гэм буруугаа хүлээж байна. Миний буруу гэв.

Хохирогч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Амтат зоог цайны газрын хажуу талын Кайф караокед орсон. Ширээн дээр нэг нэг пово уугаад сууж байтал гаднаас нэг хүн орж ирээд баруун хойд талын ширээн дээр сууж байсан хүнтэй маргалдсан. Тэгээд тэр 2 хүн хоорондоо барьцалдаад авахаар нь би салгах гэж дундуур нь орсон. Ширээн дээр сууж байсан ахыг цааш нь түлхээд зогсож байтал миний араас толгой дундуур цохиод авсан.Тэгээд би нөгөө ахыг түлхээд бид хоёр хамтдаа унасан. Босоод иртэл миний толгойноос цус гоожсон байсан. Би кайф караокеноос гараад явж байтал нөгөө ах ирээд эмнэлэг явж боолт хийлгэе гээд намайг дагуулж эмнэлэгрүү явсан. Манай найз Хосбаяр мөн явсан. Боолтоо хийлгүүлээд гэртээ харьсан. Эмнэлэгрүү дагуулж явж боолт хийлгүүлсэн хүнийг сүүлд А.Д гэдгийг мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 55-рт/

 

Гэрч А.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би кайф караокений үүдэн дээр зогсож байтал Д С ахыг тамхи гаргаад ир гээд байсан. Тэгэхээр нь би настай хүнийг боль гэж хэлээд түлхсэн. Тэгээд С ах кайфруу орчихсон. Намайг орох гэтэл Д миний нүд болон уруулруу нэг нэг удаа цохичихоод миний малгайтай цамцаар намайг боосон. Намайг тэр үед нэг танихгүй залуу цээжрүү 2 удаа өшиглөөд авсан. Тэгээд би Д-ийн гарыг тавиулаад кайф караокеруу орсон. Тэгээд текний тэнд нүдээ дараад зогсож байтал Д араас ороод ирэхээр нь чи яахаараа намайг цохидог юм гээд гараараа түлхтэл сандал тулаад унасан. Тэгээд надруу буцаад дайрсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-рт/

Гэрч Д.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Т гаднаас нүдээ дараад ороод ирэхээр нь яасан юу болов гэтэл гаднаас Д орж ирэхэд Т чи яахаараа хүн цохидог юм гээд хоорондоо барьцалдаад авсан чинь дундуур нь нэг танихгүй залуу ороод салгах гэтэл Дамбий пивоны шилээр салгах гэж байсан залуугийн ар талаас нь толгойруу нь цохьчихсон. Би Т-ыг арын өрөөнд оруулаад Д-г чи хүний толгойруу цохьчихлоо гэж хэлсэн чинь нөгөө залуугаа дагуулаад гараад явсан. Гараад хартал доошоо эмнэлэгийн чигтээ явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-рт/

 

Гэрч Э.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би нолийн өрөө цэвэрлэж байгаад гараад иртэл зодоон болсон шинжтэй жижгэртэр залуугийн толгойноос нь цус гарсан байхаар нь цусаа угаачих гэсэн чинь Д гэж дуудаад байсан залуу нь дагуулаад гарсан... гэх мэдүүлэг/хх-ийн 16-17-рт/

 

Гэрч Г.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 10-ны орой О бид хоёр үсээ засуулчихаад Кайф караоке ороод ганц цаг дуулъя гээд тэнд очоод нэг нэг пиво авсан. Цаг дуусахаар нь явъя гэтэл О явахгүй гээд үлдсэн. Тэгээд намайг гэртээ очоод унтаж байтал О эмнэлэг дээр байна ирээд аваач гэхээр нь очиж аваад гэрт нь хүргэж өгсөн. Толгойгоо цагаан өнгийн зүйлээр боосон байсан. Толгой өвдөж байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-рт/

 

2020 оны 10 сарын 13-ны өдрийн хүний биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №357 дугаарт “...Иргэн Б.О-ийн биед толгойн ар дагз хэсэгт шарх, хамар, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Б.О-ийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй. Толгойн ар дагзанд үүссэн шарх гэмтэл нь сорви үлдэж эдгэнэ бусад гэмтэл нь бүрэн эдгэрнэ... гэх дүгнэлт /хх-ийн 29-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэвэл шүүгдэгч А.Д нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Кайф караоке баранд А.Түвшинжаргалтай үл ялих зүйлээс болж маргалдан муудалцаж байхад салгах гэсэн Б.О-ийн толгойн тус газарт пивоны шилээр цохиж, толгойн ар дагз хэсэгт шарх, духанд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрхи үйл баримт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд шүүгдэгч  А.Д үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчын хүсэлтээр шинжлэн судлагдсан “хохирогч Б.О, гэрч А.Т, Д.Н, Э.С, Г.Х нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, 2020 оны 10 сарын 13-ны өдрийн хүний биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №357 дугаартай акт, шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Д-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчтой эвлэрсэн, хохирол төлбөргүй байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч А.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч А.Д-т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч А.Д-т гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыгхөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзлээ.

 

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах,   шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц овогт А-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Д-т оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч А.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА