| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0003/э |
| Дугаар | 2021/ШЦТ/03 |
| Огноо | 2021-01-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ц-ийн Г-т холбогдох 2016000450018 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Г нь согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн орчим Говь- Алтай аймаг, Есөнбулаг сум, Индэрт баг 8-67 тоотод оршин суух иргэн Х.Д+ийн монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж цагаан шар өнгийн хөөрөг 1 ширхэг, хөөргөний даалин 1 ширхэг, хонины мах 8 килограмм, банш 5 килограмм зэргийг хулгайлан авч 129.500 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр явж байгаад Индэрт 8-67 тоотод байдаг Д-н гэр рүү орж мах, банш авч гарсан. Авч явж байгаад Э-нд очиход цагдаа нар ирж авсан гэв.
Иргэн Х.Д-н гэрээс эд зүйл алдагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 4-7-рт/,
Ц.Г-г согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулсан талаарх тэмдэглэл / хх-ийн 13-рт/,
Гэрч Ц.Э-с хулгайд алдагдсан хөөргийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15-рт/
Хохирогч Х.Д-р гэрээс нь эд зүйл аваад гарч явсан хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-21-рт/
Хохирогч Х.Д-р хулгайд алдагдсан хөөрийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-24-рт/
Хулгайд алдагдсан хөөргийг хохирогч Х.Д-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ххи-йн 25-рт/
Хохирогч Х.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “...Гэртээ ирэхэд манай хашааны хойд талаар нэг эрэгтэй хүн шуудайтай юм үүрээд давах гэснээ намайг хараад хашаанаас буугаад надтай зөрөөд хашааны хаалгаар гараад явсан. Мөн тухайн үед манай зээ охин Нандинцэцэг нь дүүгээ тэврээд ирсэн байхаар нь хаашаа явахыг нь харж байгаарай гэж захиж үлдээгээд би гэр рүү ороход манай гэрийн үүдний амбаарын цоожийг эвдлээд манай гэр рүү орсон байх шиг байсан. Тэгээд би гэртээ ороод манай хөргөгч онгорхой байсан ба хөргөгчинд байсан банш алга байхаар нь би дунд хүү О руу залгаж хүрээд ир гэж хэлэхэд удалгүй О ирсэн. О-ыг ирэхээр нь Нандинцэцэгээс нөгөө эрэгтэй хаашаа явсан талаар асуухад манай арын хашаанд байх гэр рүү орсон гэж хэлэхээр нь би О-ын хамт тухайн гэрт орсон ...Манай гэрийн хоймрын дундах авдар дотроос миний өөрийн халтан манан хув толгойтой, төмөр халбагатай, бор өнгийн торгон даалинтай хөөрөг, мөн бор өнгийн торгон хажуу талаараа улаан өнгийн хоргой даалинтай, зэс халбагатай, улаан өнгийн хув толгойтой, шар өнгийн нуухтай, цагаан шар өнгийн шинэ цагийн хөөрөг, хөргөгчинд байсан тэмээний махан банш 8кг, хонины мах 5кг зэрэг алдагдсан байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 28-31-рт/
Гэрч Д.О-н мөрдөн байцаалтад өгсөн “...Манай аав Д над руу залгаад манай гэрт хулгай орсон байна. Хурдан хүрээд ир, нэг ууттай юм үүрээд зөрөөд гарчихлаа гэж хэлэхээр нь очсон ...аавтай хамт хойд талын хашаанд байх гэр рүү ороход гурван эрэгтэй хүн архи уусан байдалтай байсан бөгөөд аав нэг эрэгтэй хүнийг нь заагаад энэ юм үүрээд надтай зөрсөн гэж хэлэхээр нь тухайн эрэгтэйг гэрээс нь дагуулаад гарахад цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 38-рт/
Гэрч Д.А-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Аавд улаан хүрэн өнгийн торгон, хажуу талаараа улаан өнгийн хоргой даалинтай, цагаан шар алаг өнгөтэй, хув улаан толгойтой, шармал нуухтай, шинэ цагийн хөөрөг болон бор өнгийн торгон даалинтай энгийн манан хөөрөг байдаг юм" гэх мэдүүлэг /хх-ийн 41-рт/
Гэрч Б.У-н мөрдөн байцаалтад өгсөн“...Намайг Э ахын гэрт ороход Э ах гэрийнхээ хоймрын орон дээр унтаж байсан. Харин Г тогоон дээрээ хоол хийгээд байж байх шиг байсан ба би гэрээс гараад бие засах гээд байж байтал машинтай хүмүүс ирээд мэнд мэдсэн ба нэг таяг тулсан хөгшин наадах чинь биш гэж хэлээд Э ахын гэр рүү ороод тэр таяг тулсан хөгшин энэ сууж байна гээд Г-г заасан юм. Тэгээд машинтай ирсэн хүмүүсийн нэг нь цагдаад дуудлага өгсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-рт/
Гэрч Ц.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 02 сарын 13-ны өдөр намайг гэртээ байж байхад Оончиг буюу Г нь цагаан өнгийн шуудайтай эд зүйл бариад ороод ирсэн. Тэгээд надад Г нь хүрэн улаан өнгийн торгон, хажуу талаараа хоргой даалинтай цагаан шаргал өнгийн хөөрөг өгсөн юм ...Оончиг нь манай урд хашааны Д гуайн гэрээс хулгай хийсэн байсан. Тэгээд би Оончигийн өгсөн даалинтай хөөргийг өгөхөөр ирлээ” гэх мэдүүлэг /хх-ийн 43-рт/
“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн ТХҮ-820-19 дугаартай эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан / хх-ийн 53-54-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ц.Г нь согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн орчим Говь- Алтай аймаг, Есөнбулаг сум, Индэрт баг 8-67 тоотод оршин суух иргэн Х.Д-н монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж цагаан шар өнгийн хөөрөг 1 ширхэг, хөөргөний даалин 1 ширхэг, хонины мах 8 килограмм, банш 5 килограмм зэргийг хулгайлан авч 129.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын өмчлөх эрхэнд халдсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэгдэнэ.
Уг гэмт хэргийг шүүгдэгч Ц.Г үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судлагдсан “хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулсан талаарх тэмдэглэл, хулгайд алдагдсан хөөргийг хүлээн авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөөргийг хохирогч Х.Д-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч Х.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Д.О, Д.А, Б.У, Ц.Э нарын мэдүүлэг, шүүгдэгч Ц.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогчийн хавтаст хэрэгт хавсаргасан баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Ц.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь “2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулахаар заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар хуульчилсан байна.
Шүүгдэгч Ц.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Г гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Ц.Г-н урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, тус шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 36А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Сум дундын 5-р шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсныг түүний хувийн байдалд тооцон ял оногдуулахад харгалзан үзлээ.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Ц-ийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Г-т 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Ц.Г-т оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Г-ыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА