| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 167/2021/0015/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/13 |
| Огноо | 2021-01-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунжаргал,
улсын яллагч Э.Ариунболд,
хохирогч, иргэний нэхэмжлэгч О.С-Э,
иргэний нэхэмжлэгч “ЖТК” ББСБ-ыг төлөөлж М.Цэнд-Очир /Улаанбаатар хотоос цахимаар/,
шүүгдэгч Х.Ө-О, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н баян овогт Х-ийн Ө-О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019001880122 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, 9-22 насны дөрвөн хүүхдийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 3 дугаар баг Амар гудамжны 2-1 тоотод оршин суух, Н баян овогт Х-ийн Ө-О /РД:ЕЛ76110603/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Х.Ө-О нь 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн өглөөний 8 цаг 30 минутын орчим Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр буюу сумын төвөөс 3км зайд босоо тэнхлэгийн А/0102 авто замд саарал өнгийн “Тоёота приус 20” маркийн 05-63УНЦ дугаартай суудлын тээврийн хэрэгсэл жолоодсон үедээ замын хажуу талын бетонон шонг мөргөж онхолдон зам тээврийн осол гаргаж, зорчигч М.Мгийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүгдэгч Х.Ө-О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Тухайн үед 76км/цагийн хурдтай явж байсан, Сайншандад очих цагаа тооцоолж явсан ба хянах самбар Даланжаргалан сум хоёрыг ээлжлэн харж явтал замын хажуу шороо хэсэг рүү гарах шиг болж шороо дуугарахаар нь машинаа зогсоож чадаагүй, замын хөвөөн дээр байсан хоёр бетонон шонг мөргөж зам дээр хоёр бүтэн эргэж онхолдсон, дугуй хагарсан байх гэж бодож байна.” гэв.
Хохирогч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “....2020 оны 7 дугаар сарын 03-ны оройн 22 цагийн орчим найз О.С-Э-ийн хамт Улаанбаатар хотын вокзал дээрээс эмэгтэй жолоочтой приус-20 маркийн автомашинд суусан. Хотоос гарахын өмнө дэлгүүрийн гадаа зогсохоор нь бид хоёр гурван лааз пиво аваад хоёрыг нь уучихаад унтсан. Би арын суудал дээр, манай найз урд суудал дээр суусан, би бүс зүүгээгүй. Унтаж байгаад сэрсэн чинь би зам дээр хэвтэж байсан, хүмүүс ирж түргэн дуудсан, Даланжаргалан сумын эмнэлэгт анхны тусламж аваад аймгийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Миний биед нурууны сэртэн, нэг хавирга, баруун хөлийн чигчий хуруу хугарч, дотор эрхтний зөөлөн эдийн гэмтэл авсан. Надад 1.133.000 төгрөгийн хохирол учирсан, гэхдээ шүүгдэгчийн ахуй амьдрал, биеийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзаад 1.000.000 төгрөг гаргуулахад татгалзахгүй.” гэв.
Иргэний нэхэмжлэгч О.С-Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...2020 оны 7 дугаар сарын 03-ны оройн 22 цагийн орчим найз О.С-Э-ийн хамт Улаанбаатар хотын вокзал дээрээс эмэгтэй жолоочтой приус-20 маркийн автомашинд суусан. Хотоос гарахын өмнө дэлгүүрийн гадаа зогсохоор нь бид хоёр гурван лааз пиво аваад хоёрыг нь уучихаад унтсан. Нэг мэдэхэд машин онхолдсон байсан, одоо биеийн байдал хэвийн болсон, эмчилгээ хийлгэхэд гарсан зардал ойролцоогоор 1.800.000 төгрөгийн хохирол учирсан, гэхдээ шүүгдэгчийн ахуй амьдрал, биеийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзаад 1.500.000 төгрөг гаргуулахад татгалзахгүй.” гэв.
Иргэний нэхэмжлэгч “ЖТК” ББСБ-ын төлөөлөгч М.Цэнд-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “ЖТК” ББСБ нь Х.Ө-Ооос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй байна, шаардах эрх нь байгаа тул иргэний журмаар жич нэхэмжилж болно. Харин одоо үнэлгээний байгууллагаар тогтоогдсон, барьцаа хөрөнгөд учирсан хохирол болох 8.109.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн
хохирогч М.М-гийн; “...Би 2020 оны 7 дугаар сарын 03-ны орой 22 цагийн орчим найз О.С-Э-ийн хамт Улаанбаатар хотын төмөр замын вокзал дээрээс...эмэгтэй жолоочтой приус-20 маркийн 05-63УНЦ улсын дугаартай автомашинд суугаад явсан...бид хоёр дэлгүүрээс гурван лааз пиво аваад замдаа хоёр лааз пиво уугаад хотоос гараад унтаад явж байхад нэг мэдэхэд машин онхолдчихсон, би машины цонхоор шидэгдээд зам дээр хэвтэж байсан, эргэн тойрноо харахад манай найз машинд, жолооч машины гадаа шидэгдсэн бололтой хэвтэж байсан, удалгүй машинтай хүмүүс ирж 103 дуудаж эмнэлэгт хүргэгдсэн. Зам тээврийн ослын улмаас миний зүүн талын 7, 8 дугаар хавирга хугарсан, нурууны дэлбээ хугарсан, дотор эрхтний зөөлөн эдийн гэмтэл авсан, одоо миний биеийн байдал гайгүй, сууж босоход нуруу хөшиж байгаа. Эмчилгээ хийлгэсэн зардал 1.133.000 төгрөг болсон, жолоочоос 1.500.000 төгрөгийг гаргуулан авмаар байна, надад ямар нэгэн төлбөр өгөөгүй.” гэсэн мэдүүлэг /хх-18-19/,
гэрч, яллагдагч Х.Ө-О-ын; “...Би 2020 оны 7 дугаар сарын 03-ны орой 22 цагийн орчим Улаанбаатар хотын вокзал дээрээс Замын-Үүд сум руу явах хоёр хүн олоод өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 05-63УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хоёр хүнийг тус бүрийг нь 25.000 төгрөгөөр тохирч аваад хотоос гарсан...жолоо барьж явсаар байгаад Говьсүмбэр аймгийн Баянтал суманд шөнө 2 цагийн орчим орж ирээд нойр хүрээд байхаар нь замын хажуу руу гарч машиндаа унтсан...үүрээр 4 цагийн орчим сэрээд цааш явахад Чойр орохын наад талд нүд анилдах шиг болохоор нь 30 орчим минут зогсож унтах гээд үзэхэд нойр хүрээгүй...цааш явж байхад Даланжаргалан сум харагдаж байсан, хянахаа харахад 76км/цагийн хурдтай явж байсан. Тэр үед Сайншандад очих цагаа тооцоолж явсан ба хянах самбар Даланжаргалан сум хоёрыг ээлжлэн харж явтал замын хажуу шороо хэсэг рүү гарах шиг болж шороо дуугарахаар нь машинаа зогсоож чадаагүй, замын хөвөөн дээр байсан хоёр бетонон шонг мөргөж зам дээр хоёр бүтэн эргэж онхолдсон...Тоёота приус-20 маркийн 05-63УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 9 дүгээр сард худалдан авахдаа “ЖТК” ББСБ-тай гэрээ хийж лизингээр авсан, одоо ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй...тээврийн хэрэгслийн даатгалтай...ослын улмаас миний аарцаг яс 3 хугарсан, зүүн талын хоёр хавирга хугарсан...чөмөгний толгой аяганаасаа гарсан гэмтэл авч хагалгаанд орсон...Би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй, орон нутаг хооронд хүн тээвэрлэх зөвшөөрөлгүй.” гэсэн мэдүүлэг /хх-20-24, 123-126/,
иргэний нэхэмжлэгч О.С-Э-ийн; “...2020 оны 7 дугаар сарын 03-ны орой 22 цагийн орчим найз М.М-гийн хамт Улаанбаатар хотын төмөр замын вокзал дээрээс...эмэгтэй жолоочтой приус-20 маркийн 05-63УНЦ улсын дугаартай автомашинд суугаад явсан...бид хоёр дэлгүүрээс гурван лааз пиво аваад замдаа хоёр лааз пиво уугаад хотоос гараад унтчихсан...Нэг мэдэхэд машин онхолдож би доошоо харсан байдалтай хамгаалах бүсэнд зүүгдээд сэрэхэд манай найз машины гадаа хэвтэж байхаар нь би бүсээ тайлж хойшоо мөлхөж машины арын цонхоор гарсан. Тэр үед жолооч машины урд мөн адил хэвтэж байхаар нь гарч тэр хоёрыг босгох гээд босох гэтэл би өөрөө босож чадаагүй. Тэгээд удалгүй машинтай хүмүүс ирж 103 дуудаж эмнэлэгт хүргэгдсэн. Ослын улмаас зүүн өвдөгний тойг цуурсан, баруун өвдөгний доор цус хурсан ба түүнийг зүсүүлсэн, зүүн гарын шуунд хоёр оёдол тавиулсан, уушги доргисон, нуруу мурийлттай болсон, толгой зулай хэсгээрээ хавдсан гэмтлүүд авсан, одоо миний биеийн байдал гайгүй, эмчилгээ хийлгэхэд гарсан зардал ойролцоогоор 1.500.000 төгрөг, цаашид 1.000.000 төгрөгийн эмчилгээ хийлгэх зардал гарах байх гэж бодож байна, нийт 2.500.000 төгрөг нэхэмжилж байна. Надад ямар нэгэн төлбөр өгөөгүй.” гэсэн мэдүүлэг /хх-14-15/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 02/0223 дугаартай шинжээч, эмч Э.Анхбаярын “...Х.Ө-О-ын биед зүүн сүүж яс, умдаг ясны хугарал, зүүн 9, 10 дугаар хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-26/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 02/0183 дугаартай шинжээч, эмч Э.Анхбаярын “...М.М-гийн биед бүсэлхийн 2, 3 дугаар нугалмын сэртэнгийн хугарал, зүүн хөлийн 5 дугаар хурууны хугарал, зүүн 8 дугаар хавирганы хугарал, зүүн тохойн шарх, зүүн гуяны шарх, хамар, хэвлий, бөөр, зоо нурууны зулгаралт, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан бүсэлхийн 2, 3 дугаар нугалмын сэртэнгийн хугарал, зүүн хөлийн 5 дугаар хурууны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Зүүн 8 дугаар хавирганы хугарал, зүүн тохойн шарх, зүүн гуяны шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба хамар, хэвлий, бөөр, зоо нурууны зулгаралт, цээжний цус хуралт гэмтэл нь тус журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-28-29/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 02/0184 дүгээр шинжээч, эмч Э.Анхбаярын “...О.С-Э-ийн биед зүүн шууны шарх, баруун, зүүн шуу, баруун, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо, зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-31-32/,
Зам тээврийн ослын талаарх “...жолооч Х.Ө-О Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан.” гэсэн магадлагаа /хх-33-34/,
Иргэн Б.Ганбаяраас өгсөн “...Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатараас Сайншанд чиглэлийн авто замд Тоёота приус-20 маркийн 05-63УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож зам тээврийн осол гарсан байна.” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-11/,
Х.Ө-О-ын Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт болон Даланжаргалан сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх, хэрэглэсэн эмийн хуудас, яаралтай тусламжийн хуудас /хх-37-58/,
Хохирогч О.С-Ээс гаргасан хохирлын баримтууд /хх-62-66/, мөн түүний Дорноговь аймгийн Даланжаргалан сумын эмнэлэгт эмчлүүлсэн талаарх “Яаралтай тусламжийн хуудас” /хх-67-68/, “Компьютерт томографийн оношлогоо” /хх-69-88/,
Хохирогч М.М-гаас гаргасан хохирлын баримтууд /хх-92-93/, мөн түүний Дорноговь аймгийн Даланжаргалан сумын эмнэлэгт эмчлүүлсэн талаарх “Яаралтай тусламжийн хуудас” /хх-94-95/, “Компьютерт томографийн оношлогоо” /хх-96-97, 102-109/, Амбулаториар эмчлүүлэгчийн карт /хх-98-101/, 05-63УНЦ улсын дугаартай Toyota prius маркийн автомашины техникийн тодорхойлолт /хх-111/,
Х.Ө-О-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-142/, “Лазер мед” эмнэлгийн Компьютерт томографийн шинжилгээ /хх-146-149/, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нарын бичсэн дүгнэлтүүд /хх-150-151, рентген зургууд /хх-152-158/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №8728/ДД№18514100 дугаартай “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 8.109.000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-159-161/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-162-165/,
2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 14 дугаартай техникийн шинжээч, Р.Пүрэвдагвын дүгнэлт /хх-166/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-168-171/,
“ЖТК” ББСБ болон Д.Мөнгөнсувд нарын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГХ 19/568 тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-172-174/, зээлийн эргэн төлөлтийн хуулга /хх-212/,
Х.Ө-О-ын өвчний түүх /хх-184-207/, мөн түүний хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай болохыг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-208/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Х.Ө-О нь 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн өглөөний 8 цаг 30 минутын орчим Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр буюу сумын төвөөс 3км зайд босоо тэнхлэгийн А/0102 авто замд саарал өнгийн “Тоёота приус 20” маркийн 05-63УНЦ дугаартай суудлын автомашин жолоодож яваад замын хажуу талын бетонон шон мөргөж онхолдон зам тээврийн осол гаргаж, зорчигч М.Мгийн биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь;
шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн; хохирогч М.М-гийн “....Би 2020 оны 7 дугаар сарын 03-ны оройн 22 цагийн орчим найз О.С-Э-ийн хамт Улаанбаатар хотын төмөр замын вокзал дээрээс...эмэгтэй жолоочтой приус-20 маркийн 05-63УНЦ улсын дугаартай автомашинд суугаад явсан...нэг мэдэхэд машин онхолдчихсон, би машины цонхоор шидэгдээд зам дээр хэвтэж байсан, эргэн тойрноо харахад манай найз машинд, жолооч машины гадаа шидэгдсэн бололтой хэвтэж байсан, удалгүй машинтай хүмүүс ирж 103 дуудаж эмнэлэгт хүргэгдсэн. Зам тээврийн ослын улмаас миний зүүн талын 7, 8 дугаар хавирга хугарсан, нурууны дэлбээ хугарсан, дотор эрхтний зөөлөн эдийн гэмтэл авсан.” гэсэн,
иргэний нэхэмжлэгч О.С-Э-ийн “...найз М.М-гийн хамт Улаанбаатар хотын төмөр замын вокзал дээрээс...эмэгтэй жолоочтой приус-20 маркийн 05-63УНЦ улсын дугаартай автомашинд суугаад явсан...Нэг мэдэхэд машин онхолдож би доошоо харсан байдалтай хамгаалах бүсэнд зүүгдээд сэрэхэд манай найз машины гадаа хэвтэж байхаар нь би бүсээ тайлж хойшоо мөлхөж машины арын цонхоор гарсан. Тэр үед жолооч машины урд мөн адил хэвтэж байхаар нь гарч тэр хоёрыг босгох гээд босох гэтэл би өөрөө босож чадаагүй. Тэгээд удалгүй машинтай хүмүүс ирж 103 дуудаж эмнэлэгт хүргэгдсэн. Ослын улмаас зүүн өвдөгний тойг цуурсан, баруун өвдөгний доор цус хурсан ба түүнийг зүсүүлсэн, зүүн гарын шуунд хоёр оёдол тавиулсан, уушги доргисон, нуруу мурийлттай болсон, толгой зулай хэсгээрээ хавдсан гэмтлүүд авсан.” гэсэн мэдүүлгүүд болон
Зам тээврийн ослын талаарх “...жолооч Х.Ө-О Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан.” гэсэн магадлагаа,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Э.Анхбаярын 02/0223, 02/0183, 02/0184 дугаар дүгнэлтүүд, иргэн Б.Ганбаярын өгсөн “...Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатараас Сайншанд чиглэлийн авто замд Тоёота приус-20 маркийн 05-63УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож зам тээврийн осол гарсан байна.” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 05-63УНЦ улсын дугаартай Toyota prius маркийн автомашины техникийн тодорхойлолт, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн №8728/ДД№18514100 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, техникийн шинжээч, Р.Пүрэвдагвын дүгнэлт,
Х.Ө-О, О.С-Э, М.М нарын Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Даланжаргалан сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх, хэрэглэсэн эмийн хуудас, яаралтай тусламжийн хуудас, Компьютерт томографийн оношлогоо, Амбулаториар эмчлүүлэгчийн картууд, мөн хохирогч М.М, иргэний нэхэмжлэгч О.С-Э нараас гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн баримтууд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч Х.Ө-О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх ба гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол төлбөрийн талаар;
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Мд 1.133.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч О.С-Э-д 1.800.000 төгрөгийн хохирол тус тус учирсан талаарх нотлох баримтыг мөрдөн байцаалтын шатанд гаргаж, хэрэгт хавсаргуулсан байх ба шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь “...шүүгдэгчийн ар гэр, ахуй амьдрал, эрүүл мэндийн байдал зэргийг нь харгалзан нэхэмжлэлийн шаардлагаа багасган хохирогч М.М 1.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О.С-Э 1.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн болно.
Иймээс шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Ө-О-оос нийт 2.500.000 төгрөг гаргуулж хохирогч М.М-д 1.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О.С-Э-д 1.500.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Харин иргэний нэхэмжлэгч “ЖТК” ББСБ-ын төлөөлөгч М.Цэнд-Очир шүүхийн хэлэлцүүлэгт “...барьцаа хөрөнгөд учирсан хохирол болох 8.109.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү.” гэсэн шаардлага гаргасан бөгөөд “Тоёота приус 20” маркийн 05-63УНЦ дугаартай суудлын автомашин нь “ЖТК” ББСБ-ын өмчлөлд бүртгэлтэй бөгөөд “ЖТК” ББСБ иргэн Д.Мөнгөнсувд нарын хооронд зээлийн гэрээ болон фидуцын гэрээ байгуулагдсан байна.
Иргэний нэхэмжлэгч “ЖТК” ББСБ нь үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготойгоор фидуцын гэрээг байгуулсан бөгөөд зээлдэгч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэхгүй бол зээлдүүлэгч тухайн хөрөнгийг өөрийнхөө өмчлөлд тэр чигт нь авах боломжтой байдаг.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул “ЖТК” ББСБ нь шүүгдэгчээс “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан, “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №8728/ДД№18514100 дугаартай үнэлгээний тайлангаар тогтоогдсон 8.109.000 төгрөгийн хохирлыг шаардах эрхгүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Х.Ө-О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Ө-О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргасныг,
харин шүүх шүүгдэгч Х.Ө-О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар түүний хувийн байдал, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар;
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н баян овогт Х-ийн Ө-О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н баян овогт Х-ийн Ө-О-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Ө-О-ын орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Ө-О-оос нийт 2.500.000 төгрөг гаргуулж хохирогч М.Мд 1.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О.С-Э-д 1.500.000 төгрөгийг тус тус олгож, иргэний нэхэмжлэгч “ЖТК” ББСБ-ын нэхэмжилсэн 8.109.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Ө-Оод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ