| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2021/0026/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/38 |
| Огноо | 2021-01-27 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Д.Батзаяа,
Шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***********холбогдох эрүүгийн 2138000000027 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын төвийн авто зам дээр 2021 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч ***********хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй улмаар албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *********** нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын төвийн авто зам дээр 2021 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч ***********хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй улмаар албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000027 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Миний буруу гэдгийг ойлгож байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч ***********мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хэсгийн цагдаа, ахлагч Г.Энхбаатарын хамт Рашаант сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр төв замаар явж байхад бид хоёрын зүүн талаар цагаан өнгийн суудлын авто машин ойрхон хурдтай өнгөрөөд явж байснаа эргээд давхиад ирээд хальт зогсоод урагшаа дахиад яваад 30 орчим метр яваад буцаж эргээд машины урд ирээд зогссон. Тэгэхээр нь би жолооч талаар нь очоод хаалгыг нь татаж үзэхэд хаалга нь цоожтой онгойхгүй байсан. Тэгэхээр нь урд шилээр нь царайг нь харах гээд машины копудан дээр нь дараад шагайгаад хартал машин гэнэт урагшаа хөдлөөд 20-иод метр орчим яваад би шидэгдээд унасан...*********** гэх залуу надаа гуйж миний эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд гарсан 780.000 төгрөгийн зардлыг төлж барагдуулсан. Миний хувьд одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23-р хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8, 10-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 11,15-16-р хуудас/,
Иргэний хариуцагч ***********мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...67-67 УНЗ улсын дугаартай Карина маркийн машины бичиг баримт нь миний нэр дээр байдаг. Гэхдээ жинхэнэ эзэмшигч нь *********** байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
Гэрч ***********мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр намайг гэртээ байж байхад хэсгийн цагдаа ахлах ахлагч *********** орж ирээд намайг машин мөргөөд зугтаачихлаа гэсэн. Хэсгийн цагдаа ***********, ахлагч Энхбаатар нар машиных нь түлхүүрийг авчихлаа хэл амаар доромжлоод болдоггүй тэнд нь орхиод ирлээ. Та очих уу гэхээр нь байгаа газарт очих гээд гартал зөрчил гаргасан. *********** гэх залуу өөрөө алхаад ирсэн. Тэгэхээр нь ***********ыг цагдаагийн кабонд оруулж болсон асуудлын талаар асуухад юу ч дуугарахгүй байсан ба согтолтын зэргийг драгер багажаар шалгахад 1.31 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
Гэрч ***********мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Рашаант сумын төв замаар ертөнцийн зүгээр хойд зүгт чиглэлтэй алхаж явахад өөдөөс цагаан өнгийн суудлын автомашин хурдтай ирээд хажуугаар зөрөөд өнгөрсөн. Бид хоёрын хажуугаар өнгөрсөн машин 20 орчим метр яваад буцаж эргээд мөн бид хоёрын хажуугаар шүргэн алдаад хаазлаад өнгөрсөн. Тухайн үед бид хоёр энэ одоо яагаад байгаа юм бол согтуу байгаа юм болов уу гэж яриад явж байтал буцаж ирээд бид хоёрын хажууд ирээд хальт зогссон. Энэ үед ахлах ахлагч *********** жолоочийн талаар нь очоод машинаа бүрэн зогсоогоорой хаалгаа онгойлго гэж шаардлага тавиад урд талынх нь салхины шилээр нь харахад жолооч хаазаа нэмээд хөдөлсөн. Улмаар *********** машины шил арчигчийн орчмоос зүүгдээд 30 орчим метр газар копудан дээр нь явж байгаад үсэрч буусан...ингээд *********** хэсгийн төлөөлөгч Хуншагайд мэдэгдээд төлөөлөгчийн машинаар араас нь явахад сумын төвийн урд хэсэгт байрлах гүүрний цаад талд нөгөө авто машин зогсож байсан. Бид хоёр явж очоод жолооч та яаж яваад байгаа юм, та согтуу байна, хүн дайрч аллаа шүү дээ гэхэд машины хүрдэн дээр сууж байсан залуу ***********г заамдаад авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
Гэрч ***********мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цагийн орчим намайг гэртээ байж байхад ***********, Даваасүрэн нар ***********ын машинтай манайд очсон. Тэр хоёр ирэхдээ архи уучихсан байсан ба тэр хоёрыг ирэх үед Шагай гээд манай хуурай дүү манайд байж таарсан. Тэгээд тэр гурав ***********ын машин руу орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,
Гэрч ***********мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр намайг өөрийн найз Эрдэнэбилэгийнд байхад нутгийн ах ***********, дүү Даваасүрэн нар *********** ахын машинтай ирсэн. Тэр хоёр ирэхдээ 1 шил архи, 2 ширхэг том пиво авч ирсэн. Тэгээд авчирсан архи пивыг нь *********** ахын машин дотор сууж байгаад ууцгаасан. Тэгээд би тасраад уначихсан байсан. Нэг сэрсэн чинь хүмүүс том том дуугараад байхаар нь машинаас буугаад харахад 2-3 цагдаа ирчихсэн гүүрний доор оччихсон зогсож байсан. Миний хувьд машины арын суудал дээр унтаж явсан болохоор юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,
Гэрч ***********мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цагийн орчим *********** ах хоёулаа ганц, хоёр шил юм уух уу гээд Гүрээ гуайн дэлгүүр орж 3 ширхэг том пиво авсан...Сүүлд дахин нэг шил архи, нэг пиво уусан гэсэн. Үүнийг санахгүй байгаа. Намайг *********** ахын машины урд суудал дээр сууж явахад гэнэт жолоочийн хажуугаас нэг юм орж ирээд машины урд хамар дээр гарчихсан. Тэгсэн *********** ах хурдаа нэмсэн чинь тэр хүн уначихсан. Тэгээд цааш жаахан яваад зогсохоор нь юу байсан бэ гэхэд *********** ах сумын цагдаа байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 43 дугаартай дүгнэлт
1. ***********биед зүүн ташаа, зүүн шуунд зулгаралт, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байх боломжтой.
3. ***********биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 47-р хуудас/,
Шүүгдэгч Ц.Энхтуяагийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Рашаант сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн хуулбар, 2020 оны малын А дансны хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61, 63-64, 66-67-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000000027 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *********** нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын төвийн авто зам дээр 2021 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч ***********хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй улмаар албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ***********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч ***********/хх-ийн 20-23-р хуудас/, иргэний хариуцагч ***********/хх-ийн 26-р хуудас/, гэрч ***********/хх-ийн 28-29-р хуудас/, гэрч ***********/хх-ийн 31-32-р хуудас/, гэрч ***********/хх-ийн 34-р хуудас/, гэрч ***********/хх-ийн 36-37-р хуудас/, гэрч ***********/хх-ийн 39-40-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8, 10-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 11, 15-16-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 43 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг шүүгдэгч *********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч *********** нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *********** нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *********** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Шүүгдэгч нь ам бүл 2, эхийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг
түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138000000027 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ***********ын №1146593 дугаартай В,С ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***********т буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138000000027 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 64-47 УНЗ улсын дугаартай Тоёото Карина маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч ***********ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч ***********т хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 2138000000027 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ***********ын №1146593 дугаартай В,С ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***********т буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн 64-47 УНЗ улсын дугаартай тоёото Карина маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР